Шууд Chart

Л.Мөнхтөр: Хүн баяр гуниг, зовлон жаргалын өмнө үнэн байдаг

2019-11-25 11:11:24

Ерөнхийлөгч Х.Баттулга Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн баасан гарагт Төрийн дээд цол, одон медаль гардуулсан. Энэ үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр Монголын радиогийн сэтгүүлч, зохиолч, яруу найрагч, МЗЭ-ийн болон “Алтан өд” шагналт, Хэл бичгийн ухааны доктор Лханаагийн Мөнхтөрийг шагнасан.

Шагнал гардуулсныхаа дараа Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын Үндэсний радиогийн редактор, сэтгүүлч Лханаагийн Л.Мөнхтөр 1978 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1992 оноос Монголын радиод сурвалжлагч, сэтгүүлч редактораар ажиллах хугацаандаа “Ургацын далай” хэмээх уламжлалт, газар тариалангийн мэдээ мэдээллийн нэвтрүүлэгт ажиллаж ирсэн. Мөн монгол адууны талаар судалгааны ажил олныг хэвлүүлсэн соёлын зүтгэлтэн юм. Тэрбээр газар тариалангийн талаарх “Ургадаг алт” хэмээх цувралыг найман удаа хэвлүүлсэн. Тариаланчдын амжилт үйлсийг сурталчлах, тариаланд тулгарч байгаа асуудлуудыг олон нийт, шийдвэр гаргагчдад хүргэхэд онцгой нөлөөлөл үзүүлж байсан сэтгүүлч мөн” гэсэн юм.

Эрхэм уншигч та бүхэнд Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, яруу найрагч, доктор Л.Мөнхтөртэй хөөрөлдсөнөө хүргэж байна.

-Монголын радиогийн 85 жил, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн энэ өдөр Төрдөө үнсүүлсэнд халуун баяр хүргэе. Энэ баярт мэдээг анх хэзээ, хэнээс дуулав?

- Төрийнхff хайр хишгийг хүртээд сууж байгаадаа баяртай байна. Би БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны олон улсын радиод ажиллаж байгаа. Шагнал гардахаас 36 цагийн өмнө Төрийн ёслолын албанаас утсаар дуулгасан. Тэр даруй Хөх хотоос шуурхайлан гарлаа.

-Та нутаг ус, хүүхэд ахуй насаа дурсаач?

-Би говь нутгийн хүн. Говь-Алтай аймгийн Хөх морьт сум элсэн манхан, их говь, тал хосолсон нутаг байгаа. Их Монголын элсний баруун хаяанд байдаг. Манай нутаг Цоохор нуур, Сангийн далай нуур, Өргөн нуур, Гүн нуур гээд олон нуур устай. Би айлын өргөмөл ганц хүү. Доороо өргөмөл эмэгтэй дүүтэй. Өсгөсөн аав ээж минь намайг хамаатныхаа айлаас өргөж авсан гэдэг юм билээ. Төрүүлсэн ээж минь Төв аймгийн Борнуурт аж төрж байгаад залуугаараа бурхан болсон. Төрсөн талаасаа бол миний ээжээс арван хүү төрсөн юм. Дөрвийг нь дөрвөн өөр айлд өргүүлсэн.

Би тариа ногоо мэдэхгүй хүн хотод ирээд л тариаланчийн мэргэжил эзэмших дөхлөө шүү дээ(инээв). Олон хүн намайг агрономич гэж гэцгээдэг. Багшийн сургуулийг Архангайд төгсөөд Баянхонгорт залуучуудын байгууллагын ажил эрхэлж явлаа. Дараа нь ахиж Багшийн дээд сургуульд сурч төгсөөд Монголын радиогийн үүдээр ороод эндээсээ гараагүй ээ.

-Монголын радиогийн босгоор орж ирсэн үе ээ хуваалцаач?

-1992 оны долоодугаар сард төгсөөд дараа сарын 25-нд нь миний радиод ажиллах тушаал гарч “Ургацын далай” нэвтрүүлгийг хийж эхэлсэн. Намайг төгсөхөд сая Төрийн ордны ёслолын танхимаас тосч авсан соёлын гавьяат зүтгэлтэн Данзангийн Нямаа Монголын радиогийн редакцад байсан. Надтай нас чацуу л даа. Би оюутан байхдаа хэд хэдэн номоо гаргаад зохиолч болчихсон байв. Мөн адууны зүс судалдаг байсан үе л дээ. Энэ судалгаагаараа докторын зэргийн дипломын ажил хамгаалаад байсан юм.

МҮОНРТ телевиз бол сэтгүүл зүйн өнөр өтгөн, том айл. Энэ айлд ороход өндөр босготой. Ороод сэтгэлээрээ зүтгэх юм бол нээлттэй. Би амьдралынхаа хамгийн олон өдрийг өнгөрүүлсэн өрөө(МҮОНР-ийн “Шинэ эрин” редакц)-дөө одоо сууж байна. Энд миний уран бүтээлийн ихэнх хувь нь төрж, ажил амьдралын хамгийн урт удаан хугацаа өнгөрсөн байдаг. Хүнд нэг л зүйл хэрэгтэй. Хийж байгаа юмаа сэтгэлээсээ хийх, бүтээл гэж бодох хэрэгтэй. Хүний амьдрал өдөр тутам утга учиртай байх ёстой.

-Монголын радиод анх орохдоо радиогийн "Бүдүүн дуут" хэмээн олноо алдаршсан Базарын Цэдэндамба багшдаа хадаг барьж шавь орж байв уу?

-Цэдэндамба багш маань миний радиогийн, ажил мэргэжлийн гэлтгүй утга зохиолын ч багш. Наймдугаар сарын 25-нд би ажилд орж багш маань аравдугаар сард тэтгэвэртээ гарсан. Тэгэхдээ надад ёстой л алтан микрофоноо албан ёсоор хүлээлгэж өгсөн дөө. Араажив, телевизийн ойн жил тохиож байсан болохоор телевизээр мэдээ, нэвтрүүлгээр ч гарсан байх шүү. Сүүлд шар ширээгээ надад үлдээгээд өөрийг нь түрүүлээрэй, гүйцээрэй гэж хэлсэн. 1990-ээд оны сүүлээр, 1996 он гэж санаж байна багш намайг нутаг руугаа дагуулж очиж билээ. Багануур өнгөрөөд Хэрлэнгийн гүүрэн дээр очсоноо “Би чамд ажлаа өгсөн. За миний хүү тэр миний нутаг. Багш нь энд анхныхаа мөрийг гаргаж, хүүхэд байхдаа Улаанбаатар хотод ирж байлаа. Нутгаа чамд зааж өглөө” гэж хэлээд хадаг барьж, сархад өргөж, нутаг(Хэнтий аймаг)-таа аваачиж байсан. Би багшийгаа амьд ахуйд байнга уулзана. Сүүлдээ аав хүү хоёр шиг болсон. Багшийгаа төрсөн бууринд ч аваачиж байлаа.

Яг бурхан болохынх нь өмнө хамгийн сүүлд уулзсан хүн нь би. Надтай уулзах гэж их хүлээж байсан юм билээ.  Бие нь их муудчихсан намайг очиход дуу нь цаашаа орчихсон байсан. Нулимс нь бөмбөрч, намайг нэг үнсээд тэр оройдоо бурхан болсон. Багш минь өөд болоод зургаан жил болжээ. Би багшийнхаа тухай “Ярьдаг роман буюу Базарын Цэдэндамба” номоо бичиж, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойгоор буюу өнгөрсөн аравдугаар сард олны хүртээл болгосон. Номынхоо дээжийг “Шинэ эрин” редакцдаа авчирч өгсөн.

-Та Монголын радиогийн “Ургацын далай” нэвтрүүлгийг хамгийн урт хугацаанд буюу 25 жил тасралтгүй хийсэн.

-“Ургацын далай” Монголын радиогийн буурал нэвтрүүлгүүдийн нэг. 55 дахь намдаа дуугарсан. 1964 онд анх “Ургацын далай” нэвтрүүлгийн редакцыг байгуулахад Юмжаагийн Цэдэнбал гуай радиогийн уран бүтээлчдийг дуудаж, энэ ажлын тушаал Төрийн ордонд гарч байсан ийм том нэвтрүүлэг. Анхны нэвтрүүлэгчээр Буянгэрэлийн Дэндэв гэдэг уран бүтээлч ажиллаж байсан. Мөн 1965 онд өөрөө “Ургацын далай” дууны шүлгийг бичиж, энэ дуу төрсөн. “Ургацын далай” дууг анх урлагийн гавьяат зүтгэлтэн Эрдэнэбулган дуулж байлаа. Дараа нь Эрдэнэгомбо, Батмэнд дуулсан даа. Үүнээс Монголын радиогийн “Ургацын далай” нэвтрүүлгийн эхлэл Эрдэнэгомбын дуулснаар эгшиглэдэг.

“Ургацын далай” нэвтрүүлгийг 55 жилийн хугацаанд цөөхөн редактор хийсэн. Үүнээс би 25 жилд нь хийлээ. Миний багш есөн жил ажилласан. Манай радиогийн дарга, МЗЭ-ийн дарга байсан, миний найз Пүрэвжавын Баярсайхан арван жил хийсэн байдаг юм. Тэгэхээр маш тогтвортой, өвөрмөц, сонин нэвтрүүлэг юм шүү. Энэ нэвтрүүлгийг тойрсон олон ажил зохиогддог. Хамтарсан газар тариалангийн уралдаанууд их зарлагддаг байсан. “Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан түрүү” гэж шагнал бий. Энэ шагналыг хүртсэн хүмүүс дараад нь Улсын аварга, гавьяат, Хөдөлмөрийн баатар болдог.

Намайг Төрийн ордонд ороход “Ургацын далай” нэвтрүүлгийн сурвалжилж байсан тариаланч нөхөд маань Төрдөө үнсүүлж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их Шинэстэй” ХХК-ийн захирал, гавьяат механикжуулагч С.Ганболд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртлээ, Сэлэнгэ аймгийн Бооцын тариа ХХК-ийн зөвлөх С.Санжсүрэн, хуучны анд Сэлэнгэ аймгийн “Бүрэнтал” ХХК-ийн захирал Ч.Нямжав, Өвөрхангай аймгийн Хархорины сангийн аж ахуйд насаараа ажилласан эмэгтэй агрономич Д.Лхагвабуд нар гавьяат агрономич, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын мөн л насаараа ажилласан тариаланч Ч.Хүрэлтөмөр гавьяат механикжуулагч боллоо. Олон жил нөхөрлөж явсан ургацын салбарын олон сайхан зүтгэлтнүүд Төрд үнсүүлсэнд баяртай байна.

-Та Атар газар эзэмшсэний тэгш ойгоор Төрд үнсүүлснээр Монголын радиогийн “Шинэ эрин” редакцаас 11 дэх гавьяат төрж байна?

-Тиймээ 11 гавьяат зүтгэлтэн, нэг Төрийн шагналтан төрсөн байна.

-Монголын утга зохиолын сав шимд таны оруулсан хувь нэмэр их. Хэдий тооны бүтээл хэвлүүлж уншигчдын гарт хүргэв?

-Би 50 орчим ном бичсэн байдаг юм. Яруу найраг, өгүүллэг, эссэ, сэтгүүл зүйн, судалгаа шүүмжийн бүтээлүүд бий дээ. “Ургадаг алт” найман ботид 140 гаруй тариаланчийн хөрөг бий. 2012 онд шилмэл бүтээлийн найман ботио “Жаргалын найман морь” нэрээр хэвлүүлсэн. 100 гаруй дуу хийлээ.

-Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд шагнал гардуулах үеэрээ таны “Ургадаг алт” найман ботийг онцгойлон дурдсан?

-1990-ээд онд газар тариалангийн салбар уналтад орчихсон маш хэцүү байдалтай байлаа. Өө тэгээд салбарынх нь зарим мэргэжилтэн, ганзагын наймаанд явчихсан, хаа сайгүй газар хонхойлж, алт ухдаг болчихсон үе л дээ. Би энэ газар ухдагийн эсрэг экологийн чиглэлээр ургадаг алт, ухдаг алтыг харьцуулсан нэвтрүүлэг хийсэн юм. Өөрөөр хэлбэл, газрын алтыг ухаад л барагдана. Юу ч үлдэхгүй. Харин тариа будааг тариад байвал ургаад л байна. Тиймээс ухдагийг нь биш, ургадгийг нь дэмжье гэсэн сэтгүүлчийн эргэцүүлэл, нийтлэл бичсэн. Ингэснээрээ “ургадаг алт” гэдэг үгийг сэтгүүл зүйд идээшүүллээ. Түүнээс хойш тариаланчид, сайд нь ч ургадаг алт гэж ярьдаг болсон.

-Таныг олон ч эрхэм “Аа манай “Зөөлөн зөөлөн замбуулин” гэдэг. Энэ дуу хэрхэн бүтсэн бэ?

-Би 1999-2000 урд хөршийн Бээжинд Хятадын олон улсын радиод мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Тэгэхдээ 2000 онд “Зөөлөн зөөлөн замбуулин” шүлгээ бичсэн. Сүүлд 2003 онд дуу болсон. Би анх хөгжмийн зохиолч Норовын Баасандоржид энэ дуунд аялгуу хийхгүй юу даа гээд шүлгээ цаасан дээр буулгаж өгч байсан юм. Баасандорж тэрнээс хойш жил таг болов оо. Миний бичиж өгснийг гээчихсэн л бололтой байгаа юм. Тэгэхээр нь ахин уулзахдаа хоёр хувь бичээд нэгийг нь өөртөө үлдээгээд, нөгөөг нь өгсөн. Баасандорж СУИС-ийн дуулаачийн анги төгсчхөөд Замын-Үүдэд ажиллаж байсан үе. Гэрийн утас руу залгаж байна. Авсан “би таны “Зөөлөн зөөлөн замбуулин”-д ая хийчихлээ” гээд аялж өгсөн юм. Би энэ дууны шүлгээрээ оны шилдэг шалгаруулдаг “Алтан-Өд” авсан.

Би олон дууны шүлэг бичиж, олон хөгжмийн зохиолчтой ажиллаж байсан. Гэхдээ ганц энэ дуундаа хөгжим хийлгэхдээ Баасандоржид “Завханы С.Батсүх гавьяат дуулна гэж бодож хөгжмөө хийгээрэй” гэж захиалга өгсөн байдаг юм. С.Батсүх гавьяат энэ дууг дуулаад олон хүнд шууд түгсэн. Сүүлд сонсож байхад Өвөр Монголд гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуулснаар их мэддэг юм билээ.

-Одоо таны бичгийн ширээнээ олны гар дээр очоогүй ямар бүтээлүүд байна?

-Би ажлын санал авч 2016 оноос Өвөр Монголд очиж ажиллаад гурван жил өнгөрч. Энэ хугацаанд зургаан ном гаргасан. Он гаргаад хоёр номоо хэвлэлтэд шилжүүлэх гээд бэлдэж байна. Хөх хотод бичсэн шүлгүүдээрээ нэг ном гаргая гэж бодсон. Сүүлийн үед хүмүүсийн сэтгэл рүү өнгийж, хэд хэдэн ном бичиж байна. Энэ сэтгэл зүйн цувралынхаа төгсгөл хэсгийг гаргана. Мөн “365” нэртэй сонирхолтой ном бичиж байна. 2020 оны дундуур хэвлэлтэд өгөх санаа бий.

Сүүлийн үед цахим ертөнцтэй амьдралаа холбоогүй хүнгүй боллоо. Хэрвээ энэ “ертөнц”-д дэмий сэлгүүцээд байвал хүнд их хортой. Харин үүнийг миний бүтээлийн, ажлын талбар гэж бодож, сэтгэж ажиллавал зөв. Би ч бүтээлүүдээ цахимд нийтэлдэг. Дараа нь цуглуулж аваад ном, сэтгүүл болгодог. Амьдрал урсаж байхад ажил ч зэрэгцээд л урсаж байх ёстой.

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төрийн дээд цол, одон гардах мөчид танд ямар бодол төрөв?

-Хүн баяр гуниг, зовлон жаргалын өмнө үнэн байдаг. Бусад үед тийм ч үнэн биш. Тэгэхээр би сэтгэлийн баяр баяслынхаа өмнө багшийгаа бодсон. .

 







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Л.Мөнхтөр: Хүн баяр гуниг, зовлон жаргалын өмнө үнэн байдаг  
Үзсэн: 727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-26 12:45
Бүтээл олныг туурвиж өндөр шагнал хүртсэнд Баяр хүргэе. Базарын Цэдэндамбаа багшийнхаа тухай олон сайхан дурсамж үлдээсэн Танд миний бие дотно нөхөрлөж явсаны хувьд талархаж байнаа. Олон жил тариан талбайд хамт явж уулзаж учирч явсан, басчиг нутгийн хүний хувьд хөгжилтэй дурсамж зөндөө л бий. Нутгийнхан "Онгон Чүтэв" гэж хочилдогсон. Онгон бол ойлгомжтой. Нөгөө нь Чүү тавыг товчилж шоглосон наргиа. 1989 онд манай радио телевиз NHK тэй шууд харьцдаггүй байсан цагт Токиод очуутаа зориуд Шибуяа дах төвийг зорьж ХАА н редакц, гадаад нэвтрүүлгийн редакцаар нь орж бүх танилцуулга зураг хөргийг нь авсанаа Б.Цэдэндамбаа, П.Соёлдэлгэр хоёрт явуулж билээ. Япончууд манай гадаадад цацдаг нэвтрүүлгийг их сонирхдог байлаа. Дараа нь нэлээд материал, ганц Нихон ганзай авчирснаа 50 мянгатын догол орцон дахь гэрт нь гардуулж билээ.Ёстой ярьдаг роман, Хөдөөгийн энциклопеди, хөгжилтэй нийтэч нэгэн байсан даа. Жанжины Одон гардсанаас нь хойш дахиж уулзаж чадаагүй. Танд баярлалаа.
Бямбадорж [127.0.0.xxx] 2019-11-26 12:10
Баярлалаа.Баяр хүргэе
жамбалдорж [127.0.0.xxx] 2019-11-25 22:18
мөнхтөр ахад монгол төрийн өндөр шагнал хүртсэнд баяр хүргэе

Бидэнтэй нэгдээрэй