Шууд Chart

"Тансаг таван хошуу мал мину"

2019-11-22 15:08:58

Хэл, хил, мал гуравтай байхад

Хэн баян бэ, Монгол баян

Хэл, хил, мал гурваасаа салбал

Хэн эмгэнэлтэйв, Монгол эмгэнэлтэй! гэж Төрийн соёрхолт, Соёлын гавъяат зүтгэлтэн сэтгүүлч, яруу найрагч З.Дорж шүлэглэсэн байдаг.

Тиймээ Монголчууд бид эрт дээр үеэсээ таван хошуу малнаасаа хишиг, шим хүртэж өдий хүрсэн нүүдэлчин ард түмэн билээ. Бид малаасаа мах, арьс, шир, сүү, цагаан идээ авч, түүнийгээ зарж худалдан борлуулж бусад хэрэгцээт зүйлдээ ашигладаг.

Үүрийн таван жингээр гарч үнээ малаа сааж, үдшийн бүрийтэй уралдан адуу малаа хашиж, өдөржин сүү цагаан идээ, ааруул, бяслаг, өрөм, аарц, хоормог, айраг, борц юүгээн бэлтгэн тонголзох ижий шигээ, эгч шигээ, дүү шигээ, аав шигээ, ах шигээ хүний хөдөлмөрийг үнэлэлгүй амин хувиа бодож хотыг нь харлуулан малыг нь хулгайлахдаа юу бодож байв?

Бидэнд хүн чанар гэж үгүй болж, бидэнд бусдын хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж үгүй болж, бид өдөр ирэх тусам хүмүүн байдлаа орхиж байна.

Цагдаагийн байгууллагад 2019 оны эхний 10 сарын байдлаар мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 1637 бүртгэгдэж, 1301 хэрэгт 9788 мал алдагдсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 649 нэгж буюу 39.6 хувиар өссөн гэх харамсалтай тоон мэдээлэл байна.

Таван хошуу малаа хайрлан хамгаалж, үржүүлэн өсгөх байтал өсгөж, үржүүлж байгаа иргэдийнхээ малыг хулгайлж Монгол хүнд баймгүй зан, үйлдэл гаргаж байгаа нь сэтгэл эмтэрмээр.

Монголчууд бид өвлийн улирал эхэлж, хүйтрэхээс өмнө идэшээ бэлтгэдэг. Үүнтэй зэрэгцэн өнөөх хорон санаатай хүмүүс дээрх төрлийн гэмт хэргийг ихээр үйлддэг. Иймээс малчид та бүхнээ малаа байнга хариулгатай байлгаж, малчдын бүлгэмийг ажилуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.


"Тансаг таван хошуу мал мину"  
Үзсэн: 236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй