Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2019-11-13 13:01:46

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

-  “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хоёр улсын төрийн тэргүүн дээрх гэрээнд 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан юм.

-  “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай протокол”-ыг батлав.

-  Монгол Улс, БНЭУ-ын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Газрын тос боловсруулах үйлдвэр барихад нэмэлт 236 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоог БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” компани гаргасан. Зээлийн хугацаа 20 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, жилийн 1.75 хувийн хүүтэй байх юм.

-  Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хүрээнд 2020-2024 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын 19 төслийг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэхийг сайд Н.Цэрэнбат, Ч.Хүрэлбаатар нарт даалгав.

-  “Дипломат албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Прагвай Улс хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Ингэснээр иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 90 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих юм.


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 1067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй