Шууд Chart

Мальта улсын Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохоо зарлалаа

2019-12-03 11:00:00

Мальта улсын Ерөнхий сайд Жозеф Мускат албан тушаалаасаа  огцрохоо  зарлалаа. Тэрээр  авилгын  хэргийг  эрэн сурвалжилж байсан  сэтгүүлч  Дафна  Каруана  Галициягийн  амь насанд  халдсан хэрэгт  түүний тэргүүлсэн   засгийн  газрыг  холбоотой  хэмээн  сэжиглэн  шахалт   дарамт  үзүүлж  байгаа  учир  ийм шийдвэрт  хүрснээ  онцлон мэдэгдлээ. Гэхдээ  улс орныхоо  тогтвортой байдлыг  хангахын  тулд ирэх  1 дүгээр сарын дунд хүртэл эрх баригч  намын дарга,  Ерөнхий сайдын  үүрэгт ажлаа хаших  болно гэдгээ  онцолсон юм.

Тэрбээр, "Сайд нарын танхимын тэргүүн  2-оос илүү бүрэн эрхийн хугацаанд энэ албыг хаших  ёсгүй гэдгийг би үргэлж  хэлдэг  байсан. Бид шинэ Ерөнхий сайдыг сонгох үйл явцыг  эхлүүлнэ. Лейборист намын  Ерөнхийлөгчид  шинэ  тэргүүнээ  сонгох  үйл явцыг  2020 оны  1 дүгээр сарын  12-ны  өдөр  товлохыг  санал болгоно. Чухамхүү энэ өдөр  би  намын даргын албан тушаалаа,  харин  дараачийн өдөр нь Ерөнхий сайдын  албанаасаа  огцрох  болно" хэмээсэн байна.

Ерөнхий сайд  Мускатыг телевизээр ард түмэндээ  хандаж энэ мэдэгдлээ  хийхээс өмнө тус улсын нийслэл  хот Валлеттад  олон нийтийн эсэргүүцлийн өргөн жагсаал цуглаан болж байлаа.  Жагсагчид  Ерөнхий сайдаас албан тушаалаасаа огцрохыг шаардаж байсан төдийгүй засгийн газрыг авилгын хэрэгт  буруутгаж, сэтгүүлчийн  амь  насаа  алдсан хэргийг шударгаар мөрдөн шалгахыг уриалж байлаа. Сэтгүүлч, нэрт  блогч Дафнагийн амь насанд халдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа засгийн газрын хэд хэдэн гишүүнийг албан тушаалаасаа огцроход хүргээд байгаа юм. Тухайлбал  өнгөрсөн сарын  26-ны өдөр засгийн газрын тамгын  газрын дарга  Кита Шембри,  аялал жуулчлалын сайд Конрад  Мицци нар албан  тушаалаасаа огцорсон.  Мөн эдийн засаг, хөрөнгө оруулалт,  жижиг  бизнесийн асуудал  эрхэлсэн сайд  Кристиан Кардона  ч албан тушаалаасаа огцрохоо зарласан.

Гэхдээ сайд  нар  огцорсон  шалтгаанаа  албан ёсоор тайлбарлаагүй. ШенбриМицци нарын хувьд  сэтгүүлч  эмэгтэйн аминд халдсан хэрэгт зуучилсан  хэргээр сэжиглэн саатуулагдсан  бизнесмен Иоржен Фенекээс  авилга  авсан хэрэгт сэжиглэгдэж байгааг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан юм.  Мальтын нэртэй бизнесмен  Фенекийн 17  офшор компанийн тухай  сэтгүүлч  Дафна эрэн сурвалжлах нийтлэлдээ  бичсэн  байсан. Мөрдөгчид түүнийг өнгөрсөн 7 хоногт  саатуулан  баривчилсан бөгөөд  Валетта  хотын шүүхээс түүнд сэтгүүлчийн  аминд  халдсан хэргийн хамсаатан хэмээн  ял тодорхойлоод байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мальта улсын Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохоо зарлалаа  
Үзсэн: 97 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй