Шууд Chart

Мөнгөний бодлогын талаарх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

2019-11-21 19:06:33

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.21) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монголбанкнаас энэ оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 10 дугаар сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм. Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Ц.Даваасүрэн нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан манай улс импортлогч улс учраас төгрөгийн ханш тогтвортой, чанга байх ёстой атал Монголбанк энэ чиглэлээр тодорхой ахиц гаргаж чадахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв. Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан нар төсөв, мөнгөний бодлого уялдаатай байх ёстой, иймээс ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох чиглэлээр санал гаргасан ч Байнгын хорооноос дэмжлэг авч чадаагүй учраас энэ саналыг дэмжиж өгөхийг гишүүдээс хүссэн бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ипотекийн зээлийг эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар бодитой ямар арга хэмжээ авах гэж байгааг лавлаж тодруулав.

 

 Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уул уурхайгаас хамаарсан хамаарлыг багасгахад Төв банк, Засгийн газар онцгой анхаарч төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах хэрэгтэй байна. Тэгж байж эдийн засагт учирч болзошгүй эрсдэлийг бууруулах ёстой, энэ чиглэлээр бодлогын сахилга батыг хангах, шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн зохицуулалт хийх шаардлагатай байгааг хэлээд ажлын хэсгээс энэ талаар тодруулж хариулт авсан юм.

Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, тогтоолын төслийн 2 дахь заалтын 1 дэх дэд заалтыг “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр олон улсын холбогдох байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын хяналтаас 2020 онд багтаан гарах” гэж өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь нь, тогтоолын төслийн хавсралтын 2.2 дахь заалтыг “Банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох зорилгоор хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгож, системийн нөлөө бүхий банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах талаар банкуудыг хугацаатай үүрэгжүүлэх арга хэмжээ авна” гэж тус тус өөрчлөн найруулахыг 59.1 хувь нь дэмжив. 

Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан нар төслийн 2 дахь заалтад “зээлийн хүүг бууруулах үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх, зээлийн хүүг буруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох” гэсэн агуулгатай дэд заалтыг шинээр нэмэх санал гаргасан нь олонхийн дэмжлэг авав. Түүнчлэн УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн саналаар тогтоолын төслийн 2 дахь заалтад “санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих бодлого, зохицуулалт, хяналтын нэгдсэн тогтолцоо бий болгох хэрэгцээ, шаардлагыг судалж, олон улсын стандарт, зөвлөмжийн дагуу хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг хэрэгжүүлэх санал боловсруулж, Улсын Их Хуралд танилцуулах” гэсэн агуулгатай дэд заалт нэмэхээр тогтов. Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.


Мөнгөний бодлогын талаарх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-22 13:57
цаасан мөнгө ихээр хэвлэхээр үнэ цэнэгүй болсон түүхийг давтахаар хар жагсаалтад орно сс товерт эдийн засгын музейг

Бидэнтэй нэгдээрэй