Шууд Chart

Ц.Төгсжаргал: Адуутай хүн Хийморийн сан ч уншуулах шаардлагагүй

2019-11-15 11:07:48

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын адуучин эмэгтэй Ц.Төгсжаргалтай ярилцлаа. Тэрбээр газрын жигүүрт алтан туурайтыг хүүхдүүдтэйгээ адгуулж, сумынхаа Гонир багийн нутагт өнтэй сайхан өвөлжиж байна.

Зургаан азарга адуутай тэрбээр 30 унага осол эндэлгүй бойжуулснаар МҮОНРТ, ХХААХҮЯ-тай хамтран шалгаруулдаг “Алтан унага”-ны эзэн болж байжээ. Тэрбээр Улаанбаатар хотод төрж, 24 дүгээр сургуулийг төгссөн хэдий ч ажлын гарааг Хонгорын Сангийн аж ахуйд саальчнаар эхлүүлжээ. Харин 1991 оноос өнөөдрийг хүртэл хувиараа мал аж ахуй эрхэлж байна.

-Та сайхан өвөлжиж байна уу. Адуун сүрэг тарган тавтай байна уу?

-Сайхаан, сайхан өвөлжиж байна уу. Өнгөрсөн зун хур бороо элбэгтэй маш сайхан өнгөрсөн. Манай сумынхан ойрын хэдэн жил тийм сайхан зуныг үзээгүй. Намар ч налгар сайхан боллоо. Хүн, малын буян дэлгэрсэн жил болж байна даа.

-Та ханийнхаа үлдээсэн их өвийг хүүхдүүдтэйгээ залгамжилж, буянт сүргийг нь өсгөж явна. Ер нь эмэгтэй хүн адуутай ойр байхад ямар мэдрэмж төрдөг юм бэ?

-Монгол хүн, адуу хоёр их ойр амьтан. Тэр тусмаа эмэгтэй хүн дэлхийг ч бүүвэйлдэг болов уу. Би 18 настайдаа айлын бэр болж, хадмынхаа хурдан морины уяан дээр очих эрхгүй мэт санаж байлаа. Эмэгтэй хүн хурдан морины уяан дээр очдоггүй гэдэг болохоор тэр л дээ. Тухайн үед том хүүгийн маань аавын уясан морьд наадамд ихэвчлэн зургаад ороод байлаа. Гэтэл хадав аав “Миний охин уяан дээрээ очоод Таваг цагаан хээр морио уячих аа. Миний охин арай л хийморьтой доо” гэхээр нь би бөөн баяр гүйж очоод уясан. Тэр жил би удахгүй төрөх гэж байсан тул бүс бүслээгүй явж байсан чинь “Миний охин бүс бүслээрэй. Нөмгөн явж болдоггүй юм шүү” гэж анхааруулав. Ингээд төд удалгүй наадам болж, миний уясан тэр морь аман хүзүүдсэн. Тэр цагаас хойш би адууг шүтэж эхэлсэн. Түүнээс өмнө ч адуутай хүнтэй сууна гэж боддог байснаа нуухгүй. Мөрөөдөл биелдэг юм билээ. Том хүүхдүүдийн маань аав хүний ганц хүү, адуу малд хайртай. Уяж сойно ч гэж жигтэйхэн. Бага хүүгийн маань аав ч гэсэн адуутай хүн байсан. 49 настайдаа надтай гэр бүл болж, 50 насандаа нэг хүүтэй болсон. Одоо тэр хүү маань 20 настай. Надтай адуугаа маллаад сайхан амьдарч байна. Харамсалтай нь хүүхдүүдийн маань аавууд бурханы орон руу явчихсан.

-Эмэгтэй хүнийг хурдан морины уяан дээр очуулдаггүй гэдэг. Та үүнд ямар бодолтой байдаг вэ?

-Өрөөсгөл ойлголт. Морь унаж байгаа хүн хаанаас төрдөг юм. Морь уяж байгаа хүн хэнээс гардаг юм. Ээж хүнээс л мэндэлнэ шүү дээ. Тэгэхээр энэ бол буруу ойлголт. Эмэгтэй хүүхэд морь унахаараа илүү адтай ч байдаг. Эмэгтэй хүний цагаан цайлган сэтгэлийг адуу гэдэг амьтан таньж, илүү ойртдог ч байх. 20 хүрч байгаа хүүтэйгээ би адуугаа маллахдаа нэг ч адуу чононд бариулж үзээгүй. Зуданд ганц ч адуу үхүүлээгүй. Өнчин унага байсан ч тордоод л мал болгодог. Миний бага охин нэг унагыг “Сапу” ундааны шилэнд сүү хийж угжсаар байгаад мал болгосон. Тэгээд унагаа “Сапу” гээд нэрлэчихсэн.

-Таныг адуутайгаа ярьдаг гэх юм. Энэ үнэн үү?

-Үнэн. Манай нутгийн хоёр хуурай дүү намайг машиндаа суулгаад манай адуун дээр очсон юм. Тэгэхээр нь би тэдэнд “Би та хоёрт азаргатайгаа ярьж үзүүлье” гэсэн чинь “Нээрээ юу” гээд гайхаж байна. Тэгэхээр нь би азаргаа “Нааш ир ээ. Дондий унтаад адуундаа явахгүй байна шүү. Чи адуугаа сайн хараарай” гээд хүүгийнхээ нэрийг хэлтэл тэр азарга маань миний өмнө ирж намайг үнэрлэж, толгой дохьчихоод явсан. Тэр азарга бол Монгол Улсын манлай уяач Б.Содномцогийн араб азарганы төл юм. Дараа нь хүүгээ очуултал нэг тургиж, тангарчихаад яваад өгсөн. Үүнээс ажихад адуу гэдэг амьтан маш их ухаантайгаа илтгэж байгаа юм. Монгол хүнийг адуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол хүний хийморь, ажил төрөл бүтэмжтэй байх, өвчин зовлонгүй явах зэрэг бол адуутай л холбоотой. Эрдэнэт хүлэгтэй хүн Хийморийн сан ч уншуулах шаардлагагүй.  

-Та олон жил өрх толгойлж явжээ. Энэ хугацаанд хүүхдүүдээ ч сайхан асарсан байна. Ер нь адуу, хүүхэд хоёрыг зэрэг хүмүүжүүлж гэж хэлж болох уу?

-Бололгүй яах вэ. Манай хүүхдүүд, ач, зээ нараас нэг нь ч намайг хэлээгүй байхад тавган дээрээс чихэр самардаж авахгүй. Гэрт хүн ирсэн байхад “Ээж хүнтэй уулзаж байна. Тэр хүнийг явахаар нь оръё” гээд хүүхдүүд гадаа хүлээгээд зогсдог. Ийм л хүмүүжилтэй. Би таван хүүтэй. Том нь 40 настай. Тэдний нэг нь ч архи уухгүй. “Архийг ер нь 50 хүрээд тавьж уу, 60 хүрээд жаргаж уу, 70 хүрээд даналзаж уух ёстой” гэж боддог.

-Та дээр манлай уяач Б.Содномцогийн араб азарганы төл азаргатай гэж хэлсэн. Тэр адуу танд ямар төөргөөр ирэв ээ?

-Б.Содномцогийн араб азарганд би хоёр жилийн хугацаанд нэг сайхан гүүгээ хураалгаж, янзтай сайхан нэг унагатай болсон юм. Тэр унага маань одоо сайхан азарга болчихсон явж байна. Мөн 2018 оны намар энэ азарганыхаа гурван сайхан унагыг Завхан аймгийн малчдад тус бүр хоёр сая төгрөгөөр зарсан. Гэтэл өнгөрсөн зуны наадамд гурвуулаа айрагдсан гэсэн сайхан мэдээ дуулгасан. Нэг нь бүр шигшмэл хурд уралдаанд айрагдсан гэсэн шүү. Тэгэхээр миний адуунууд төрмөл хурдтай байгаа нь сайхан биз. Нохойн гөлөг 500 мянгаас сая төгрөг хүрдэг гэсэн биз дээ. Тэгэхээр Монгол адуу яаж ч бодсон илүү үнэтэй байх ёстой. Нэмж хэлэхэд, би өвлийн идэшний адуугаа өөр айл, аймгаас худалдаж авдаг. Өөрийнхөө өсгөж байгаа адуугаа хэзээ ч муулж, хүнсэндээ хэрэглэхгүй. Энэ бол маш их учиртай шүү.

Хүү Б.Довдонбат

-Таны адууны тамганы тухай яривал ...

-Манай адуу “Я” үсгэн тамгатай. Эдгээр адуу миний ханийн л үлдээсэн буян. Гэр бүлийн хүнийг маань Болд гэдэг Аймгийн арслан цолтой хүн байлаа. Түүний өвөг эцэг Янжив буурай гуайн буян л даа. Тиймээс манайх тэр буурлын нэрний эхний үсгээр тамганыхаа хэлбэрийг бүтээлгэсэн.

-Тэгвэл та Болд агсны тухай дурсана уу. Сайхан барилдаж явсан эр гэдэг ...

-Би ханийгаа ид барилдаж байх үед гал голомтоо бадраагаагүй байсан. 49 настайдаа надтай ханилж, дараа жил нь нэг хүүтэй болсон гэж дээр хэлсэн дээ. Миний хань надад нэг сонин түүх ярьсан юм.

-Нууц биш бол хуваалцаж болох уу?

-“Өмсдөг” хэмээн алдаршсан Дамдиндорж зааны тухай түүх л дээ. Манай хүн залуудаа үеийнхээ нэг бөх Дамдиндорж заантай хамт гурвуулаа айлд очиж хонохоор болжээ. Дамдиндорж зааныг баруун орон дээр унтуулах болоод өөрсдөө урд талд нь газарт хэвтсэн юм билээ. Гэтэл Дамдиндорж заан унтахгүй орон дээрээ суугаад байхаар нь манай хөгшин “Та унтахгүй яагаа вэ” гэсэнд “Манай хөгшин удахгүй амаржих гэж байгаа. Юу болж байгаа болж гэж санаа зовоод” гэхээр нь “Та хэд хүрч байгаа билээ” гэсэнд “Ах нь 50 хүрч байна аа” гэсэн гэдэг. Тэгэхээр нь хажуу талынхаа бөхтэй “Хөгширч байж хүүхэдтэй болох нь” гээд шоолсон байгаа юм. Гэтэл хожим өөрөө 50 насны босгон дээр удам угшлаа үргэлжлүүлж явах хүүтэй болсон. Миний өвгөн мундаг бөх байсан. Тийм гэдгийг нь би хүүгийнхээ гурван насны даахь үргээх ёслолоор анзаарсан юм. Учир юу гэвээс тэр найрнаар таван залуу согтуурхаад байхаар нь манай хүн яах ийхийн зуургүй бүгдийг нь газарт хэвтүүлчихсэн чинь нам болсон.

-Танай морьд улс, аймаг, сумынхаа наадамд олон удаа түрүүлж, айрагдан эзнээ баярлуулсан юм билээ. Та мартагдашгүй наадмаа дурсана уу?

-10 жилийн өмнө л дөө. Өвгөн маань мэнд байлаа. Би өвгөнийгөө “Чи Монгол Улсын алдарт уяач хүн байна даа. Сумынхаа наадамд нэг морь түрүүлгээч. Тэгэхгүй бол чамайг хэн алдарт уяач гэх юм бэ. Дандаа л том наадамд уралдаж байх” гэсэн чинь “Харин тийм. Миний хөгшин хамжаарай” гэдэг юм байна. Ингээд тэр жилийн наадмаар хүргэн дүү Хуягаагийн бор соёолон, өөрийнхөө Урт хошуут нэртэй хээр морийг уяв. Удалгүй наадам болж, морь гарах болоход би сэржим өргөж хоцров. Морь барианд ирэхэд хээр морь маань магнайдаа тоосгүй ирж, биднийг жигтэйхэн их баярлуулсан. Маргааш нь хүргэн Хуягаагийн бор соёолон түрүүлж, алдарт уяач гэдгээ олон түмэнд баталсан даа.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Төгсжаргал: Адуутай хүн Хийморийн сан ч уншуулах шаардлагагүй  
Үзсэн: 1399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй