Шууд Chart

Иракийн Ерөнхий сайд огцорно

2019-12-01 10:00:00

Иракийн Ерөнхий сайд Адиль Абдул-Махди албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдлээ. Тус улсад ажилгүйдэл, авлигыг бууруулахыг шаардсан иргэдийн жагсаал эхэлснээс хойш 350 гаруй хүн амиа алдаад байгаа юм.

Ирак улсад өрнөж байгаа эсэргүүцлийн жагсаал, тэмцлийг намжаахад дорвитой арга хэмжээг авч чадаагүйн улмаас Ерөнхий сайд Адиль Абдул-Махди албан тушаалаасаа буухаар болжээ. Тэрбээр мэдэгдэл хийж, хүчирхийлэл, эмх замбараагүй байдал цаашид үргэлжлэх ёсгүй гэдгийг онцолжээ.

Иракийн парламент Ерөнхий сайдыг албан үүргээсээ чөлөөх эсэх асуудлыг удахгүй хэлэлцэх юм. Ер нь Адиль Абдул-Махдиг Ерөнхий сайдын албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг парламент дэмжинэ гэсэн хүлээлт байгаа юм. Тэрбээр өнгөрсөн жилийн аравдугаар сард Ерөнхий сайдаар томилогдох үедээ “Лалын улс” бүлэглэлийн өдөөсөн дайн, зөрчилдөөний улмаас туйлдаад байгаа улс эх орноо өөрчлөн, шинэчлэлтийг явуулна гэсэн амлалтыг өгч байсан юм.

Гэсэн ч Ирак улсад иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, цагдаагийнхан болон жагсагчдын хоорондох мөргөлдөөний улмаас 350 хүн амиа алдаад байна. Адиль Абдул-Махди албан тушаалаасаа буулаа ч Ирак дахь эсэргүүцлийн хөдөлгөөн намжих эсэх нь эргэлзээтэй байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иракийн Ерөнхий сайд огцорно   
Үзсэн: 297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-01 19:08
Энэ улсын сүйтгэлийн эхийг эзэнт гүрэн тавьсныг бүү март

Бидэнтэй нэгдээрэй