Шууд Chart

АНУ Францын 2.4 орчим тэрбум ам.долларын өртөгтэй бараанд гаалийн татвар ногдуулж магадгүй байна

2019-12-03 16:38:58

Франц улс Америкийн интернэт компаниудад цифрийн татвар ногдуулах болсонтой холбоотойгоор АНУ Францын 2.4 орчим тэрбум ам.долларын өртөгтэй бараанд гаалийн татвар ногдуулж магадгүй. Энэ тухай АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн даваа гарагт гаргасан тайланд дурджээ. Тухайлбал, 100 хүртэл хувийн нэмэлт гаалийн татвар ногдуулах бараанд франц бяслаг, оргилуун дарс, гоо сайхны бүтээгдэхүүнүүд орсон байна. 

Францын парламентаас өнгөрөгч долоодугаар сарын дундуур “Амазон”, “Эппл”, “Фэйсбүүк”, “Гүүгл” зэрэг цифрийн томоохон компаниудын үйлчилгээнд татвар ногдуулах тухай хууль баталсан нь АНУ-ын зүгээс ширүүхэн шүүмжлэлтэй тулгарсан. АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп л гэхэд энэ татварын хариуд франц дарсанд гаалийн татвар тогтооно гэж тухайн үед мэдэгдсэн юм. Харин наймдугаар сард Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Парис-Вашингтон хоорондоо тохиролцсон, олон улсын түвшинд цифрийн татвар ногдуулдаг болмогц Франц улс цифрийн томоохон компаниудад ногдуулах татвараа цуцална гэсэн байна.

Тэгвэл АНУ-ын Худалдааны төлөөлөгч Францын цифрийн татварт хийсэн шалгалтын эхний ажиллагаагаа дуусгаад, энэ нь “АНУ-ын компаниудыг ялгаварлан гадуурхсан явдал мөн” гэсэн дүгнэлтэд хүрснээ зарлалаа. Худалдааны төлөөлөгчийн энэ шийдвэр нь АНУ-ын компаниудыг ялгаварлан гадуурхсан цифрийн татварын дэглэмийн эсрэг АНУ арга хэмжээ авна гэсэн дохио боллоо гэсэн байна. Яг ийм шалгалтыг Австри, Итали, Туркт ч явуулж байгаа гэдгийг сануулжээ.

Францын сенатаас өнгөрсөн зун баталсан хуульд зааснаар, цифрийн үйлчилгээ үзүүлдэг томоохон компаниуд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Францын хэрэглэгчдэд чиглэсэн цифрийн үйлчилгээнээс олсон ашгийнхаа 3 хувийг татварт өгөх юм байна. Ингэхдээ жилийн үйлчилгээний орлогоороо дэлхий дахинаа 750 сая еврогоос дээш, Францад 25 сая еврогоос дээш давсан үзүүлсэн интернэт компаниудаас татвар авна гэж заажээ. 

 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ Францын 2.4 орчим тэрбум ам.долларын өртөгтэй бараанд гаалийн татвар ногдуулж магадгүй байна  
Үзсэн: 112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй