Шууд Chart

Ким Жон Ун цэргийн сургуулиудын явцтай танилцжээ

2019-11-19 11:00:00

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ даваа гарагт тус улсын нисэх хүчин, пуужингаас эсэргүүцэн хамгаалах хүчнийхний сургуулиудтай танилцсан байна. Энэ үеэрээ тэрээр улс орны дайны бэлэн байдлыг дээшлүүлэх шаардлагатай байгааг онцлон мэдэгдсэн тухай Умард Солонгосын цахилгаан мэдээний агентлаг мэдээллээ.

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун АНУ, Өмнөд Солонгос улсууд нисэх хүчнийхнийхээ хамтарсан сургуулиа хойшлуулахаар шийдвэрлэсний дараах өдөр ийнхүү хээрийн сургуулиудыг удирдан явуулсан байна. Тэрбээр десантын цэргийн ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлийн хамтаар гэнэтийн жинхэнэ дайн тулааныг мэдрүүлэхүйц, сургууль, шалгалтыг хийж Солонгосын Ардын армийн дайны бэлэн байдлыг байнга нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон мэдэгджээ. Харин өнгөрсөн ням гарагт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер БНСУ-тай хамтран энэ сарын сүүлчээр хийхээр төлөвлөж байсан цэргийн сургуулиа хойшлуулж байгаагаа зарласан юм.

Үүнийгээ Умард Солонгостой харилцаагаа хэвийн болгох үйл явцад дэмжлэг үзүүлэх зорилгоор хийж буй алхам хэмээн тэрээр тайлбарласан. Түүнчлэн, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Унд хандаж Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн гэрээгээ байгуулахыг уриаллаа. Мөн удахгүй уулзахаа олон нийтийн сүлжээ Твиттер дэх хуудсаараа дамжуулан амласан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ким Жон Ун цэргийн сургуулиудын явцтай танилцжээ  
Үзсэн: 200 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй