Шууд Chart

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2019-11-14 14:32:54

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.14) хуралдаан 78.7 хувийн ирцтэйгээр 10 цаг 45 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр танилцуулав.

Эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. 

Монгол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Улсын Их Хуралд 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2019 оны 08 дугаар сарын 28, 29, 30, 09 дүгээр сарын 4, 5, 6, 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр болон 11 дүгээр сарын 13-ны өдрүүдийн хуралдаанаараа Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24(7) дугаар зүйлийн 24(7).6 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үед Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт оруулсан Улсын дээд шүүхийн шүүгчийн болон Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт оруулсан Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа, шалгууртай холбоотой зохицуулалтыг тус тус төслөөс хассан тул Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн 3, 4, 5 дугаар зүйлийг төслөөс хасах, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой зохицуулалтын дагаж мөрдөх хугацааг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацаатай адил байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэн төслийн 2 дугаар зүйлийг төслөөс хасах, мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Д.Дамба- Очир, О.Содбилэг нар “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шиидвэрлэнэ." гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн байна. 

Байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулах үед Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалт буюу Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт УИХ-ын сонгуулийг олонхийн /мажоритар/ болон хувь тэнцүүлэх /пропорциональ/ зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө гэсэн агуулга бүхий 1, 2 дахь өгүүлбэр нэмсэнтэй холбогдуулан Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөлд “УИХ-ын сонгуулийг 2024 оны ээлжит сонгуулиас эхлэн олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна.” гэсэн зүйл нэмэх санал гаргажээ.

Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “УИХ-ын сонгуулийг 2020 оны ээлжит сонгуулиас эхлэн олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна.” гэсэн санал гаргасныг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.19 дэх хэсэгт “Төслийн нэг зүйл, хэсэг, заалтын талаар хоёр буюу түүнээс дээш саналын томьёолол гарсан тохиолдолд хамгийн эхэнд ирүүлсэн саналаар санал хураалт явуулахдаа зэрэгцээ саналыг танилцуулж санал хураалгах бөгөөд уг санал дэмжигдвэл бусад санал дэмжигдээгүйд тооцож санал хураалт явуулахгүй.” гэж заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд саналуудыг танилцуулж, эхэнд ирүүлсэн Ажлын хэсгийн саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тул УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан саналыг дэмжээгүйд тооцсон байна. 

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Х.Баделхан, С.Чинзориг, З.Нарантуяа, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан нараас хариулт, тайлбар авав. 

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлийг хасахыг хуралдаанд оролцсон 70 гишүүний 60 нь буюу 85.7 хувь, төслийн 3 дугаар зүйлийг хасахыг 84.3 хувийн саналаар, төслийн 4 дүгээр зүйлийг хасахыг 85.7 хувийн саналаар, 5 дугаар зүйлийг хасахыг 87.1 хувийн саналаар тус тус дэмжив.

Түүнчлэн “төсөлд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн, баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлнэ” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59 нь дэмжлээ.

Энэ үеэр хуралдаан даргалагчаас төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа бусад аймгийн төвийг хот болгох, тосгодын асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр оруулж ирэх чиглэлийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгсөн. Үүний дараа “Энэ хуулийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн нэмэхийг УИХ-ын 61 гишүүн дэмжсэн юм. Мөн “төсөлд УИХ-ын сонгуулийг 2024 оны ээлжит сонгуулиас эхлэн олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна гэсэн агуулгатай зүйл нэмэх”-ийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Төсөлд “4 дүгээр зүйл.УИХ-ын сонгуулийг 2020 оны ээлжит сонгуулиас эхлэн олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна.” гэж нэмэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй бөгөөд үүнийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 59 нь дэмжсэн юм. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ. УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы (2019.11.14) хуралдаан үргэлжилж байна.


Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй