Шууд Chart

Монголын эмэгтэй бөхчүүд дөрөвдүгээр байрт оров

2019-11-17 13:30:04

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн энэ амралын өдрүүдэд (Японы Нарита хотын “Накадай” спорт, соёл, амралтын хүрээлэнгийн спорт цогцолборт боллоо.

18 дахь удаагийн тэмцээнд Япон, Монгол, АНУ, ОХУ, БНХАУ, Украин гэсэн зургаан орны баг өрсөлдснөөс манай тамирчид дөрөвдүгээр байрт оров. Дэлхийн цомын тэмцээнд нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр “В” хэсэгт хойд хөрш ОХУ-ыг 6:4-өөр ялж АНУ-д 4:6-гаар ялагдснаар хэсэгтээ хоёрдугаар байрыг эзэлсэн. Тэгвэл өнөөдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2008, 2009, 2010, 2012 оны Дэлхийн цомын аварга хүчирхэг бүрэлдэхүүнтэй БНХАУ-ын шигшээ багтай хийв.

Урд хөршийнхөн Японд дэлхийн гурван аварга, дөрвөн дэлхийн медальтантай нэгдүгээр шигшээ багаа илгээсэн бөгөөд манай багийг 3:7-гоор ялж шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм. Нанхиадын эсрэг манай бөхчүүдээс ОУХМ Б.Болортуяа, Э.Гантуяа, Ө.Пүрэвсүрэн нар ялалт байгууллаа.

Ялангуяа “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа “Цол дагаж бяр” гэгчээр Наритад гурван барилдаан хийж бүгдэд нь ялалт байгуулав. Бүр Нур-Султаны дэлхийн аварга Жакарра Винчестер (АНУ), түүнтэй хамт хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогссон Ольга Хорошавцева (ОХУ) болон Чен Жиавэй (БНХАУ) нарыг ялсан.

III байрын төлөөх барилдааны үр дүн

МОНГОЛ - БНХАУ 3:7
50 кг: Буяндалайн Чимгээ - Лей Чун 0:10
53 кг: Нандинцэцэгийн Анударь - Пан Киану 0:10
55 кг: Бат-Очирын Болортуяа - Чен Жиавэй 12:10
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Фенг Йонгин 0:10
59 кг: Баатаржавын Шоовдор - Зан Ки 2:8
62 кг: Энхбатын Гантуяа - Хуан Кан 12:2
65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн - Ву Яарү цэвэр ялсан
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа - Зоу Фенг цэвэр ялагдсан.
72 кг: Энх-Амарын Даваанасан Ван Хуан 2:9
76 кг: Ганбатын Ариунжаргал - Чандганацагаан цэвэр ялагдсан.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын эмэгтэй бөхчүүд дөрөвдүгээр байрт оров  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-17 20:57
muu mash muu

Бидэнтэй нэгдээрэй