Шууд Chart

Д.Төрсүлд: Илүү их хичээх хэрэгтэй юм байна гэдгийг л ойлгуулсан

2019-11-13 11:48:21

Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Мэргэжлийн аврагч” тэмцээний энэ жилийн “Шилдэг аврагч”-аар НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын аврагч, ахлагч Д.Төрсүлд шалгарсан юм. Алба хаагчдын мэргэжлийн  ур чадвар, тэсвэр хатуужлыг сорьдог энэхүү тэмцээнд тэрээр гуравдахь удаагаа оролцож, багийн дүнгээр дараалан алтан медаль хүртсэн. Онцгой байдлын байгууллагатай ажил, амьдралаа холбоод гурван жил орчим болж байгаа залуу үеийн төлөөлөл түүнтэй ярилцсан цөөн хормыг хүргэж байна.

 -Аврагчдын хүсэн хүлээдэг, ур чадвараа харуулахыг зорьдог тэмцээн бол “Мэргэжлийн аврагч” тэмцээн байдаг.  “Шилдэг аврагч” болж, хамт олноо манлайлсанд баяр хүргэе?

 Баярлалаа. Мөр зэрэгцэн алба хааж байгаа аврагч нараасаа шилдгээр шалгарсандаа баяртай байна. Анх Онцгой байдлын байгууллагад ажилд ороод удаагүй л энэ тэмцээнд орж байлаа.

– “Мэргэжлийн аврагч” тэмцээний ач холбогдлыг юу гэж хардаг вэ?

– Аврагч хүний ур чадварыг тодорхойлдог тэмцээн. Тэмцээн жилээс жилд өргөжиж, оролцогч аврагчдын хувьд залуужиж байгаагаас гадна маш их өрсөлдөөнтэй болсон байна. Энэ бол аврагч нарын ажил, мэргэжлийн мэдлэг дээшилж, ур чадвар нэмэгдэж байгаатай холбоотой юм. Нөгөө талаар тэмцээний үеэр  гаргасан алдаагаа ойлгож, цаашид анхаарах, өөрийгөө үнэлэх том шалгуур болдог.

-Таны хувьд Онцгой байдлын байгууллагын залуу боловсон хүчнүүдийн төлөөлөл. Энэ албыг сонгох болсон шалтгаан юу байв?

 Товчхондоо, миний мөрөөдөл.  Би Увс аймгийн Завхан суманд төрж, өссөн. Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн алба хааж байлаа. Цэргийн албаа хааж ирээд мөрөөдлөө биелүүлэхээр Онцгой байдлын сургуулийн Ахлагчийн сургуульд суралцсан даа. Сургуулиа төгсөөд 2017 оны 06 дугаар сард  нийслэлийн Аврах анги 105-д томилогдон ажиллаж байна.

-Мөрөөдөх нэг өөр. Түүнийгээ ажил, хэрэг болгох  бас нэг өөр шүү дээ. Анх ажилд томилогдоод дуудлагад гаргахад төсөөлж байснаас чинь хэр ялгаатай байсан бэ?

Манай ангийн хувьд нийслэлийн хэмжээнд тохиолдож байгаа бүх төрлийн дуудлагад үүрэг гүйцэтгэдэг. Анхны дуудлага зам тээврийн ослын дуудлага байсан. Дуудлагаар очиход гэр бүлийн 4 хүний 2 нь нас барчихсан байдалтай. Сэтгэл өвтгөсөн тийм л дүр зураг угтсан. Танд ч төсөөлөгдөж  байгаа байх. Тэр аврах ажиллагаанаас л маш олон зүйлийг суралцсан. Аврагч ах нарын маань хамтын ажиллагаа, чин сэтгэл үнэхээр бахархам. Түүнээс хойш олон ч дуудлагад очиж, үүрэг гүйцэтгэсэн байна. Аливаа зүйлд сэтгэлзүйн бэлтгэлтэй байх ёстой. Миний хувьд багаасаа мал маллаж өссөн болохоор нэлээд хэрсүүд талдаа. Бас заасан зүйлийг нь амархан сурчихдаг зан чанар, мөрөөдөл минь намайг ухраагаагүй. Харин ч илүү их хичээх хэрэгтэй юм байна гэдгийг л ойлгуулсан даа.

-Сэтгэл, зүтгэлийн хослолоор аюулыг даваад гардаг байх. Энэ үг аврагч нарын мэргэжлийн онцлогийг тодорхойлох болов уу?

 Тийм шүү. Хэдийгээр тэсвэр, тэвчээр, зориг, ухаан шаарддаг ч сэтгэлгүй бол хэзээ ч амжилт олохгүй. Өөрөөр хэлбэл зорьсон зорилго, өргөсөн тангарагтаа эзэн нь байж, аврал эрсэн хэнд ч гэсэн чин сэтгэлээсээ туслах зориг зүрхтэй байх ёстой. Залуу хүний хувьд албандаа үүрэг гүйцэтгээд удаагүй байгаа аврагчийн хувьд ийм л дүрмийг баримталж ажиллахыг хичээдэг. Бусдад бид дахин амьдрал бэлэглэдэг. Үүнтэй адил миний амьдралд ч нэгэн шинэ түүх бичигдэж байгаа. Тийм болохоор юу юунаас илүү алба, ажлаа л гэдэг дээ.

Ажил, албаа бахархал болгосон хүний зорилго мохохгүй байх аа?

–  Баярлалаа. Нэг талаар өөрөө дурласан болохоор. Нөгөө талаар хүний төлөө гэсэн сэтгэл, зүтгэлийн хүмүүжлээр хувь хүн би өөрөө хөгждөг. Амьдралыг өөрөөр харах тийм боломжийг олгодог учраас бахархахгүй байхын аргагүй шүү дээ. Амьдралыг өөрөөр харна гэдэг нь хүн байхын л утга учир. Хийсэн, бүтээсэн гавьяа минь аварч, хамгаалсан хүн бүрийн ерөөлийн үгс  гэж ойлгодог учраас албаныхаа нэр төрийг өндөрт өргөсөн шилдэг аврагч болохын төлөө ажиллаж байна. Мөрөөдөөд, зориод албаныхаа нэг эд эс болсон. Эндээс ухрах зам үгүй шүү дээ. Тийм болохоор ах нарыхааа заасан зүйлийг нь хурдан сурч, байнгын бэлтгэл сургуулилт хийж, өөрийгөө бүх талаар хөгжүүлэхийг зорьж байна. 

-Тэгвэл амьдралын утга учрыг тодорхойлооч?

Төрүүлж өсгөсөн аав, ээж, амьдралынхаа баяр бахдал, зовлон, жаргалыг хуваалцдаг хань ижил. Гэр бүл тогтвортой, бие биенээ ойлгодог, дэмждэг байвал ажлаа хийх хамгийн том тулгуур гэж ойлгодог.

 -Тийм шүү. Үүний үр дүнд та ар гэртээ санаа зовохгүй ажил, үүргээ гүйцэтгэдэг байхдаа?

Албанд орохоосоо өмнө танилцаж байсан болохоор ажил, мэргэжлийг минь их дэмжинэ ээ. Гэр бүлийн дэмжлэг, хамт олны нэг нэгнээ гэсэн сэтгэл  ажлаа хийх эрч хүчийг өгдөг шүү дээ.  Ам бүл гурвуулаа.  Охин маань 2 настай. Ажил, ажил гэж явсаар охинтойгоо өнгөрүүлэх цаг багатай. Зав л гарвал охинтойгоо байхыг л илүүд үздэг болчихдог юм байна. /инээв/

–  Баярлалаа. Авран хамгаалах их үйлсэд нь амжилт хүсье?

 Энэ дашрамд нийслэлийн аврах анги 105-ын удирдлага, хамт олондоо 50 жилийн ойн баярын мэнд хүргэе.  Үргэлж урам, зориг хайрлаж,  шинэ залуу үеэ бэлтгэж, сургаж, дадлагажуулж байдагт баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхнийхээ итгэлийг алдалгүй үүрэгт ажлаа сайн биелүүлэхийн төлөө  илүү их хичээх болно. Онцгой гэдэг нэрээр овоглодог олон олон аврагчдын минь бодол бүхэн биелж, сэтгэл бүхэн  гэрэлтэй байхыг хүсэн ерөөе.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин


Д.Төрсүлд: Илүү их хичээх хэрэгтэй юм байна гэдгийг л ойлгуулсан  
Үзсэн: 186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй