Шууд Chart

Тосонцэнгэл-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад орууллаа

2019-11-18 17:32:05

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 4 замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 километр хатуу хучилттай авто замын барилгын ажлыг өнгөрөгч 2018 оны 4 дүгээр сард эхлүүлсэн бол энэ сард Улсын комисс ажиллан, ашиглалтад оруулж, нээлтийн үйл ажиллагааг Нөмрөг суманд зохион байгууллаа. Нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ-ын Дэд дарга Я.Санжмятав, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, Засаг дарга Д.Батсайхан болон гүйцэтгэгч компанийн удирдлага, авто замчид, орон нутгийн иргэд оролцов.

Энэ жил Монгол Улсын Зам, тээврийн салбарт олон томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэний нэг нь энэхүү Тосонцэнгэл-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 километр хатуу хучилттай авто замын төсөл. Энэхүү авто зам ашиглалтад орсноор Завхан аймгийн хойд чиглэлийн 5 сум Улаанбаатар хоттой засмал замаар бүрэн холбогдож, 13 сумын иргэд үр шимийг нь хүртэж, иргэдэд богино хугацаанд, тав тухтай зорчих, эмнэлэг, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээг цаг алдалгүй хүртэх, аялал жуулчлал хөгжих зэрэг бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлэх юм. Мөн энэ сарын 13-ны өдөр нээлтээ хийсэн Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.7 километр хатуу хучилттай авто замын 50 километр нь Завхан аймгийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа учир энэ жил тус аймагт нийт 217 километр хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулаад байна.

Түүнчлэн Загастайн давааны 67 километр хатуу хучилттай авто замын барилгын ажил 2020 онд дуусах бөгөөд ингэснээр Завхан аймаг Нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан баруун аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил бүрэн хэрэгжиж дуусах юм.

Тосонцэнгэлийн 4 замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн нийт 167 километр замын уртад 180 цэгт хиймэл байгууламж, 3 цэгт 9-18 урт метр төмөрбетон гүүрийг барьж байгуулсан бол авто замын суурийн доод үе 30 сантиметр, буталсан чулуун суурь 20 сантиметр, суурь асфальтбетон хучилт 4 сантиметр, өнгө асфальбетон хучилт 3 сантиметр зузаан. Мөн хайрган хөвөөний өргөн 1.5 метр, бэхэлгээний хөвөөний өргөн 0.5м*2, зорчих хэсгийн өргөн 7 метр юм.  Дээрх чиглэлийн авто замын зураг төслийг  “Аварга зам” ХХК улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд боловсруулж, зам барилгын ажлыг концесс эзэмшигч “Монгол ЛЗ зам гүүр” ХХК гүйцэтгэн, техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээг “Эм Си Пи Си жи ар” ХХК хэрэгжүүлэн ажиллалаа.

Эх сурвалж: ЗТХЯ

 

Тосонцэнгэл-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад орууллаа   
Үзсэн: 443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-18 19:50
Сайхан юм аа.өлзийт рашаант хөвсгөлийн зам 2 жил овоолсон хэсэгхэн шороо.энхамгалан гишүүн ээ санаа тавилгүй байсаар хугацаа чинь дууслаа.сэтгэл зүтгэлтэй нь ийм мундаг бна.бодоорой

Бидэнтэй нэгдээрэй