Шууд Chart

Төсвийн байнгын хороо зургаан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2019-11-22 13:21:22

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2019.11.22/ хуралдан “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн хэмээн Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 нас хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бэлэн мөнгөөр олгож эхлэх юм.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол,  Оросын  хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулан олгосон МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлтэй холбоотой төлбөрийн үлдэгдлийн хэмжээгээр тус нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх тухай Улсын Их Хурлын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр ирүүлсэн асуудлыг хэлэлцлээ.  

Засгийн газрын зөвшилцөх саналыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь тасралтгүй хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг тус нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ.

Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон “МОН-П1”, “МОН-П2” хөнгөлөлттэй зээлийн үлдэгдлийн хэмжээ буюу 128.8 тэрбум төгрөгөөр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар, Улсын Их Хурлын түвшинд шийдвэрлүүлэхээр танилцуулж байна гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь уг асуудлыг дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Үргэлжлүүлээд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үеэр нэгдсэн хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөний дагуу Ажлын хэсгээс хуулийн дагаж мөрдөх хугацааг батлагдсан өдрөөс гэж тусгасан байсныг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэмээн өөрчлөх саналыг боловсруулжээ. Энэхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төсөлд нэмж тусгаснаар хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болж буй аж.

Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй, импортоор оруулах барааны гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлсний дараа төлсөн татварыг татвар төлөгчид буцаан олгох асуудлыг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх үзэж холбогдох саналыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр хуулийг батлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах бараанд тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг төсвийн дараагийн жилийн эхний улиралд татвар төлөгчид буцаан олгохоор тусгасан бөгөөд хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гараагүй учир хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Мөн хуралдааны төгсгөлд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал гараагүй бөгөөд Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн хуулийн төслийг батлуулах нь зүйтэй гэж үзлээ.


Төсвийн байнгын хороо зургаан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ  
Үзсэн: 115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй