Шууд Chart

О.Сонинбаяр: Волейболын лиг “цангаа” тайлж байна

2019-12-03 16:05:53

Монголын волейболын холбооны Үндэсний “Дээд лиг-2019” тэмцээнийг МҮОНТ шууд дамжуулан үзүүлж байгаа билээ. Спортын төв ордонд болж буй тус тэмцээний тойргийн тоглолтууд дуусч, маргаашаас медалийн тоглолтууд эхлэх юм. Энэ үеэр тэмцээнийг дагнан ажиллаж байгаа “MNB Sport” сувгийн редактор, спортын сэтгүүлч О.Сонинбаяртай ярилцлаа.

-Волейболын лиг одоо ямар шатандаа яваа вэ. Энэ талаар хоёулаа яриагаа эхэлье?

-Монголын волейболын холбоо (МВХ)-ноос анхдугаар лигийн тэмцээнийг 1995 онд зохион байгуулж эхэлсэн түүхтэй юм билээ. Харин эмэгтэйчүүдийн лигийг 1997 оноос эхлүүлсэн гэдэг. Ийнхүү 2011 он хүртэл 17 удаа лиг зохион байгуулаад найман жил завсардсан юм. Тэр хугацаанд МВХ-ны цомын аварга шалгаруулах тэмцээн лигийг орлож байв. Гэхдээ орчин үед нэр маш чухал болсон учраас хүмүүс энэ жилийн “Дээд лиг” шиг төдийлөн анхаарал хандуулдаггүй байж. Энэ жил лигт эрэгтэй долоо, эмэгтэй найман баг өрсөлдөж байна. Эмэгтэй багаас “Уурхайчин” багт ОХУ-ын нэг тоглогч ирсэн бол эрэгтэй бүх багт гаднаас тоглогч ирсэн. Лигт багууд гурван тойрог өрсөлдөж, нийт 108 тоглолтын дараа медалийн төлөө өрсөлдөх багууд тодроод байна. Медалийн эздийг цуврал тоглолтоос тодруулах бөгөөд түрүүлж гурав хожсон нь ялна. Шигшээ тоглолтууд маргаашаас 8-ны хооронд явагдана. Үүнийг манай “MNB Sport” суваг шууд дамжуулна.

-Одоо медалийн тоглолтууд л үлдлээ. Өрсөлдөөн ч дээд цэгтээ хүрэх болов уу?

-Үр дүнг таах арга алга. Ширүүн өрсөлдөөн гарах нь мэдээж. Гурав дараалан хожоод медаль авах баг ховор л болов уу. Их л тэнцүү үзнэ дээ. Мөн шилдэг хамгаалагч, хаагч, давуулагч, довтлогч, тэгш тоглогчийн шагналыг хэн авах нь үнэхээр сонирхол татаж байна. Ихэнх тоглогчийн анхны лиг гэдгээрээ замналд нь мартагдахааргүй тэмцээн болж байгаа. Түүнчлэн анх удаа лигийн медальтан, лигийн шилдэг гэх нэр хүндтэй шагналын эзэн болох учраас бүр бахархалтай болно. Олон залуу тамирчны амжилтын гараа болсон сайхан тэмцээн болж байгаад таатай байна.

-“MNB Sport” суваг яагаад “Дээд лиг”-ийн тэмцээнийг шууд дамжуулах болов?

-Мэдээж оны эхэнд календарчилсан төлөвлөгөө гаргаж гадаад, дотоодын шууд дамжуулах тэмцээн, нэвтрүүлгээ тодорхой зорилттойгоор сонгодог. Гэхдээ волейболын “Дээд лиг” яг хэзээ болох нь тодорхойгүй байсан учраас манай төлөвлөгөөнд ороогүй байлаа. Харин энэ цаг үед болж байгаа болохоор би ч гэсэн энэ лиг рүү орсон. Мөн волейболын холбооны удирдах бүрэлдэхүүнд өөрчлөлт орсноор лигээ эргэн сэргээх шийдвэр дараа нь гарсан. МҮОНТ-ийн спортын сувгийн хувьд нэг өдөр эсвэл амралтын хоёр өдөр болоод өнгөрөх тэмцээн уралдаан гэхээс илүү удаан хугацаанд үргэлжилсэн, тогтвортой контентуудыг шууд дамжуулах сонирхолтой байдаг нь миний бие ийшээ чиглэсний гол шалтгаан боллоо. Учир нь үзэгчдэд тогтвортой үзэх нэвтрүүлэг хэрэгтэй шүү дээ. Лигийн олон тоглолт системтэй, дараалалтайгаар телевизээр гараад байхаар тухайн спортыг сонирхох хүүхэд багачуудын тоо нэмэгддэг. Эцэг эх, дунд сургуулийн багш нарын ойлголт ч нэмэгдэж, хүүхдүүдээ дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой.

-Та ихэвчлэн хөлбөмбөг, сагсан бөмбөг тайлбарладаг. Энэ удаа волейболын тэмцээнийг сонгосон нь сонирхолтой санагдаж байна шүү дээ?

-“Дээд лиг” өнгөрсөн аравдугаар сарын 25-нд эхэлсэн. Тэр үед ээлжийн амралттай байлаа. Зун тэмцээн уралдаан их байдаг учраас амарч амжаагүй юм. Хамт олон, сувгийн удирдлагууд намайг ажиллуулах хүсэлтэй ч байсан. Бүр амралтаа дуусгалгүй ороод дараа нь хоногоо нөхөөд ажиллаач гэсэн санал тавьсан. Би ч санал нэг байлаа. Нэг ёсондоо өөрийгөө ажиллах ёстой юм байна гэдгийг мэдэж байсан. Волейбол гэхээсээ илүү лиг гэдэг утгаар нь сонирхож орсон л доо. Сэтгүүлч нарын хувьд урт хугацааны контент дээр ажиллах нь давуу талтай. Нэн түрүүнд тухайн спортын тухай маш сайн ойлголттой болж, арвин ихийг судалж, мэдэж авдаг. Дурдвал дүрэм, стандарт, тоглолтын стратеги, арга барил, үг хэллэг, баг, тамирчид, дасгалжуулагчид, түүх намтар, дотоодын болоод олон улсын холбооны үйл ажиллагаа, тэмцээнүүд гээд олон зүйл байна. Гол нь тухайн спортоороо мэргэших хандлагатай болж ирдэг дээ. Ерөнхийлөөд ярихад шүүгч дүрмээ, тамирчин өөрийгөө, дасгалжуулагч багаа анхаарах ёстой бол сэтгүүлч бүгдийг нь анхаарч судлаад, таньж мэдсэн зүйлсээ үзэгчдэд хүргэж, ойлголтуудыг өгөх шаардлагатай.

-Өөр ямар спортын төрлийг телевизээр тайлбарлаж байсан бэ?

-Би ер нь багийн спортын ихэнхи төрлийг тайлбарлаж байсан. Сагс, хөлбөмбөгөөс гадна волейбол, футзал, шайбтай болон зүлэгний, талбайн хоккей, усан поло, гандбол гэх мэт. Телевизийн ажил ч гэсэн багийн тоглолт учраас багийн спортуудад татагдаж байна шүү. Гэхдээ мэдээж хүндрэлтэй тал их бий. Тэмцээний тоглолтууд ихэнхдээ амралтын өдрөөр болдог учраас бямба, ням гарагийг амралтын өдөр чинээ бодолтгүй. Тайлбарлагчаас байнгын хөгжил шаарддаг. Нэг өдөр үргэлжлэх тэмцээн тайлбарлахад бэлдсэн зүйлсээ тоглолтын үйл явцтайгаа хослуулаад ярьхад болдог. Харин лиг бол өөр. Жишээ нь “Эрчим” багийн тоглолтын үеэр ярьсан мэдээллээ маргааш дахиад л яриад байх зохисгүй учраас байнгын бэлтгэл, хөгжил шаардлагатай. Энэ лигт л гэхэд нэг баг тойргийн 18 тоглолт хийж байна. Тоглолт бүрт тайлбар шинэчлэгдэх хэрэгтэй. Тэмцээний явц, өмнөх тоглолтууд чухал учраас статистикуудаа бүртгэж, байнга шинэчилж байх хэрэгтэй.

-Телевизийн баг хамтран ажилласнаар волейболын спорт, холбоонд нь хэрхэн нөлөөлөх вэ?

-Лигийн эхний долоо хоногт багууд гурван өдөр тоглоод ням гарагт дууссан. Би маргааш нь буюу дараа долоо хоногийн даваа гарагаас амралтаа дуусгаад ажилдаа орсон. Лигийн явцтай танилцахад ямар ч “Дээд лиг” эхэлсэн уур амьсгал байгаагүй. МВХ-ны цахим хуудсанд тоглолтын хуваариас өөр ямар ч мэдээлэл байгаагүй. Тэр даруй МВХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан болон шүүгч нартай холбогдож, асуудлуудыг ярилцсан. Улмаар хоёр талын хамтын ажиллагааны хүчинд богино хугацаанд хөгжүүлж чадсан. Одоо бол лиг маань лого, брэндбүүктэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй болсон. Тоглолтын хуваариа хүртэл өнгө загварынхаа дагуу гаргаж байгаа. Тэгээд лигийн хоёр дахь долоо хоногоос ажиллаж эхлээд цахим орчинд мэдээллүүдээ цаг алдалгүй оруулж эхэлсэн. Лигийн дүрэм, зохион байгуулалт, тоглолтын хуваариас эхлээд багуудын бүрэлдэхүүн, тамирчдын мэдээлэл, амжилтууд, хүснэгтийн байрлал, багийн болон хувь тоглогчийн статистик үзүүлэлт гээд бүх мэдээллийг “MNB Sport” хуудсаар түгээж байна. Дээрээс нь телевизээр үзэх боломжгүй, гадаадад амьдарч байгаа хүмүүс “MNB Спорт суваг” гэсэн фэйсбүүк хуудсаар тоглолтуудаа шууд үзэж байна. Үзэгчдийн хандалт нүдэн дээр нэмэгдсэн энэ мэт зүйлээс бид маш их урам авч байна.

-Тэгвэл өмнө нь волейболын тэмцээн хэрхэн явагддаг байсан бэ?

-Шууд болон бичлэгээр гадаад, дотоодын олон тэмцээнийг үзүүлж байсан. Сүүлийн найман жил лиг зохиогдоогүй учраас волейболын холбоотой энэ удаагийнх шиг нягт уялдаатай ажиллах шаардлага гардаггүй байж. Бидний хувьд мэдээ, сурвалжилга бэлтгэж, нэвтрүүлэг л хийдэг байсан. Лиг эхлээд хамт олон, үйл ажиллагааных нь цөм рүү орж эхлэх үед волейболын холбоо “энтертайнмент” юмгүй, гадагшаа үзэгч, сонирхогчид руу чиглэсэн үйл ажиллагаа дутмаг, хуучинсаг санагдсан. Олон жилийн өмнө байсан тогтоц, хэв маягаараа яваад байсан бололтой юм билээ. Одоо шинэ удирдлагууд нь энэ талд маш анхаарч ажиллаж эхэлсэн. Манай улсад волейболын спорт үүсээд 92, волейболын холбоо байгуулагдаад 62 жил болж байна. Ер нь хаа газар бугширсан байдлаас зайлсхийж, өөрчлөлт шинэчлэл хийж, цаг үеээ дагаж байж л хөгжинө. Баг тамирчдын амжилт бол дараагийн асуудал. Тэгэлгүй шууд тамирчдаа бэлдвэл нэг ёсондоо тэднийгээ хохирооно л гэсэн үг. Тиймээс холбооны үйл ажиллагаа цаашид хурдтай өргөжин тэлэх хэрэгтэй. 62 жил гэдэг бага хугацаа биш. Тэгээд ч багийн спортын ууган холбоо бусдаас хоцорч болохгүй. Мөн урагшилж байгаа бол өмнөхөө буруутгах ч шаардлагагүй. Шууд хийж үзүүлнэ гэж найдаж байна.  

-Тамирчдад лиг юугаараа давуу талтай байдаг вэ?

-Лиг тамирчдад маш чухал. Яагаад гэвэл урт хугацаанд үргэлжлэхээр тоглолтоос тоглолтод сайжирч, алдаан дээрээ суралцаж, дүн шинжилгээ хийх чадвартай болдог. Гол нь хөгжил нь тогтвортой. Ер нь тамирчин сайжирч болно. Гэхдээ тэр бол эхний асуудал. Яаж тэр хөгжлийг сааруулалгүй цааш сайжирсаар байх вэ гэдэгт л анхаарах хэрэгтэй. Хэн ч гэсэн тууштай хичээллэвэл сайжирна шүү дээ. Тиймээс ялгарах ёстой. Тэмцээн дөхөхөөр бэлдэж ороод бусад үед хаячих гээд байх хандлага манай багийн спортын төрлүүдэд их. Лиг бол тамирчдаас жин, форумаа барих, амралт, бэлтгэлийн цагаа тогтмол байлгаж, тэнцвэрийг нь хадгалах гээд олон зүйл шаарддаг. Үүнийг дагаад тамирчид ч хөгжиж, мэргэжлийн хандлага сууж эхэлдэг. Ер нь лиг бол бусад тэмцээнийг бодвол өгөөж ихтэй.

-Үүнийг та юунд тулгуурлаж хэлж байна вэ?

-Статистик худлаа хэлдэггүй гэдэг. Энэ үзүүлэлтээс маш олон өсөлт гарсан нь харагдсан. Эхний тойрогт хожоогүй багууд дараагийн тойргоос хожиж, 3:0-р хожигддог байсан бол 3:1, 3:2 болж өрсөлдөөн тэнцвэржиж эхэлсэн. Авч буй оноо, гарч буй ээлжийн тоглолтын тоо гээд л олон зүйл эрс өөрчлөгдсөн нь залуу тамирчдад өсч хөгжих боломж бүрэн байгааг харуулж байсан. Гол нь тэдэнд ийм тэмцээн л хэрэгтэй байж. Хэд хоног болоод дуусах тэмцээнд алдаагаа олох гэсээр байтал хасагддаг, олсон ч засах хугацаа гардаггүй. Хождог багууд нь ч сул талаа олж мэддэггүй. Гэтэл шигшээ баг олон улсын тэмцээнд орохоор бөөн дутагдал илэрдэг. Энэ лигт бол тэргүүлэх багууд учиргүй хожоод ноёрхоод байсан юм бас байхгүй. Жишээ нь лигийн өмнө болсон хамгийн том тэмцээн “Тэнүүн-Огоо цом”-д түрүүлсэн “Тэнүүн-Огоо” баг лигийн медалийн төлөө шалгарч чадсангүй шүү дээ. Энэ зэрэг олон баримт дурдаж болно.  

-Өмнө нь волейболын ямар томоохон тэмцээнд ажиллаж байсан бэ?

-2016 оны Риогийн олимп, 2018 оны Азийн наадам, 2018 оны залуучуудын олимпийн элсний волейболын төрөл зэрэг хилийн чанадад болсон тэмцээнд ажиллаж байсан. Дотоодын бусад тэмцээнд бол хугацаа давчуу учраас энэ удаагийнх шиг төвлөрч ажиллаж байгаагүй. Лигийн өмнө хүүхдийн спортын их наадмын волейболын тэмцээнд ажилласан.

-“MNB Sport суваг бий болсноор таниас гадна бусад уран бүтээлчдийн тань чадвар улам нэмэгдэж байгаа бололтой ...

-Тэгж хэлж болно шүү. МҮОНРТ-д анх ажилд ороход нэг л суваг байлаа. Дараа нь мэдээний сувагтай болж, залгаад спортын сувгаа нээсэн. Одоо бол телевизийн дөрвөн суваг тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Спортын сувгаа нээснээр сэтгүүлч, сурвалжлагч нэмэгдэж, түүнийгээ дагаад спортын болоод нэвтрүүлгийн төрлөөрөө мэргэших хандлага бий болсон. Мэдээний, нэвтрүүлгийн, шууд дамжуулалтын гээд л. Өмнө нь спортын алба, редакц байх үед нэг талд анхаарч ажиллах боломжгүй байлаа. Мэдээ, сурвалжилга, зочны ярилцлага гэх мэт олон ажил зэрэгцдэг байсан. Хүн хүч ч дутмаг байлаа.

-Та нар олон төрлийн спортын тэмцээн уралдааны шууд дамжуулалт, өдөр тутмын мэдээ, нэвтрүүлэг бэлтгэж үзэгчдэд хүргэдэг. Тиймээс үүнийг дагаад сонголт ч их гардаг байх ...

-Мэдээж анх спортын сэтгүүлчээр ажиллаж эхлэх үед бүхнийг таньж мэдэх хүслээр бүх л спортыг сонирхож, бүгдийнх нь зах зухаас суралцсан. Мэргэшиж гүнзгий судалсан спортын төрлүүд ч бий. Ялангуяа мэдээний сурвалжлагчаар ажиллахад өдөрт багадаа гурван төрлийн спортын тэмцээн уралдаанд очиж, олон зүйлсийг мэдэж авдаг. Тиймээс онолын мэдлэг, телевизээр үздэг гадны тэмцээнүүдээс олсон туршлагаа бататгах боломжтой. Тэгэхээр долоо хоногт 20 гаруй спортын төрлийн тэмцээнийг телевизээр биш бодитоор үзээд танилцана гэсэн үг. Мөн түүнийгээ дүгнэн найруулж, үзэгчдэд мэдээлэл болгон хүргэхээр дараа нь мартагдахааргүй тогтож үлддэг юм. Ер нь сэтгүүлч хүмүүс юмыг амархан мартдаггүй болов уу. Одоогоор шууд нэвтрүүлгийн үеэр 40 гаруй спортын төрлийг тайлбарлаж үзжээ. Монголд сайн хөгжөөгүй далбаат болон сэлүүрт завины уралдаан, дугуйт тэшүүр, хананд авиралт, элсний гандбол, усанд үсрэлт, уран сайхны сэлэлт, өвлийн спортуудаас уран гулгалт, снөүборд, уулын цана гээд олон сонирхолтой төрлийг тайлбарлаж байсан.

-Спортын суваг нээгдсэнээр холбоод, тамирчид, үзэгчдийн хооронд нягт уялдаа холбоо үүсч байх шиг ...

-Өмнө нь дотоодын хөлбөмбөг, футзал, сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн тэмцээнд редактор, тайлбарлагчаар ажиллаж байсан. Энэ нь сүүлийн хоёр жилд буюу спортын төрөлжсөн суваг нээгдсэнээр гарсан боломж юм. Волейболын лигийг шууд дамжуулж байгаа нь ч үүний нэг илрэл. Хуучин нэг сувагтай байхад бусад алба редакцийн нэвтрүүлгийг бүгдийг нь хаяад өдрийн турш спортын тэмцээн гаргаад байх боломжгүй байлаа. Тэгэх нь ч өрөөсгөл. Үзүүллээ гэхэд тэмцээний оргил мөч, шигшээ тоглолт нь 19:00-21:00 цагт болно. Гэтэл хамгийн их үзэгчтэй “Цагийн хүрд” нэвтрүүлэг 20:00 цагаас эхэлдэг учраас шууд дамжуулалт завсардахаас аргагүй болдог байлаа. Одоо бол өөр. Хамгийн ойрхноор нь волейболын лигээр жишээ авахад долоо хоногт дөрвөн өдөр, өдөрт 8-12 цаг шууд дамжуулж байна. Энэ нь бидэнд ачаалал ихтэй байдаг ч олон үзэгчийн хүлээлт, үүрэг хариуцлага байдаг. Бид волейболын лиг эхлээд одоогоор 168 цагийн тоглолтыг шууд дамжуулжээ.

 

“Дээд лиг”-ийн тэмцээний өрсөлдөөн хэр байв?

-Өрсөлдөөн сайн байлаа. Гол нь жигд. Хожигдолгүй баг байсангүй. Эрэгтэй 82, эмэгтэй 74 нийт 156 тамирчны 70 гаруй хувь нь анх удаа лигт тоглож байна. Ихэнх тамирчны анхны лиг учраас нас, туршлага ойролцоо өрсөлдөөн тэнцүү байгаа нь тэмцээнийг сонирхолтой болгосон. Волейболын лигийн нэг онцлог нь “Play-Off” буюу хасагдах шатны тоглолт гэж байдаггүй. Шууд медалийн тоглолтууд явагдах бөгөөд “Super Final” гэж нэрлэж байгаа. Тойргийн өрсөлдөөнд эхний хоёр байрт шалгарсан баг аваргын төлөө, гурав дөрөвдүгээр байрт орсон баг хүрэл медалийн төлөө тоглоно. Түүнчлэн өөр нэг өвөрмөц зүйл нь багуудыг тойргийн тоглолтуудад эзэлсэн байраар нь жагсаана. Нэгдүгээр тойргийн тоглолтуудын оноо дараагийн тойргуудад хамаа байхгүй. Байр нь л чухал. Өөрөөр хэлбэл тав хожоод 15 оноотой нэгээр гарах, гурав хожоод есөн оноотой нэгээр гарахын чанар адилхан. Сагсан бөмбөг, хөл бөмбөгийн лигт бол бүх тоглолтын дүнгээр жагсаадаг, нэгдмэл онооны системтэй учраас тоглолт бүр өрсөлдөөнтэй болдог. Хүснэгтэд доогуур байгаа багууд унахгүйн төлөө дээгүүр байгаа багууд медалийн өнгө хувиргахын төлөө, дундуур байгаа багууд нь ухрахгүйн төлөө тэмцдэг. Энэ нь ч тэмцээнийг улам сонирхолтой болгодог.

-Энэ хоёр журмын аль нь илүү үр ашигтай, сонирхолтой байдаг вэ?

-Лигийн тэмцээн учраас нийлбэр онооны систем нь л оновчтой гэж бодож байна. Тойргоор тоглож байгаа учраас тоглолт бүр аваргын тоглолт мэт ач холбогдолтой болно. Нэгдүгээр тойрогт хариуцлагагүй хожигдсоны гор нь сүүлийн тойргийн төгсгөлд гарна. Дээгүүр өрсөлдөж байгаа багуудыг хоорондын тоглолтын хожил нь зааглаж, эзлэх байрлалд нь чухал нөлөө үзүүлж байх ёстой. Нэг ёсондоо тамирчдын дуслуулсан хөлс, хөдөлмөрийг үнэлэх үнэлэмжийг л нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Лиг өмнө нь ийм системээр явагдаж байсан гэж зохион байгуулагчид хэлсэн. Үргэлж өмнөхөө дагаад байвал хөгжихгүй гэдэгтээ санал зөрөх хүнгүй байх. Өөрчлөлт шинэчлэл хэзээд байх ёстой. Холбооны шинэ удирдлага, баг бүрэлдэхүүн энэ талд цаашид онцгойлон анхаарч ажиллах байх. Хөлбөмбөгийн лиг гэхэд 2015 оноос хасагдах шатны тоглолтгүй болж, зөвхөн тойргийн дүнгээр аваргаа тодруулах болсон нь оносон шийдвэр болжээ гэдэг нь одоо илэрч байгаа. Волейболын лигийн гуравдугаар тойргийн сүүлийн өдрийн тоглолтуудад энэ журмын дутагдал гарсан гэж бодож байна. Яагаад гэвэл сүүлийн өдрийн тоглолтуудаас үл хамаарч багууд хэддүгээр байраар гарах нь тодорхой болчихсон учир сэлгээний тамирчдаа гаргаж, тоглолтыг орхиж байсан. Энэ нь шууд дамжуулалт болоод тэмцээний эрчийг унагах нь тодорхой. Иймээс спорт холбоод үзэгчдийн сонирхлыг нэмэгдүүлэхэд анхаарч үйл ажиллагаагаа тооцоолох хэрэгтэй байгаа юм. Үзэгчгүй бол ямар ч спортын төрөл хөгжихгүй шүү дээ.

-Жишээ болгож ямар нэгэн тэмцээний явцыг хэлнэ үү?

-Болно л доо. 2012 онд Английн хөлбөмбөгийн лигт Манчестер хотын хоёр баг эхний хоёр байрт оноо адил бичигдэж байлаа. Сүүлийн тойргийн тоглолтдоо “Манчестер Юнайтед” хожсон учраас дараа нь тоглох “Манчестер Сити”-д заавал хожиж байж түрүүлэх шаардлага тулгарсан юм. Тухайн тоглолт “Манчестер Сити” өрсөлдөгч багтайгаа тэнцүү явж байгаад сүүлийн минутад хожлын гоол оруулж, “Юнайтед” багтай адил 89 оноотой болж, улмаар гоолын зөрүүгээр аварга болж байлаа. Ийм мартагдахааргүй, гайхамшигтай мөчүүд л үзэгчийг тухайн спортод, тухайн багт дурлуулж, эргэж буцахааргүй оруулдаг. Мөн хоорондоо харилцан хамааралтай, цуврал тоглолттой тэмцээнүүдээс л мартагдашгүй дурсамжтай тоглолтууд үлддэг юм даа.

-Лигийн тэмцээн болоод шууд дамжуулалтыг үзэгчид хэрхэн хүлээн авч байна вэ?

-Волейболын лиг өмнө нь сагсан бөмбөгийн лигтэй зэрэгцэхүйц ямар их үзэгчтэй байсныг хүмүүс хэлдэг. Тиймээс найман жилийн дараа эргэн сэргэхэд ёстой л “Цангасан адуу шиг залгилна” гэдэг шиг үзэж байна. Хүлээлт үнэхээр их байж. Шууд дамжуулалтын гол ач холбогдлуудын нэг бол орон зайг үл хамаарч орон нутаг, хилийн чанадад байгаа хүмүүст боломж олгодог. Ялангуяа орон нутгаас фэйсбүүк хуудсаар дамжуулан маш их талархал дэвшүүлж байгаа. Манайхан сүүлийн үед юмыг шүүмжлэхдээ л гаргууд болсон. Гэтэл манайд шүүмжлэл биш талархал ихээр ирж байгаа нь бидэнд урам болж байгаа. Ер нь Монголд ийм тэмцээн үнэхээр дутагдаж байжээ. Нэг ёсондоо лигийн тэмцээн үзэгчдийн “цангаа”-г тайлж байна. Түүнчлэн “Хасу Мегастарс” багийн эзэн, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш “Энэ өдрүүдэд улс орныг волейболын спортоор амьсгалуулж байгаа танай хамт олонд баярлалаа” гэж байсан. Нэг давуу тал нь эх орны хаана ч ямар ч кабелийн телевизээр манай суваг гарч байгаа. Мөн “Ховд Алтайн Барс Хилчин” багийн эзэн, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Та бүхний шууд дамжуулалтын ачаар ирж үзэж чадахгүй олон мянган хүн дуртай спорттойгоо хамт байна. Олон хүүхэд залууст энэ спортыг сурталчилж, түгээн дэлгэрүүлж байгаа нь том хөрөнгө оруулалт юм” гэж байлаа.

"Эрчим" багийн эзэн Ү.Төмөрхуяг. 

-Цахим мэдээллийн хэрэгсэл ч идэвхи ихтэй байгаа нь ажиглагдсан шүү?

-Ингэж асуусанд баярлалаа. Яалт ч үгүй хийсэн ажлуудаас маань хамгийн олонд хүрч байгаа нь энэ. Анх олон зүйл дутагдалтай байгааг хараад өрөвдмөөр ч юм уу, яагаад ч юм волейболыг дэмжье гэсэн сэтгэгдэл төрсөн. Цахим орчин дахь энэ ажлууд бол миний хийх ёстой зүйл биш. Хийгээд цалин урамшуулал байхгүй ч гэсэн хүүхдүүдэд урам зориг өгч байгаа нь түүнээс ч илүү сайхан. Эргээд надад ч сайхан сэтгэлийн хариу ирдэг. Мэдээж волейболын холбооныхон дэмжиж ажиллаж байгаа нь сайшаалтай. Авьяаслаг залуу тамирчид, өсч яваа шилдгүүддээ зориулж, #YoungTalent, #RisingStar гэсэн товч нийтлэлүүд хүргээд нэлээд тамирчин оролцжээ. Яагаад гэхээр шинэ үе гарч ирсэн. Тамирчдын 70 орчим хувь нь анх удаа лигт тоглож байгааг хэлсэн. Тиймээс хэдий хүмүүсийн танил болсон шилдэг тамирчдын алдрыг мандуулахаас илүү шинэ залуу тамирчдыг олонд мэдрүүлэхийг чухалчилсан. Зорилго маань ч бодитоор биеллээ олж байна. Энэ ажлыг хийхэд зураг дарж, мэдээллээ цуглуулахаас эхлээд маш их цаг хугацаа шаардагддаг. Харин нийтлэлүүд дор тамирчдын гэр бүл, багш нар, найз нөхөд, хөгжөөн дэмжигчдийн бичсэн олон эерэг сэтгэгдэл дараагийн нийтлэлийг оруулах урам хайрладаг.

-Баримт мэдээллүүдээ хэрхэн цуглуулж байна. Бэрхшээл тулгардаг уу?

-Яг тийм. Заавал баримттай, мэдээлэлтэй бичнэ. Тэгэхгүй бол бид үндэсний олон нийтийн телевизийнх учраас хоосон дүгнэлт өгөөд, багцаа таамаг гаргаж болохгүй. Гадны тэмцээн тайлбарлахад тамирчны нэрийг бичхэд л бүх намтар нь гарч ирдэг. Харин Монголд өөр. Бүгдийг өөрөө бүртгэж, эрж хайдаг. Тухайлбал волейболын холбоо фэйсбүүк дэх хуудсаа зургаан жилийн өмнө нээсэн юм байна билээ. Тэр хугацаанд оруулсан бүх мэдээллийг уншиж, бүртгэж авсан. Тамирчдын намтрыг мэдэх гэхээр өөрөөс нь өөр мэдэх хүн ховор учраас цахимаар л холбогдож авч байсан. Ялангуяа "Тэнүүн-Огоо" багийн дасгалжуулагч Б.Чинбат энэ талд маш хариуцлагатай хандаж, багийнхаа бүх тамирчны мэдээллийг бидний бэлдсэн анкетийн дагуу бөглөж өгсөн. Дараа нь мэдээллүүд оруулахад ихэд талархсан. Тэрбээр “Өмнө нь олон удаа ингэж бэлдэж өгдөг байсан. Гэвч тэр үед ерөөсөө ийм бодитой ажил болж байгаагүй. Харин энэ удаа тэс өөр сэтгэгдэл үлдээлээ. Танай ажлын хамт олонд маш их баярлалаа” гэж байсан. Ер нь аливаа спортын хөгжилд зайлшгүй домог, шүтээн болсон тамирчид буюу “icon”, “idol” хэрэгтэй. Тэр тамирчид энэхүү шинэ үеэс удахгүй “төрөн” гарах байх.

-Волейболын тамирчидтай анх хэрхэн танилцаж, хамтарч ажиллаж эхэлсэн бэ?

-Хамгийн анх 2015 онд ОУХМ Э.Сайханбаатартай “Амжилтын гараа” нэвтрүүлгийг хамтран бэлтгэж танилцаж байлаа. Тэр цагаас одоог хүртэл дотно найзалж байгаа. Ур чадвараасаа гадна биеэ авч явах чадвараа дүү нартаа үлгэр дууриалал болсон мундаг тамирчин байгаа юм. Энэ жилийн лигт ажилласнаар бусад тамирчидтайгаа ч дотно болсон. Цаашид зорилтот нэвтрүүлэг хийх санаа байгаа. Волейбол сонирхогчдод зориулсан тогтвортой нэвтрүүлэг одоогоор Монголд байхгүй. Харин сагс болон хөлбөмбөгийнхт байдаг. Тиймээс үзэгчид нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм. Харин волейболд лиг тасарсан зэрэг шалтгаанаар үзэгчдийн тоо буурах хандлагатай болжээ.

-Дараа жилүүдэд ч лигийн тэмцээн болох байх. Цаашид юунд анхаарвал зохилтой гэж бодож байна вэ?

-Эхлээд өөрсдийн ажлаа дүгнэнэ дээ. Ялангуяа лигийг аль өдөр, ямар цагт, ямар тоглолтыг хэдэн хүн үзэж байна вэ гэсэн нарийн судалгаа гаргана. Үр дүнгээ дараа жилийн лигийн хуваарьт тусгаж, өөрчлөлт оруулна гэж төлөвлөж байна. Ингэснээр үзэгчдийн тоо эрс нэмэгдэх болно. Волейболын холбооны хувьд лигээ сэргээсэн нь үнэхээр сайшаалтай. Х.Бадамсүрэн эзэнтэй “Эрдэнэт” ТӨҮГ-ын хамт олон үүнд чухал оролцоотой. Юмыг эхлүүлнэ гэдэг л чухал байдаг. Цаашдын өсөлт хөгжил ч гэрэлтэй харагдаж байгаа. Олон байгууллага дэмжиж, хөрөнгө оруулалт нэмэгдвэл ахин дэвших боломж ч ихэснэ. Волейболын холбооны бүтэц, шүүгчид, баг бүрэлдэхүүн маш залуу учраас ахиц дэвшил түргэн гарч байна. Ц.Баярбаатар ерөнхийлөгчтэй МВХ-ны хамт олонд, нийт тамирчин, дасгалжуулагч, спортын зүтгэлтнүүдэд ажлын болоод спортын өндөр амжилт хүсэе.

Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсэе.  

 









Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Сонинбаяр: Волейболын лиг “цангаа” тайлж байна  
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Д.Халзан [127.0.0.xxx] 2019-12-04 01:57
СэтгуулчСонинбаяртаа талархал илэрхийлэеволейболын спортыг цаашид хегжуулэхэд анхаарах олон санаануудыг дэвшуулжээ цаашид МВХ-ны удирдах хумуустэй хамтран ажилахаа илэрхийлэе ньволейболын спортыг монгол оронд сурталчлан хегжуулж мэрэгшин ажилах Сан-Анжело чинь амжилт хусэе
Зочин [127.0.0.xxx] 2019-12-03 21:17
amjilt husieee duud ene ercheeree gyalalzaad bgaarai

Бидэнтэй нэгдээрэй