Шууд Chart

БОХХААБХ: Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2019-11-19 16:39:22

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.19) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 26 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Эхлээд Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав. 

Монгол УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.2.3 дахь хэсэгт “Эдийн засаг, бизнес, худалдаа, өмч, санхүүгийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгож, өмчлөх эрхийн баталгааг алдагдуулсан хууль, тогтоомж, шийдвэрийг засч сайжруулна”, 4.1.3 дахь хэсэгт “Байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авч, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл, үйлчилгээний болон байгалийн нөөцийн хууль бус ашиглалтад тавих хяналтыг сайжруулна”, 4.2.8 дахь хэсэгт “Байгаль орчинг хамгаалах, байгалийн нөөц баялагийг зохистой ашиглах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, ашиглалтын үр өгөөжийг сайжруулна” гэж, Монгол УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Байгаль орчныг хамгаалах тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулахаар заасан байдаг байна.

Тус яам нь Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтарсан ажлын хэсгийг байгуулж Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ/ “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн санхүүжилтын дэмжлэгтэйгээр Байгаль орчныг хамгаалах тухай багц хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлыг хийжээ. Байгаль орчны хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Ховордсон амьтан, ургамал тэдгээрин гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Зөрчлийн тухай зэрэг 3 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт боловсруулсан болохыг Н.Цэрэнбат сайд танилцуулгадаа дурдав. Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран болон яамны зүгээс нийт 5 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, бусад яамдуудын санал болон Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс саналыг бичгээр авч хуулийн төсөлд тусгасан байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Мурат, Д.Тэрбишдагва, А.Сүхбат,  нар асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан юм. 

Бэлчээрийн талаарх асуултад салбарын сайд хариулахдаа, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын бэлчээрийн даац хэтрээд, одоогоор хонин толгойд шилжүүлснээр 120 сая толгой мал байгаа учир малын тоо толгойг нэгдсэн байдлаар бууруулах, малын таваарлаг чанарыг дээшлүүлэх, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад буйг хэллээ. Эдийн засгийн нөхцөл байдлаа тооцон, уул уурхайг дэмжснээр нөгөө талд нь байгаль орчны асуудал хүндэрч буйг тэрбээр хэлж байв. Нэг талдаа уул уурхайг дэмжих зөвшөөрөл төрийн нэг байгууллага нь олгож байхад нөгөө талд байгаль орчныг хамгаалах зорилгоор салбарын яам үйл ажиллагаа явуулах шаардлага тулгардаг. Үүнээс харахад төрийн байгууллага хоорондын үйл ажиллагаа уялдаа холбоогүй мэт харагддаг нөхцөл байдал үүсдэг. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр байгаль орчныг хамгаалах зорилго бүхий үйл ажиллагаа удаа дараа таслагдаж байгааг Н.Цэрэнбат сайд хэлж байсан. Тиймээс нийт ард түмний нийтлэг эрх ашгийн асуудлаар шүүгч нартай уулзаж, ярилцах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байсан.

Богд уулан дахь хүн алхдаг жим дагуу нийтийн бие засах цэг байгуулахаар хоёр жилийн турш ажиллаж байгаа хэдий ч бусдын эзэмшил газар гэдэг шүүхийн шийдвэрээс болоод өнөөдрийг хүртэл ажил хэрэг болгож чадахгүй байгаагаа тэрбээр тайлбарлаж байсан. Мөн уул уурхайн компаниуд томоохон хүнсний дэлгүүрээс бага хэмжээний татвар төлдөг атлаа дахин давтагдашгүй байгалийн баялгийг олборлож, байгаль орчныг хөнөөж байдаг талаар тэрбээр дурдаж байв. Одоогоор нөхөн сэргээх шаардлагатай, хариуцах эзэнгүй талбайг хамгийн бага үнэлгээр нөхөн сэргээх зардал нь 186.8 тэрбум төгрөг шаардлагатай байгаа бол хариуцах эзэнтэй атлаа нөхөн сэргээлт хийгээгүй 23.000 га талбай бий гэдгийг мэдээлсэн. Тухайн орон нутгийн удирдлагууд нь холбогдох талбайн нөхөн сэргээлтээ эрчимжүүлэх албан бичиг, шаардлагыг тогтмол хүргүүлж ажиллаж байгаа гэв. Салбарын яамны зүгээс лиценз эзэмшигчид байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулсан тохиолдолд бүрэн дэмжин ажиллах болно гэдгийг Н.Цэрэнбат сайд хэлээд, уул уурхайн компаниудыг энэ чиглэлд уриалж, шаардаж ажиллаж байгаа аж. Дээрх төслүүдийг хэлэлцэн баталснаар байгаль орчны салбарын хууль тогтоомж хоорондын хийдэл, давхардал, зөрчил арилах, салбар хоорондын зөрчил, буруу ойлголцол арилна гэж үзэж байгаа гэлээ. 

Төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Санжмятав, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Мурат нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийн хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 буюу 81.8 хувийн саналаар дэмжин, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


БОХХААБХ: Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй