Шууд Chart

“Панамын баримт”-тай дүйцэхүйц оффшорын мэдээлэл алдагдлаа

2019-11-20 17:11:46

“Панамын баримт”-тай дүйцэхүйц оффшорын мэдээлэл алдагдлаа. Мэн арал дээр орших “Кэймэн Нэйншл Банк” нэртэй оффшор банк хакеруудад мэдээллээ алдлаа.

Хакеруудын бүлэглэл энэ сарын 17-ны ням гарагт тус банкны мэдээллийг эвдэж авсан тухай банкны сайтад албан ёсоор баталсан байна. Гэхдээ хулгайлагдсан мэдээлэл хэр хэмжээтэй тухай мэдээлэл өгөөгүй байна. Тэгвэл алдагдсан мэдээлэл нь “Панамын баримт”-тай дүйцэхүйц гэж хакерын “Юникорн Риот” байгууллагаас мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, 3800 орчим компани, сан, эрх бүхий албан тушаалтны дансны мэдээлэл оржээ.

Үйлчлүүлэгчдийн хулгайлагдсан данснууд нь Мэн арал, Кипр, Их Британи, Кэйманы арлууд, мөн Британийн Виржинийн арлууд, Сейшелийн арлууд, АНУ, Белиз, мөн Ирландад бүртгэлтэй байсан гэнэ.

Кибер халдлагын хариуцлагыг "Финеас Фишер" нэртэй хакер хүлээсэн байна. Тэрбээр улс төрийн зорилготойгоор ийм хэрэг үйлдсэн гээд “Тэгш бус байдал, капитализм”-тай тэмцэхийг уриалжээ. Фишерийг 2003 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа “Анонимус” хакерын бүлэглэлтэй холбоотой гэж байсан юм.

Үүнээс өмнөхөн тэрбээр Британи-Германы “Гамма Групп” видео ажиглалтын систем үйлдвэрлэгч болон Италийн цагдаа, тусгайгийн захиалгаар сайтуудад эвдэж орох программ хангамж бүтээдэг “Хакинг Тийм”-ийн үйл ажиллагааг зогсоосон хариуцлагыг хүлээсэн юм. Фишер нь мөн Туркт цэргийн эргэлт хийх оролдлогын үеэр тус улсын эрх баригч намын компьютерийг эвдсэн гэж мэдэгджээ.

Эргэн сануулахад, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консорциумаас дэлхийн хэдэн зуун улстөрч, бизнесмэн, тамирчин, урлагийн хүмүүсийг оффшор дансны тухай томоохон мөрдлөг шалгалтын үр дүнгээ нийтэлсэн билээ. Энэ баримт нь “Панамын архив” хэмээх нэр авсан юм.

Энд нийт 2.6 терабайт мэдээлэл буюу 11.5 сая баримт багтаж, 1977-2015 оныг хамарсан байдаг. Тухайлбал, Египетийн экс Ерөнхийлөгч Хосни Мубарак, Ливийн Муаммар Каддафи, Сирийн Ерөнхийлөгч Башар Асад, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч асан Петр Порошенко, түүнчлэн Мексикийн хар тамхины худалдаачид, Британийн лордуудын танхимын гишүүд, дэлхийн хөлбөмбөг, Холливудын ододтой холбоотой оффшор схемийг илрүүлсэн. “Викиликс” байгууллагаас “Панамын баримт”-ыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Соросын сангаас санхүүжүүлсэн гэж мэдээлжээ.  

Нийтэлсэн: Mонголын радио

“Панамын баримт”-тай дүйцэхүйц оффшорын мэдээлэл алдагдлаа  
Үзсэн: 4288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Хакер [127.0.0.xxx] 2019-11-21 16:11
Хэхэ одоо манай хэдэн офшорч багтаж байгаа бол Сандарч бга даа

Бидэнтэй нэгдээрэй