Шууд Chart

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын бага хурал эхэллээ

2019-12-03 09:00:00

Хүн төрөлхтөн байгаль дэлхийн эсрэг дайнаа  зогсоох үүрэгтэй хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш онцлон мэдэгдээд байна. Тэрээр даваа гарагт Испанийн нийслэл Мадрид  хотноо эхэлсэн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын  бага хурал хурлыг тохиолдуулан хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ийнхүү мэдэгдсэн юм.

Хүн төрөлхтөн хэдэн арван жилийн туршид байгаль дэлхийтэй дайтаж буй мэт байна. Энэ  дайныг бид зогсоох үүрэгтэй.  Шинжлэх  ухаан ч  биднийг чадна гэдгийг баталж байна хэмээн  тэрээр онцолсон. Мөн олон улсын хамтын нийгэмлэгийн орнууд  хорт хийн хаягдлын хэмжээгээ бууруулах алхам хийж үүрэг амлалт авч байгааг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд  хангалтгүй гэж үзэж буйгаа ч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга илэрхийлсэн юм. Уур амьсгалын өөрчлөлтийн  тухай  НҮБ ын суурь конвенцын оролцогч талуудын 25 дугаар бага хурал   хэдхэн цагийн өмнө Испанийн Мадрид хотноо эхлээд  байна. Ирэх 13-ны өдрийг дуустал хугацаанд үргэлжлэх тус бага хуралд дэлхийн 200  гаруй орны төлөөлөгч оролцож байгаа аж. Тус бага хурлыг анх Бразил улсад зохион байгуулахаар төлөвлөж байсан. Гэвч Бразилд засгийн газар солигдож  санхүүгийн хүндрэл гарсан учир тус улс олон улсын томоохон энэ арга хэмжээг зохион байгуулахаас татгалзсан юм. 

Дараа нь  Чили улс зохион байгуулах санаачилга гаргасан  ч олон нийтийн  эсэргүүцлийн хөдөлгөөнөөс болж тус улсын Ерөнхийлөгч Пиньера Ази Номхон далайн эдийн засгийн хамтын  ажиллагааны дээд уулзалт дээр бага хурлыг зохион байгуулахаас татгалзаж байгаагаа зарласнаар ийнхүү байгаль хамгаалагчид Мадридад  цуглаад  байна.  Энэхүү бага хурлын гол зорилго нь Парисын  2015 оны  тохиролцоог хэрэгжүүлэх замын  зургийг  батлах  явдал  юм. Тодруулба, улс  орнууд  агаар мандал дахь  хорт хийн хаягдлаа бууруулснаа  хэрхэн тайлагнаж байх,  уур амьсгалын  өөрчлөлттэй тэмцэх олон улсын  төслүүдийг  хэрэгжүүлэх  асуудлуудыг яаж зохицуулахаа зөвшилцөн  батлах  ёстой юм.  Тиймээс  ч  энэ удаагийн бага хурал  хийж  эхлэх  цаг боллоо уриан дор болж  байна.  

Одоогоос 4 жилийн өмнө  Парис хотноо дэлхийн хамтын нийгэмлэгийн улс орнууд  2100 он гэхэд агаарын дундаж хэмийг аж үйлдвэрийн  өмнөх  эрин үеийнхтэй  харьцуулахад  цельсийн  2 хэмээс  илүү  нэмэхгүй байх үүрэг амлалт авцгаан гэрээ байгуулсан. Гэвч өнөөг хүртэл гэрээг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаа нь үйл ажиллагааны хөтөлбөрөө эцэслэн батлаагүйтэй холбоотой юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын бага хурал эхэллээ  
Үзсэн: 85 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй