Шууд Chart

Б.Сүхбаатар: Дөрвөн га газар чөлөөлөхөөр гэрээ байгуулсан айл өрхүүд шууд орон сууцанд орно

2019-11-13 13:04:25

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх зарчмаар газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулахаар болсон. Энэ талаар  “Нийслэлийн орон сууцны корпораци” компанийн захирал Б.Сүхбаатар МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн “Зочны цаг”-т оролцож мэдээлэл өглөө.

-Нийслэлийн иргэд газраа орон сууцаар солих зарчмаар газар чөлөөлөлтийн ажилд сайн дураараа оролцох талаарх мэдээлэл сүүлийн жилүүдэд яригдаж байсан. Энэ талаар ерөнхий мэдээлэл өгөөч?

-Бид гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг олон талаас нь судалж, ажил хэрэг болгож байна. Улаанбаатар хотын зургаан дэд төв, Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулан барилгажуулах төслийн  19 байршлын хамгийн багадаа дөрвөн га-гаас багагүй талбарт иргэд нэгдэж хүсэлтээ өгсөн тохиолдолд  гэр хорооллын газраа орон сууцаар солих ажил хэрэгжүүлэх гэж байна. Иргэдийг шууд орон сууцанд хамруулах, гэр хорооллын газрыг нэг удаад хамгийн багадаа дөрвөн га-гаар чөлөөлөх зорилготой. Чөлөөлсөн газарт дараагийн орон сууцны хөтөлбөр хэрэгжинэ. Ингэхдээ дэд бүтэц буюу халаалт, дулааны байгууламж, сургууль, цэцэрлэг, авто зогсоол зэргийг цогцоор нь шийдэх зорилготой.

Газар чөлөөлтөд хамрагдаж буй байршилд гэр хорооллын 20477 нэгж талбарт өртөж байгаа. Дунджаар 70-120 өрх нэгдэхэд дөрвөн га орчим талбайг болно. Тухайн иргэд хүсэлтээ өгсний дараа зах зээлийн үнийн судалгаа хийлгэсний ард иргэдтэй тохиролцон газрыг нь чөлөөлнө. Магадгүй газраа чөлөөлж буй иргэний үл хөдлөх хөрөнгө болоод газрын үнэлгээ орон сууцны төлбөрт бүрэн хүрэхгүй тохиолдолд үлдэгдлийг таван жилийн хугацаанд найман хувиас илүүгүй хүүтэйгээр төлөх бололцоогоор хангаж өгнө. Ипотекийн зээлийн хүрэлцээ муу байгаа энэ үед гэр хорооллын иргэдийг орон сууц авах таатай нөхцөл, боломжоор хангаж өгснөөр агаар, хөрсний бохирдлыг арилгаж, хотын шинэ төлөвлөлтийн эхлэлийг тавих зорилготой.

-Газар чөлөөлтөд хамрагдах 19 байршил болоод нэгж талбарыг ямар шалгуураар сонгосон бэ?

-Чөлөөлсөн газарт инженерийн дэд бүтэц татна. Зарим газарт тухайлбал, уулын орой руу инженерийн дэд бүтэц татахад асар өндөр зардал гарна. Тиймээс хурдан хугацаанд орон сууц барих боломжтой талбаруудыг эхний ээлжид сонгосон. Мөн Улаанбаатар хотод Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Шар хад зэрэг зургаан дэд төв барихаар төлөвлөсөн. Үүнээс Баянхошуу, Сэлбэд орон сууц шууд барихад шаардагдах инженерийн бүтэц хангалттай хэмжээнд бий.

Үүнээс гадна гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамруулах 19 байршлыг иргэдэд орон сууц шууд олгох хөтөлбөртөө багтаасан. Газрыг орон сууцаар солих байршилд Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 7, 8 , 9 , 10, 28 дугаар хороо,  Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай, Баянхошуу дэд төв, Чингэлтэй дүүрэг 9,10,11, 14, 18 дугаар хороо, Дэнжийн 1000 орчим В хэсэгчилсэн талбай, 39 дүгээр сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай, Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо,  Сэлбэ дэд төв. Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12, 16, 17 дугаар хороо, Дамбадаржаа дэд төв, Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хороо, Дэнжийн 1000 дэд төв, Баянзүрх дүүргийн 2, 4, 9, 12, 13, 14, 17, 19, 24 дүгээр хороо, Шар хад дэд төв, Мамба дацан, Чулуун овооны тойргоос Дотоод хэргийн их сургууль орчмын талбай багтаж байгаа.  Энэ 20477 нэгж талбараас эхний ээлжид 10 хувийг нь газар чөлөөлтөд хамруулна. Гэхдээ иргэд өөрсдөө 100 хувь сайн дураараа нэгдэж, “Нийслэлийн орон сууцны корпораци”-д хүсэлтээ өгснөөр дараа дараагийн судалгааны ажил хийгдэнэ. Тухайлбал, дэд бүтэц татах ажил хийгдэх явцад нэг эсвэл хоёр өрх газраа чөлөөлөөгүй тохиолдолд ажил саатна.

Жишээлбэл, Гэр хорооллын дахин төлөвлөлтийг 2013 онд зарласан. Гэтэл нэг л орон сууц барьсан, ганц ч орон сууц бариагүй дахин төлөвлөлтийн компаниуд бий. Таван айлын газар чөлөөлөөд 100 айлын орон сууц барьсан ч дэд бүтэц хүрэлцээтэй бус байдал байгаа. Тиймээс дэд бүтэц нь хүрэлцээтэй орон сууцны хороолол, хотхоныг хамгийн багадаа дөрвөн га талбайд төлөвлөж байгаа гэж ойлгож болно.

-Нийт 20 мянга орчим өрхөд газраа орон сууцаар дүйцүүлж солих боломж байгаагаас эхний ээлжид хэдэн айл орон сууцанд орох вэ?

-1000 орчим өрхийг орон сууцад оруулахаар зорьж байна.

-Иргэдийн газрын үнэлгээг хэрхэн тогтоох вэ?

-Үнэлгээний компаниудаар иргэдийн газар, тухайн газарт байгаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг гаргуулна. Уг үнэлгээний үндсэн дээр иргэдийг хохироохгүйгээр зах зээлийн үнээр үнэлж, орон сууцанд оруулна. Хэрвээ тухайн иргэн 200 сая төгрөгийн үнэлгээ бүхий газар, объекттой 100 сая төгрөгийн орон сууцанд орох бол харилцан тохиролцож, зөрүү мөнгийг олгоно. Одоогийн байдлаар байгаа эх үүсвэртээ тохируулж төслөө эхлүүлсэн. Цаашдаа энэ ажил эрчимтэй явагдана. Дараагийн төлөвлөлт, санхүүжилт босгох ажил эрчимтэй явагдаж байна.

-Газар чөлөөлөлтийн зарчмаар гэр хорооллын бүх өрх айлыг орон сууцжуулах боломж бий юу. Энэ төсөл хэдий хугацаанд хэрэгжихээр төлөвлөв?

-Гадны хөгжиж буй хотууд иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх, ажил орлоготой өрх айлын тоог ихэсгэх зорилгоор орон сууцжуулах бодлогоо явуулж байна. Бид судалгаа хийсний үндсэн дээр гадны хотуудын сайн жишгийг нутагшуулж байгаа. Хөгжиж буй хотын ихэнх иргэд энгийн бөгөөд түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй байдаг. Манайд иргэд үл хөдлөх хөрөнгөтэй болох, түүнийгээ үр хүүхдэдээ өвлүүлэх зорилго тээдэг. Энэ онцлогт тохируулан төслөө хэрэгжүүлж байгаа.

Мөн бид “Буянт-Ухаа 2” орон сууцыг бариад иргэдэд хүлээлгэж өгөхдөө шинээр нүүн ирж буй өрхийг орлоготой байлгах тал дээр анхаарч ажилладаг. Тухайлбал, эцэг, эхчүүдэд ажил хийх боломж нөхцөлийг бүрдүүлж, хүүхдийн цэцэрлэг байгуулахаас гадна тухайн хотхонд ойр ажлын байр гаргаж өгөх тал дээр анхаарч ажилладаг.

. Энэ бүх өрхийг хэдий хугацаанд орон сууцжуулах вэ гэхээсээ илүү зарим өрхийг инженерийн дэд бүтцэд холбож, хашаандаа сайхан амьдрах боломж бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор Морингийн даваа, Баянголын ам зэрэг газарт шинэ суурьшлын бүс бий болгох зорилгоор орон сууцны хороолол барихад анхаарч ажиллаж байгаа.

-Газраа чөлөөлж орон сууцанд орох хүсэлтэй иргэдэд хүсэлт гаргах хугацаа заасан уу?

-Тэр хугацаанд хүсэлтээ гарга гэж заагаагүй. Ямартай ч иргэдэд газраа чөлөөлж, орон сууцанд хамрагдах боломж бүрдсэн талаар мэдээлэл хүргэж эхэлсэн. Цаашид дээр дурдсан талбаруудын иргэдээс хүсэлт ирсээр байвал хөрөнгө оруулалтын асуудлаа шийдээд Орон сууцжуулах хөтөлбөрийн дагуу газар чөлөөлөх ажил үргэлжилнэ. Ялангуяа зургаан дэд төвийн айл өрхийн хувьд нээлттэй.

-Банкны найман хувийн зээлийг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Одоо байгаа санхүүгийн эх үүсвэрийн хүрээнд иргэд зөрүү төлбөрөө тодорхой хугацаанд эргэн төлөх зарчмаар зохицуулж байгаа. Ямартай ч эргэн төлөх мөнгөний хүүг найман хувиас хэтрүүлэхгүй гэсэн зарчим баримтална.

Санхүүгийн эх үүсвэрээ гадна, дотны донор байгууллагаас авахаас гадна Хөгжлийн банктай хамтарч байна.

-Иргэд хүсэлтээ хэрхэн гаргах вэ?

-Газар чөлөөлтөд хамрагдах иргэдэд очиж сургалт явуулж байгаа. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн тухайн хороо, хэсгийн ахлагч нарт мэдээлэл өгөх зорилгоор сургалт мэдээлэл түгээж эхэлсэн. Энэ долоо хоногоос иргэдэд мэдээлэл хүргэж байна. Мөн иргэд хүссэн үедээ “Нийслэлийн орон сууцны корпораци”-ас асууж тодруулах боломжтой. Аль талбарт байгаа айл өрх хамрагдах боломжтой талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл хүргэж эхэлсэн.

-Газраа чөлөөлсөн иргэд орон сууцандаа хэзээ орох вэ?

-Орон сууц бэлэн, шууд орно. Дөрвөн га талбар газар чөлөөлөхөөр нэгдэж, бүх өрх айл 100 хувь зөвшөөрч, гэрээ байгуулсан бол орон сууцандаа шууд орох боломжтой.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Б.Сүхбаатар: Дөрвөн га газар чөлөөлөхөөр гэрээ байгуулсан айл өрхүүд шууд орон сууцанд орно  
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-18 17:18
nosk ehleed tureesin ailuuda oruulj duusgachee
Зочин [127.0.0.xxx] 2019-11-15 12:43
6 ded tovd bagtaj bga ail orhoos gazartaa vldeh sonirholtoi ailuudad shugam tatah bolomj bii yu

Бидэнтэй нэгдээрэй