Шууд Chart

Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ

2019-11-11 12:17:14

Дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гамшиг ослын тохиолдол нэмэгдэж, түүний улмаас хохирогчдын тоо өссөөр байна. Тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд гамшигт илүү их өртдөг.

Тухайлбал, гамшиг, ослын үед охид, эмэгтэйчүүдийн амь насаа алдах нь эрэгтэйчүүдээс 14 дахин их байна гэсэн статистик тоо хөгжиж буй 141 оронд явуулсан судалгаанд дурдагдсан байна.

Түүнчлэн “Эмэгтэйчүүдийг аливаа гамшиг, ослоос түргэн зугатахад нь орон байрны эмзэг нөхцөл, нийгмийн тэгш бус байдлаас гадна асран халамжлах үүргүүд нь хамгийн их саад болж, сөрөг нөлөө үзүүлдэг байна. Мөн эрх тэгш байдал, эдийн засгийн эрх мэдэл эмэгтэйчүүдэд бага  байдаг” талаар Азийн хөгжлийн банкны зөвлөх онцолж байлаа.

Тиймээс Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийн удирдлага, жендэрийн мэдрэмжтэй хууль эрх зүйн орчин, бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Онцгой Байдлын Ерөнхий Газар, Жендэрийн Үндэсний Хороо, Азийн Хөгжлийн Банк хамтран “Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийн удирдлага, жендэрийн мэдрэмжтэй бодлого, хууль эрх зүйн орчин” сэдэвтсургалт семинарийг зохион байгуулж байна.

Сургалт семинар хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, нийслэлийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төвийн 40  орчим алба хаагч хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ  
Үзсэн: 98 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй