Шууд Chart

Т.Анхбаяр: "Монголын нинжа дайчид" шоу дараа жил болвол би заавал түрүүлнэ

2019-12-02 09:08:23

"Монголын нинжа дайчид" шоуны шилдэг оролцогчдын нэг Дотоодын цэргийн 809-р тусгай салбарын ажилтан, ахмад Тавжаргалын Анхбаяртай ярилцлаа. Тэрбээр дээрх шоунд чамлахааргүй оролцсоны нууц нь спортын олон төрлөөр хичээллэдэгтэй нь холбоотой байж ч болох юм.

-"Монголын нинжа дайчид" шоунд оролцоход юу нөлөөлсөн бэ?

-МҮОНРТ-ээр анх зарлагдахад нь л сонирхолтой санагдаад бүртгүүлж, оролцсон. Даалгаврууд нь яагаад ч юм яг л надад тохирно гэж бодсон. Би бага байхаасаа л олон төрлийн спортоор хичээллэж байгаа болохоор ямар нэгэн юманд эв дүйтэй. Суралцахдаа ч хурдан.

-Тэгвэл таны хувьд бэлтгэл хангалттай байсан болов уу?

-Биеийн ерөнхий хөгжлийн бэлтгэл сургуулилт, гүйлт, харайлт, гар дээр сунайлт, дүүжинд сунайх гэх мэт дасгалыг байнга хийдэг болохоор гайгүй шүү. Шоунд зориулсан бэлтгэл сургуулилтыг ч өөрийнхөө хэмжээнд чамгүй хийсэн. Өнгөрсөн жил Японд болсон тэмцээнийг үзэж байсан төсөөлөл байсан л даа. Гүйлт, харайлттай даалгаврыг би огт төвөгшөөгөөгүй. Харин гарын шууны тэсвэр шаардсан дасгалуудыг сайн хийх ёстой учир олс, турникийн бэлтгэлийг ихэвчлэн хийсэн.

-Хамгийн хүнд даалгавар аль нь байсан бэ. Мөн юунаас болж алдсан гэж үзэж байна вэ?

-Гадаст самбартай даалгавар хамгийн хэцүү байсан. Бараг л унах шахсан шүү. Тэрүүхэн хооронд их юм бодогдсон. Алдсан зүйл гэвэл жаахан яараад үсэрсэн дээ. Ахиад нэг саваад үсэрсэн бол гарчихаар байсан. Миний унасан тэр даалгавар дээр олон хүн өмнө нь унасан болохоор угаасаа хэцүү юм байна гэдгийг эрт мэдчихсэн. Тэр хэмжээгээрээ сэтгэл зүйд ч нөлөөлсөн байж болох талтай.

-Тэмцээн ирэх жил болвол даагаа нэхэх үү?

-Бэлтгэл сургуулилт илүү сайн хийж байгаад оролцож, заавал ялна. Түрүүлэх боломж байгаа гэдэгт өөртөө итгэлтэй байгаа.

-Зохион байгуулалтын талаар хэлвэл ...

-Зохион байгуулалт, хүн хүч, техник хэрэгсэл маш сайн байсан. Гэхдээ цаг агаарыг тооцоолох ёстой байсан болов уу. Хэрэв дараа жил зохиовол хүйтэнд биш зуны дэлгэр цагийг сонгоосой. Тэгвэл оролцогчдын эрүүл мэндэд ч нөлөөгүй шүү дээ.

-Та одоо ямар спортоор хичээллэж байна. Ямар амжилт үзүүлж байв?

-Бүх л төрлийн спортод сонирхолтой. Тодруулбал, гардан тулаан, карате, таеквондо, кросс фит, фитнесс, гүйлт, турник гэх мэт. Зав чөлөө гарах бүрт л бэлтгэл сургуулилтаа хийдэг. Мөн эрүүл чийрэг бие бялдартай байхыг чухалчилдаг. Амжилтын хувьд хүнд гайхуулахаар юм байхгүй дээ (инээв.сурв). Гэхдээ 2016 оны "Цагдаа" цогцолбор тэмцээнд оролцож, тэргүүн байрт шалгарч байсан. Мөн Монгол Улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн газар, хэлтсээс шалгарсан тус бүр хоёр алба хаагчтай өрсөлдөхдөө түрүүлж байлаа. Тэр тэмцээнд нийт 102 алба хаагч оролцсон.

-Таныг кинонд тоглосон гэж дуулсан ...

-Цагдаагийн академид 2010 онд сурч байхдаа "Цагдаагийн тангараг-2", 2016 онд “Үүлэн хээтэй орчлон” Монголын уран сайхны кинонд тоглосон. Киноны проб зарлагдсаныг мэдээд л очиж шалгуулаад хоёуланд нь гол дүрд тоглосон.

-Тэгэхээр сонин тохиолдол байна шүү. Жүжиглэх мэдрэмж ч өндөр бололтой ...

-Багаасаа жүжигчин болохыг хүсдэг байсан. Одоо ч гэсэн боломж гарвал кинонд тоглох нууцхан хүсэл байдаг. Кино урлагт дуртай.

-Тэгвэл ямар дүрд тоглохыг илүү хүсдэг вэ. Хэн нэгэн найруулагч бидний ярилцлагыг олоод унших ч юм бил үү?

-Тулааны бүх төрлөөр сонирхож, хичээллэдэг болохоор энэ төрлийн кинонд тогловол илүү сайн чадна байх.

-Одоо кинонд тоглох санал ирж байна уу?

-Уг нь энэ сарын эхээр нээлтээ хийх “Сүүн замын сахиул” нэртэй Монгол, Казахстаны уран бүтээлчдийн хамтарсан кинонд тоглох байсан юм. Гэвч ажлын ачаалалтай үе таараад явж амжаагүй. Харин хамгийн сүүлийн бүтээл гэвэл найруулагч Г.Бадамрагчаа ахын хийх нэг кинонд оролцохоор болсон. Зураг авалт нь хараахан эхлээгүй байна.

-Зохиолтойгоо танилцсан уу. Юуны тухай өгүүлэх кино вэ?

-Зохиолтойгоо танилцсан. Гэхдээ одоо хэлж болохгүй байх аа.

-Та мэргэжлийн жүжигчин биш ч гэлээ найруулагч нарт яаж яваад "тоогдоод" байна вэ. Эсвэл өөрөө хүсэлтээ хэлдэг юм уу?

-Миний хувьд пробонд нь л очиж ордог. Бусдыг нь мэдэхгүй ээ. Кино албаныхан ярилцаад л шийдэж байгаа байх.

-Цэргийн хүн болох мөн багийн мөрөөдөл үү ...

-Тийм. Сургуулиа төгсөөд л Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад долоон жил ажиллаж байна. Сурсан дөрвөн жилээ оролцуулбал цэрэг, цагдаагийн байгууллагад 11 жил алба хашсан байна.

-Цэргийн байгууллагад ажиллахын хамгийн сайхан зүйл юу вэ?

-Монгол Улс Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг гэсэн төрийн цэргийн гурван байгууллагатай. Тус байгууллага бүрт ажилладаг алба хаагчид өөрсдийн албаар бахархаж ярьдаг. Гэхдээ Дотоодын цэргийн байгууллагыг хүмүүс тэр болгон сайн мэддэггүй юм шиг ээ. Манай байгууллага бол улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй онцгой алба бөгөөд Монгол Улсын онцгой обьектуудыг хамгаалдаг. Энгийн жишээ дурдахад,  Дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станцыг. Эдгээр байгууллагад гэмтэл саатал, эсвэл хадлага болж цахилгаан дулаан тасалдахад улс орон маш хүнд байдалд орно. Та бидний гэр бүл цахилгаан дулаангүй болж, хоолоо хийж идэж чадахгүй болно. Гар утас, компьютер мэдээллийн технологи бол тэгээд л дуусна. Үүнээс урьдчилан сэргийлж улс орноо, ард иргэдээ, гэр бүлээ хамгаалж байдаг алба бол манай дотоодын цэрэг байгаа юм. Тэгэхээр миний хувьд энэ хариуцлагатай албыг хашиж, эх орноо, ард түмнээ амар амгалан амьдруулж байгаа нь хамгийн бахархалтай санагддаг даа.

-Спортод дуртай та тамирчин болох сонирхол байгаагүй юу?

-Улс, тив, дэлхийд нэрээ гаргаж, амжилт гаргаагүй ч гэсэн өөрийгөө тамирчин гэж боддог шүү (инээв, сурв). Мөн манай гэр бүлд спорт, урлагийн болон цэрэг, цагдаагийн хүн нэг ч байхгүй.

-Тэгвэл гагцхүү зөвхөн таны хүсэл сонирхол дээрх бүхэн үү ...

-Тэгэлгүй яах вэ. Айлын том болохоор ер нь өөрөө бүх шийдвэрийг гаргадаг. Харин гэр бүл маань тултал нь дэмждэг дээ.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу. Ямар мэргэжилтэй, хаана ажилладаг бүсгүй байгаа вэ?

-Миний эхнэрийг М.Мөнхзам гэдэг, гоо сайханч мэргэжилтэй. Мэргэжлээрээ гоо сайхны салонд ажилладаг. Бид хоёр охинтй. Одоо дахиад бүл нэмэх гэж байгаа.

-Баяр хүргэе. Та бага насаа хаана өнгөрүүлсэн бэ. Бага байхдаа хэр хөдөлгөөнтэй хүү байв?

-Баярлалаа. Би Өвөрхангай аймагт төрж, өссөн. 2008 онд Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд хот руу нүүж ирсэн. Бага байхаасаа л маш хөдөлгөөнтэй байсан. Сахилгагүй нь дэндсэн хэтэрхий сахилгагүй хүүхэд байсан гэж хамаатны ах, эгч нар одоо болтол ярьдаг юм.

-Ярилцсанд баярлалаа.  



















Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Анхбаяр: "Монголын нинжа дайчид" шоу дараа жил болвол би заавал түрүүлнэ  
Үзсэн: 2698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Tsegi [127.0.0.xxx] 2019-12-06 17:12
Naizdaa amjilt mundag shvv
Туяа [127.0.0.xxx] 2019-12-02 22:33
Гитар маш сайхан тоглодог. Урлагын авъяастай, спортод бол бүр багаасаа л дурлаж хичээллэж ирсэн тал талын чадвартай мундаг шүү. Амжилт. Ямар бахархалтай юм бэ.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-02 21:30
Naizdaa amjilt husey. Mundag shuu.
Gerel gegee [127.0.0.xxx] 2019-12-02 20:46
Naiz sain mundag bn shvv amjilt hvsey
Спортын нэгэн [127.0.0.xxx] 2019-12-02 19:19
Спортод сонирхолтой, авьяаслаг мундаг залуу шүү, амжилт.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-02 17:16
Аваргадаа амжилт....
Зочин [127.0.0.xxx] 2019-12-02 16:47
Duudee bayar hurgei. Mundag shv
Зочин [127.0.0.xxx] 2019-12-02 15:20
Goy ah shuu
Зочин [127.0.0.xxx] 2019-12-02 11:08
Манай гэр бүлээрээ маш их дэмжиж байсан шүү Мундаг байсан сүүлийн хэсэг жаахан саваад өгсөн бол гээл Унасан чинь бүгд өөө яаж байгаан бээ гээл орилолдон кккк Амжилт
Мандахбаяр Бал [127.0.0.xxx] 2019-12-02 11:00
Мундаг залуу гэдэгтэй санал нийлж байна. Тэр гайхалтай байсан. Хичээл зүтгэл бас мэдрэмж цогцолсон мундаг залуу. Мэдээж алдсан ч бай оносон ч бай урагшлах замыг л сонгох хэрэгтэй. Тэр чадна. Түүнд итгэж байна
Онон [127.0.0.xxx] 2019-12-02 09:17
Анхбаяртаа амжилт хүсье
ЗОЧИН [127.0.0.xxx] 2019-12-04 11:44
МУНДАГ ЗАЛУУДАА

Бидэнтэй нэгдээрэй