Шууд Chart

“Боловсролын салбар дахь ёс зүйн асуудал” хэлэлцүүлэг болов

2019-12-03 12:12:03

Авлигатай тэмцэх газар “Боловсролын салбар дахь ёс зүйн асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Олон нийтийн төвд зохион байгууллаа.

Боловсролын салбар нь ёс зүйн өндөр хэм хэмжээг өдөр тутам чанд сахин мөрдөх шаардлагатай бөгөөд боловсролын салбар дахь ёс зүйн орчин, мэргэжлийн ёс зүйн байдал, төлөвшил, ёс зүйн хичээлийн хөтөлбөрт үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид сургалтын хөтөлбөрийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ “Авлигын эсрэг хууль болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт сургалтын байгууллагууд эрх зүйн болон ёс зүйн хичээлийн хүрээнд суралцагчдад авлигын нийгмийн хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг эзэмшүүлж, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, авлигын эсрэг боловсрол олгох агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, стандартад тусгахаар заасан. Гэвч энэ нь өнөөгийн нөхцөл байдалд учир дутагдалтай байгаа тул цаашид Авлигатай тэмцэх газраас санаачлан бүх шатны сургалтын байгууллагын агуулга, хөтөлбөрт мэргэжлийн ёс зүйн асуудлыг зайлшгүй тусгуулахаар ажиллана. Сургууль ёс зүйн төоөвшил олгох орчин байх ёстой. Тиймээс энэ ажлын эхлэл болгож, өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа”-г онцлон тэмдэглэлээ.

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр сүүлийн үед хийсэн олон төрлийн судалгааны дүнгээр авлигын томоохон шалтгаан, нөхцөлийн нэг нь ёс зүйн асуудал болсныг дурдаад эхний ээлжинд боловсролын салбар дахь ёс зүйн талаар талууд нүүр нүүрээ харан ярилцаж, шийдлээ тогтох шаардлагатайг онцлов.

Хэлэлцүүлэгт МУИС, СУИС, ШУТИС, ДХИС-ийн багш нар болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Монголын Оюутны холбоо, “Цогц хөгжлийн төв” зэрэг байгууллагын мэргэжилтнүүд оролцож, оюутны ёс зүйн асуудал, дээд боловсролын салбар, орчин дахь ёс зүйн тандалт, судалгааны үр дүн, багшийн мэргэжлийн ёс зүй ба авлига, багшийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдын ёс зүйн төлөвшил зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, ярилцлаа.  


“Боловсролын салбар дахь ёс зүйн асуудал” хэлэлцүүлэг болов  
Үзсэн: 106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй