Шууд Chart

"Таван толгой түлш" ХХК зардал хэмнэх шинэ техник нэвтрүүллээ

2019-11-14 12:27:30

Төрийн өмчит Таван толгой түлш ХХК-ийн авто бааз нээлтээ хийж, сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох медлингийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар чиглэлд Монгол Улсын стандартын шаардлага хангасан шинэ автомашинаар тээвэрлэхэд бэлэн боллоо.

Авто баазын нээлтэд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Гантулга, Таван толгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар, Эрдэнэс Таван толгой ХК-ийн Хяналт шалгалтын хэлтсийн дарга Х.Нурлат нар оролцов.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шат дараатай шийдвэрүүд гаргасны дагуу Таван толгой түлш ХХК байгуулагдаж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлснээс хойш хэрхэн үр дүнтэй байгааг онцлоод Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Эрдэнэс Таван толгой ХХК, Таван толгой түлш ХХК, тээвэрчид зэрэг энэхүү төсөлд гар бие оролцсон бүх хүнд талархал илэрхийллээ. Мөн тэрбээр тээвэрлэлтэд шинээр нэвтэрч буй автомашин нь Монгол Улсын стандарт шаардлагыг хангасан учир энгийн авто замаар тээвэрлэлт хийх боломжтойг дурдаад Таван толгой түлш ХХК-ийн автобаазын жолооч нарт шинэ авто машинуудын түлхүүрийг гардуулан өгч алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөлөө.

Таван толгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар бүхий л үед бодлогын хэмжээнд дэмжин ажилладаг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд болон энэхүү автомашиныг авахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Эрдэнэс Таван толгой ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлэв.

БНХАУ-д үйлдвэрлэсэн энэхүү Шакмен брэндийн F300 маркын автомашин нь 40 тоннын даацтай, 5 тэнхлэгтэй бөгөөд Монгол Улсын MNS4598:2011 стандартыг хангасан, өөрөө буулгагч тэвштэй ба энэ нь ковш, гар буулгагч зэргийг ашиглахгүй тул цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх сайн талтай аж. Дээрх тээврийн хэрэгслүүдийг холын тээвэрт явуулахаас гадна сайжруулсан шахмал түлшний үйлдвэрээс хангамжийн бааз, борлуулалтын цэгүүд рүү тээвэрлэлт хийх боломжтой юм байна.

Эх сурвалж: ЗТХЯ

 

 

 


"Таван толгой түлш" ХХК зардал хэмнэх шинэ техник нэвтрүүллээ   
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй