Шууд Chart

Б.Шаравын хөгжимд эзэмдүүлсэн үдэш

2019-11-28 14:05:22

Үндэсний урлагийн их театр, нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын шүтэн бишрэгч, JCI-ийн гэдгээр нь урлагийнхан анддаггүй, сүүлийн үед “Таван нүдэн”-гийн гэдэг болсон Б.Батзаяа болон Apple продакшн, “Шарав сан” хамтарч “Сэрсэн тал 35” хүндэтгэлийн тоглолт зохион байгуулсан нь хөгжмийн урлагийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал боллоо. Тус театр өмнө нь Хөдөлмөрийн баатар, Чингис хааны одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шаравтай хамтарч энэхүү тоглолтыг үзэгч, сонсогчдод хүргэж ирсэн. Энэ удаагийн, тэгш ойн тоглолтоор  байгууллага, хүмүүс хүч хавсарсан нь ончтой шийдэл болжээ.

Тоглолтыг ҮУИТ-ын ерөнхий удирдаач, маэстро, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар удирдан, хөтөлж явуулсан юм. Тоглолтын дараа түүнд баяр хүргэж, санаа бодлыг нь сонсоход “Бидэнд адал явдалтай түүх олон бий. Нэг жил Шарав ганцаархнаа хамаг тасалбарыг борлуулж билээ. Бас л нөлөөтэй хүн шүү. Энэ удаа бол бид зөвхөн уран бүтээл дээрээ анхаарлаа. Хөгжмийн зохиолчийн, үндэсний найралд зориулж бичсэн удиртгал хөгжмүүд болон сайхан дуунуудаас нь бүрдсэн тоглолт хийе гэж зорьсон маань амжилттай боллоо. Үзэгч, сонсогчид маш сайхан хүлээж авлаа. Бодлого бол хамгийн шилдэг хөгжмүүдийг нь тоглож, өнөө цагийн хамгийн сайн дуучид Б.Батжаргал, Б.Гомбо-Очир, Э.Анхбаяр, О.Хүрэлбаатар, С.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэтуяа, Ө.Уянга, Б.Энхнаран, Р.Доржхорлоо, Э.Отгонбат нараар дуулуулах байсан юм. Зорилгодоо хүрлээ. Цаашид энэ тоглолтыг Австрийн филармонийн “Алтан тайз”-нд жил бүрийн эцэст болдог шинэ жилийн баяр угтсан “New year” концерт шиг тогтмолжуулж, соёл урлагийн брэнд үйлчилгээ болгохыг зорино” гэж байлаа.

Энэ үдшийн тоглолтыг Монгол  түмний эгшиглэн гээд хэлчихэд буруудахгүй “Сэрсэн тал” бүтээлээр эхлүүлсэн. Уг зохиолын түүх, нэршлийн тухай өмнө мэдээлсэн билээ. “Сэрсэн тал”-ын дараа ДБЭТ-ын гоцлол дуучин, саяхан болж өндөрлөсөн Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари, романс дуулаачдын V уралдааны гран при шагналт С.Бат-Эрдэнэ хөгжмийн зохиолч Б.Шаравын “Хэнтийн цэнхэр хязгаар” хэмээх шинэ дууг “Тургийн зураад цас тогтоогүй, туулайн хэвтэрт нөмөр нь арилаагүй” хэмээсээр дуулж эхэлсэн юм. Хараа салгалгүй, анхааралтай сонссон үзэгчид “Аргагүй шинэ, өмнө нь сонсож байгаагүй дуу байна” хэмээж байлаа. Уг бүтээл хэзээ, хэрхэн төрсөн юм бол гэсэн гижиг хүргэсэн асуултад хариу олохоор дуучинтай уулзахад “Өнгөрсөн хавар Шарав гуай “Чамд зориулж бичлээ. Дуулж яваарай. Ер нь басс хоолойтнууд сонирхох байх аа” гэж хэлээд ноотыг нь өгсөн юм. Их гоё дуу” гэв. Дуу төрсөн түүх сонирхол татаад болдоггүй. Тоглолтын дараа хөгжмийн зохиолчийн гэргий Д.Ганчимэгтэй уулзахад “Шинэ дуу байна. Хэзээ бичсэнийг нь мэдэхгүй. Дуучинд өнгөрсөн хавар ноот өгсөн бол 2018 оны зун, намар Жаргалтхаан сумдаа амарч байх үедээ бичсэн болов уу. Сумын төвд гэр музей байгуулж, манай хүнд хүлээлгэж өгөх үеэр Г.Эрдэнэбат гавьяат найздаа төгөлдөр хуур бэлэглэсэн юм. Түүгээрээ нэлээд тоглосон доо. Бид хориглож байсан ч, манай хүн тэсэхгүй тоглоод л, бичих гэж үзээд л байдаг байлаа. Тиймэрхүү маягаар “Жаргалтхааны тэмдэглэлүүд” цувралаа гаргасан. Түүн дотор нь ийм дуу байж дээ. С.Бат-Эрдэнэ сайхан дуулдаг залуу байна. Ер нь энэ үдэш дуулсан уран бүтээлчдийн тэр нь жаахан тиймхэн юм гэхээр хүн алга. Бүгд мэргэжлийн өндөр түвшинд тултал, бүр ханатал дууллаа, сайхан байна” гэж байлаа.

Хөгжмийн зохиолчийн “Тодорсоор угтах нутаг” дууг нь дуурийн гоцлооч, тенор Б.Гомбо-Очир, “Сонин хангай”-г нь тенор Б.Батжаргал, “Очоод золгоно доо”-г нь эдгээр хоёр дуучин хамтарч хүргэв. “Эгнэгт жаргах эх орон”-ыг нь дуурийн гоцлооч, Гавьяат жүжигчин Р.Доржхорлоо, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн шүлэгт зохиосон “Үдсэн юм” хэмээх өвөрмөц нэртэй бүтээлийг нь дуурийн гоцлооч, Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа дууллаа. Ятга хөгжимчин, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ хөгжмийн зохиолчийн ятгад зориулсан найруулгыг тоглож үзэгчдийн сэтгэлийг эзэмдэв. Хөгжимчин, хөгжмийн зохиолч хоёр бие биеэ гаргуун ойлгодог улс даа.

ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран “Аав ээжийн нутаг” дууг нь хөгжмийн зохиолчийн байнга хүсдэгээр, сэтгэлд нар мандтал хэмээн зүйрлүүлж болохоор дуулж, үзэгчдийн халуун алга ташилтаар шагнуулав. Үүнийг нь дуурийн сопрано хоолойт дуучид урын сандаа хүндтэй байр эзлүүлж, дуулсаар байдаг юм билээ. Б.Шарав агсан энэ бүтээлээ сүүлийн жилүүдэд дуучин Б.Энхнарангаар нэг бус удаа дуулуулсныг мэдэх юм. Энэ тухай санаж, дуучнаас тодруулахад “Тийм ээ, Шарав гуай хэд хэдэн удаа “Ахдаа өнөөхийгөө дуулж өгнө дөө, заваар хэр байна” гэж утасдаж байлаа. Сүүлд энэ дуугаа надаар дуулуулах дуртай байсан юм болов уу гэж бодсон. Уг нь их олон жилийн өмнө бүтээсэн юм билээ. Тухайн үедээ нэлээд дуулж байсан ч дунд үед мартагдах шахсан юм уу даа. Тийм болохоор дахин сэргээе гэж бодсон байх. Их идэвхтэй дуулуулах болсон” гэж байлаа.

Дуурийн гоцлооч, Улсын филармонийн дуучин Э.Анхбаяр хөгжмийн зохиолчийн “Хөгжим ба нулимс”, “Хайрхан уулын бараа”-г нь үзэгч, сонсогчдод хүргэлээ. Үзэгчдийн дундаас түүний талаар “Гавьяатын зангарагтай дуулж байна шүү” гэж хэлэх нь сонсогдож байсан. “Хайрхан уулын бараа” бол олны  танил бүтээл. Дуурийн дулаачдын олон улсын уралдаануудад манай улсын дуучид дуулдаг. Олон улсын шүүгчид мэргэжлийн түвшинд бичсэн сайн дуу хэмээн хүлээн зөвшөөрдөг бөгөөд лав дуурийн гоцлооч Б.Монголхүү үүгээр өөрийн үндэстний дууг сайн дуулсан гэсэн номинацад шагнал авч байсан удаатай.

“Хөгжим ба нулимс” хэмээх дуу анхаарал татаж буй. Үүнийг гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Э.Анхбаяр хөгжмийн зохиолчийн алтан пянзны нээлтээр анхлан дуулсан шинэ бүтээл. Нэрээс нь энэ нь хөгжмийн зохиолч хүндээр өвдөөд байхдаа зохиосон дуу юм болов уу гэж бодохоор. Гэтэл үгүй аж. Дууны шүлгийг Ж.Оюунгэрэл гэж эмэгтэй бичсэн юм байна. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Р.Будын анхны гэргий гэж мэдэх хүмүүс тайлбарлав. Б.Шарав агсан алтан пянзны нээлтээр энэ яруу найрагчийг урихыг, ирүүлэхийг ихэд хүсэж байсан гэдэг. Шүлэгч эмэгтэй тухайн үед нийслэлд байгаагүй тул ирээгүй юм билээ. Харин “Сэрсэн тал 35” тоглолтод хүрэлцэн ирж зохион байгуулагчдад хүндэтгэл үзүүлж, шүлгээс нь бүтсэн дууг дуурийн залуу гоцлооч хэрхэн амилуулсныг сонсов.

ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга гавьяат болон олон улсын уралдаануудын шагналт Э.Отгонбат нар ая дуугаа өргөсний сацуу хөгжмийн зохиолч хүнд өвчтэй байхдаа магадгүй эцсийн хүчээ шавхаж бичсэн ч байж болох “Эхийн сэтгэл шиг” хэмээх морин хуурт зориулсан бүтээлийг нь ҮУИТ-ын гоцлол хөгжимчин Алтанбагана хөгжимдөж үзэгчдийн сэтгэлийг хөвсөлзүүлэв. Энэхүү утга уянга, ухаарал бодролын бүтээлийг Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин, удирдаач Н.Жигжиддорж анхлан хөгжимдөж хөгжмийн зохиолчийн өөрийнх нь сонорт болон үзэгчдэд хүргэсэн түүхтэй.

Б.Шарав агсны гэргий Д.Ганчимэгтэй энэхүү бүтээлийн талаар тогтож ярилаа. Тэрбээр “Миний хань өвчтэй байхдаа төгөлдөр хуурын ард төдийлөн суугаагүй гэж түрүүн хэлсэн.  Жаргалтхаанд л нэлээд оролдож байсан. “Эхийн сэтгэл шиг”-ийг өөрийнх нь хувьд их чухал хүн захиалсан болохоор гараас гаргаадхая гэж зорьсон бололтой байсан. Тэгээд ч амьдралын, байгалийн сайхныг, ерөөс амьдрахын сайхныг хорвоо ертөнцийн танигдах болоод, үл танигдах учир начрын уялдаанд нь дахин нэг удаа илэрхийлэх гэсэн болов уу. Бид хоёр “Найрамдал” зуслангийн тэнд амьдарч байхдаа өглөө бүр нарсан ойгоор хоёр цаг алхдаг байлаа. Юм яриад л, яваад байна. Нэг удаа надаас “Чи юу бодож байна” гэж асуухаар нь “Цас модон дээр ингэж гоё тогтох гэж, янз бүрийн хээ угалз харагдаад яасан сайхан юм бэ” гэж бодож явна гэлээ. Өөрөөс нь асуухад “Би “Эхийн сэтгэл шиг” гэдэг зохиолын тухай бодож явна” гэсэн юм. Тэгэхээр нь би “Хөгжимгүйгээр үү” гэхэд манай хүн “Тийм ээ” гэж байсан. Тун удалгүй энэ зохиол бэлэн болсон юм. Хожуухан надад энэ бүтээлийг түүний шүтэн бишрэгч, олон жилийн өмнө “Монгол орон бадартугай” гэдэг удиртгал хөгжим захиалж бичүүлсэн Б.Батзаяа гэж залуу дахин хандаж хийлгэсэн тухай хэлсэн юм. Энэ бүтээлийг товчоор орчлон ертөнц, амьдрахуйн тухай зураглал юм уу гэж ойлгосон. Аливаа уран бүтээлчийг шүтэн бишрэх гэж ямар ойлголт байдаг юм бэ гэдгийг энэ Б.Батзаяагаас харж байна даа” хэмээн ярилаа.

ҮУИТ болон дээр нэр дурдсан хүмүүс, баг, хамт олон хөгжмийн зохиолчийн нэрд гарсан нэгэн бүтээлээр нэрлэсэн уран бүтээлийн үдэшлэг гэх атал утга учир, уянга найргаар халгисан ийм нэгэн үл мартагдах “Сэрсэн тал 35” тоглолтыг үзэгч, сонсогчдод хүргэж, хөгжмийн урлагт дуртай тэднийг баяр баясгаланд умбуулан жаргаав.

Р.Оюунжаргал


Б.Шаравын хөгжимд эзэмдүүлсэн үдэш  
Үзсэн: 478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй