Шууд Chart

С.Рагчаадорж: Сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарыг цэргийн бэлтгэл сургалтад хамрууллаа

2019-11-15 11:12:29

Батлан хамгаалах яам энэ онд 21 аймгийн сумдын ЗДТГ-ын дарга нартай цэргийн бэлтгэл сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэ талаар БХЯ-ны СБТГ-ын ОНХУДХ-ийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Рагчаадоржоос тодрууллаа.

-Бүх сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нарыг оролцуулсан цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулсан талаар мэдээлэл өгөөч?

-Дайчилгааны тухай хуулийн холбогдох заалт, Засгийн газрын 2018 оны 376 дугаар тогтоолоор батлагдсан “Аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын удирдах бүрэлдэхүүнтэй сургалт, дадлага явуулах журам”-ыг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга нартай цэргийн бэлтгэл сургалтыг зохион байгуулж явууллаа. Энэ нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө, Батлан хамгаалахын сайдын аймгуудын Засаг дарга нартай 2019 онд хамтран ажиллах гэрээний дагуу явагдсан гэсэн үг.

Орон нутагт батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг гардан хэрэгжүүлэгч төрийн захиргааны албан тушаалтнуудад Батлан хамгаалах яамнаас 2013 оноос хойш хоёр жилд нэг удаа цэргийн бэлтгэл сургалтыг улсын хэмжээнд бүсчилсэн хэлбэрээр явуулж ирсэн. Энэхүү туршлагад үндэслэн 2018 онд батлагдсан Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т “Сум, дүүргийн Засаг дарга, Тамгын газрын дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг хоёр жилд нэг удаа гурван хоног зохион байгуулна” гэсэн заалтыг тусгаснаар дээрх бүрэлдэхүүнтэй явуулах цэргийн бэлтгэл сургалтын эрх зүйн зохицуулалт хуульчлан баталгаажсан юм. Сургалтаар шинээр батлагдан гарсан хууль тогтоомжийг танилцуулан орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцсан бөгөөд шинээр бэлтгэж байгаа журам, зааврын төслийг танилцуулан хэлэлцүүлж, ЗДТГ-ын дарга нар болон Цэргийн штабын офицеруудтай санал солилцлоо. Өмнөх сургалтуудын хэлэлцүүлгийн үеэр гарч байсан саналуудаас батлан хамгаалах хууль тогтоомжуудад тусган хэрэгжүүлж байгаа нь нэлээдгүй бий.

-Сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан. Энэ талаар илүү дэлгэрэнгүй тодруулаач?

-Тийм ээ, энэ онд сургалтыг уламжлал ёсоор бүсчлэн явуулсан. Зүүн бүсийн сургалтыг зургаадугаар сарын 8-11-нд Дорнод аймагт, баруун бүсийн сургалтыг 23-26-нд Баян-Өлгий аймагт, төвийн бүсийн сургалтыг долдугаар сарын 20-23-нд Архангай аймагт, говийн бүсийн сургалтыг долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 3-нд Баянхонгор аймагт амжилттай зохион байгууллаа. Цэргийн бэлтгэл сургалтад хамрагдвал зохих 331 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нараас 288 буюу 87 хувь нь хамрагдсан. Орон нутгийн удирдлагуудын хувьд батлан хамгаалах салбарын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн сайхан уламжлалтай. Сургалтад хамрагдсан байдлыг харьцуулж үзвэл баруун бүсийн 91 сумын 95 хувь, говийн бүсийн 67 сумын 88 хувь, зүүн бүсийн 72 сумын 86 хувь, төвийн бүсийн 101 сумын ЗДТГ-ын дарга нараас 80 хувийн ирцтэй байлаа. Үүнээс Дорнод, Орхон, Увс аймгийн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар 100 хувь хамрагдсан байна.

-Сургалтын ач холбогдол, онцлог юу байсан бэ?

-Энэ удаагийн сургалтыг онол, дадлага хослуулан зохион байгуулалтын өндөр түвшинд явуулж, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын хүрээнд хийгдсэн эрх зүйн шинэчлэл, ялангуяа Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх, орон нутгийн хамгаалалтын төлөвлөлт, сургалтын талаар сургалтад оролцогсдод нэгдсэн ойлголт өгч, нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд батлан хамгаалах үйлчилгээг ард иргэдэд хүргэхэд тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэн, харилцан туршлага солилцсон чухал ач холбогдолтой сургалт боллоо.

Түүнчлэн зүүн бүсийн сургалтаар “Орон нутгийн хамгаалалтад томилгоот нэгжийг оролцуулах үеийн сумын батлан хамгаалах товчооны үүрэг” сэдвээр бүлгийн дасгалыг боловсруулж, говийн бүсийн сургалтаар “Цугларах байр”, ”Техник шилжүүлэх байрууд”-ыг бүрэн хэмжээгээр дэлгэн ажиллуулсны зэрэгцээ орон нутгийн томилгоот нэгжийн үүрэг гүйцэтгэх байдлыг туршилтаар дэлгэн сургалтад хамрагдагсдад үзүүлсэн нь сургалтын ач холбогдол, үр дүнг дээшлүүлсэн арга хэмжээнүүд болсон.

Энэ ташрамд сургалтыг зохион байгуулахад Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод аймгуудын ЗДТГ болон Цэргийн штаб ихээхэн анхаарч, төсөв хөрөнгө, хүн хүчний дэмжлэг үзүүлж, зохион байгуулалттай ажилласныг онцлон тэмдэглэх ёстой. Аймаг, сумдын удирдлагаас батлан хамгаалах арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарал тавин ажиллаж байдаг юм. Бүх сумын ЗДТГ-ын дарга нар энэхүү сургалтад ач холбогдол өгч буй нь хувцасны жигдрэлт, оролцоо, идэвх зэргээс харагдаж байлаа.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

С.Рагчаадорж: Сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарыг цэргийн бэлтгэл сургалтад хамрууллаа  
Үзсэн: 118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй