Шууд Chart

Брент ордын газрын тосны нөөц ирэх онд шавхагдана

2019-12-03 13:01:49

Их Британи-Нидерландын “Ройал Датч Шелл” компани ирэх онд Брент маркийн газрын тос олборлодог Умард тэнгисийн Брент ордын нефтийн сүүлчийн цооногийн олборлолтоо бүрэн зогсоохоор төлөвлөж байна гэж “Уолл Стрит Жоурнал” сонинд мэдээллээ.

Учир нь дэлхий дахинаа хамгийн алдартай энэ маркийн газрын тосны ордын нөөц шавхагджээ. “Энэ нефть 40 гаруй жилийн турш салбарынхаа тулгын чулуу байсан” гэж “Ройал Датч Шелл” компанийн Хайгуул, олборлолтын асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Стив Фимистер мэдэгдсэн байна. Гэхдээ Брент маркийн газрын тосны хольцын худалдаа үргэлжилнэ гэдгийг хэвлэлүүдэд тэмдэглэсэн байна. 

Шотландын эргээс 186 километрт, 140 метрийн гүнд байрлах газрын тосны энэ ордыг 1971 онд илрүүлсэн юм. Тухайн үедээ энэ орд нь дэлхийн хамгийн том ордуудын нэгд тооцогдож байлаа. Ордыг Умард тэнгист идээшдэг “Брент гусь” буюу хар галууны нэрээр нэрлэж, 1975 оноос эхлэн газрын тос, хий олборлож эхэлсэн байна.

Ийнхүү олборлолт нь тогтмол өссөөр 1982 он гэхэд хоногт 500 мянга гаруй баррель газрын тос олборлодог болжээ. Тухайн үед энэ нь Их Британийн нийт айл өрхийн талаас илүү хувийг бүтэн жилийн турш эрчим хүчээр хангах хэмжээний олборлолт байлаа. 1990-ээд оны эхээр энэ орд Их Британийн газрын тосны хэрэглээний 13 хувь, хийн хэрэглээний 10 хувийг хангаж байсан юм.

1990-ээд оны сүүлчээр Брентийн олборлолт унаж, эндээс олборлосон газрын тосыг Умард тэнгисийн “Фортис”, “Осеберг”, “Экофиск”, “Тролл” зэрэг бусад ордын нефтьтэй холих болсон. Брент ордод үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 2 тэрбум гаруй баррель нефть, 161 тэрбум шоо метр хий олборлосон гэж “Ройал Датч Шелл”-ээс мэдэгджээ.

Брент маркийн нефть олборлолтын оргил үедээ бусад газрын тосны жишиг болж, энэ маркийн үнээс бусад сортын үнэ шалтгаалдаг байсан юм.  

Нийтэлсэн: Mонголын радио

Брент ордын газрын тосны нөөц ирэх онд шавхагдана   
Үзсэн: 543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй