Шууд Chart

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2019-11-09 06:59:59

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм. 

Төсвийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, дараах санал, дүгнэлтийг гарган УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж байгаагаа дурдав. Тухайлбал, Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих санг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөө аж ахуйг дэмжих сан гэсэн 2 тусдаа сан болгон, өөрчлөн зохион байгуулахыг дэмжиж, энэ чиглэлээр холбогдох өөрчлөлтийг нэмж тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулах асуудлыг Хөдөө аж ахуйг дэмжих сан хариуцан гүйцэтгэх тул эдгээр хуулиудыг хууль санаачлагчид нь буцаах саналыг танилцуулсан юм. Засгийн газрын тусгай санг шинээр байгуулахад тавигдах шаардлага, татан буулгах хууль зүйн үндэслэлийг нэмж тусгах шаардлагатай гэж үзсэн байна. 

Сан байгуулах, татан буулгах хууль зүйн шалгуур, зорилго, үндэслэл журам ойлгомжгүйгээс түүнийг байгуулах, татан буулгахад байгууллага, албан тушаалтны субьектив хандлага нөлөөлдөг, цаг үеийн шинжтэй, тооцоо судалгаагүй ханддаг, энэ нь сангийн удирдлага, хяналт сул, хөрөнгийн үр өгөөж муу байхад нөлөөлж байна гэж үзжээ. Санг шинээр байгуулахад хэд хэдэн шаардлага тавигдах бөгөөд үүнд сангийн эх үүсвэр тодорхой байх, улсын төсвийн хөрөнгөөс бусад эх үүсвэрээр бүрдүүлсэн байх, тогтвортой үйл ажиллагаа явуулах, тухайн жиглийи төсөвт хөтөлбөр хэлбэрээр тусган хэрэгжүүлэх боломжгүй байх гэсэн нөхцөлийг тусгажээ. Мөн санг татан буулгахад хэд хэдэн үндэслэл бүрдсэн байхыг шаардах бөгөөд түүнд сан анх байгуулагдсан зорилгоо биелүүлсэн, өөрчлөн зохион байгуулсан, үйл ажиллагаа нь үр ашиггүй болох нь тогтоогдсон, хууль тогтоомж зөрчсөн зэрэг тохиолдлуудыг заасан байна. 

Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлд байгалийн нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт хуваарилахаар заасан тул түүнд нийцүүлэн төслийн 7.2.2 дахь заалтыг хасах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн сангийн хөрөнгийн удирдлагыг сайжруулах зорилгоор зээл олгох шалгуурыг нэмэгдүүлэн тогтоох саналыг Төсвийн байнгын хороо дэмжсэн гэлээ.  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үг хэллэг, хэл найруулгыг сайжруулах, нэр томьёог жигдлэх, бусад хуульд нийцүүлэх, хууль зүйн техникийг хангуулах чиглэлээр найруулгын зохих засвар өөрчлөлтийг тусгах саналыг хамтад нь оруулж байгааг Б.Баттөмөр гишүүн танилцуулсан юм. 

Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул Төсвийн байнгын хорооноос нэгтгэн ирүүлсэн саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Төслийн 5.3 дахь хэсэгт “5.3.5. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан; 5.3.1 Э.Хөдөө аж ахуйг дэмжих сан.” гэсэн агуулгатай заалт шинээр нэмж, дугаарлалтыг өөрчлөхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 81.4 хувийн саналаар дэмжив. Мөн “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан” гэсэн 15 дугаар зүйлийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” гэсэн 16 дугаар зүйл болгон өөрчлөхийг, төслийн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” гэсэн 16 дугаар зүйлийн 16.1 хэсгийг “16.1.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зориулалттай байна.” хэмээн  өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжсэн. Ийнхүү Төсвийн байнгын хорооны хуралдаанаас бэлтгэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлсэн юм. Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.


Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй