
Умард Солонгос энэ зунаас хойш төрөл бүрийн пуужингууд түүний дотор баллистик пуужингууд харвах хөдөлгөөнт төхөөрөмж байрлуулах бетонон нэмэлт талбайнуудыг хэдэн арваар нь барьсан байна. Энэ талбайн урт өргөн нь хэдэн арван метрээр хэмжигдэнэ хэмээн Японы Асахи сонин Америк Өмнөд Солонгосын эх сурвалжаас авсан мэдээллээс иш татан өнөөдөр нийтэлснийг олон улсын хэвлэлүүд мөн онцолж байна.
Пуужинг газраас шууд хөөргөх нь хөдөлгөөнт төхөөрөмжийг гэмтээх, эсвэл пуужингийн нислэгийн чиглэлд өөрчлөлт оруулах сул талтай байдаг юм байна. Тиймээс Умард Солонгос урьдчилан бэлтгэсэн ийм бетонон талбайнуудыг ашиглахыг илүүд үздэг хэмээн мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Мөн ээлжит пуужингийн туршилт хийх газрыг тодорхойлоход хүндрэл учруулахын тулд ийм олон талбай бэлтгэдэг байх талтай гэж үзэж байна. Умард Солонгос 2017 оны 11 дүгээр сард тив алгасагч баллистик Хвасон15 пуужингийн туршилт хийсэн юм. Энэ нь 12 мянган км-т буюу АНУ-ын нутагт тусах хүчин чадалтай пуужинд тооцогдож байсан юм. Түүнээс хойш Пёньян ийм өндөр хүчин чадалтай алсын тусгалтай пуужингийн туршилт хийгээгүй.
Хэдийгээр Умард Солонгос Вашингтонтой хийж буй яриа хэлэлцээний уур амьсгалыг эвдэхгүйг хичээж байсан ч өнөөдрийг хүртэл Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох яриа хэлэлцээнд дэвшил гараагүй л байгаа юм. Тиймээс Пёньян өнгөрсөн 5 сараас хойш бага тусгалын пуужингийн 13 туршилтыг хийгээд байна. Дээр нь энэ оны эцэст Умард Солонгос дунд эсвэл бүр алсын зайн тусгалт пуужингийн шинэ туршилт хийж магадгүй хэмээн Өмнөд Солонгосын тагнуулынхан таамаглаж байгааг Асахи мөн мэдээлжээ.
АСАХИ: Умард Солонгос пуужин хөөргөх олон талбай барьжээ | ||
Үзсэн: 91 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.