Шууд Chart

Самоа аралд улаан бурхан өвчний дэгдэлт их байна

2019-12-03 16:49:37

Номхон далайн өмнөд хэсэгт байрлах Самоа хэмээх арлын улсад улаан бурхан өвчний дэгдэлтийн улмаас 50 гаруй хүүхэд нас барсан гэж Засгийн газраас  нь мэдээллээ.

Улаан бурхны халдвар тахлын хэмжээнд хүртлээ нэмэгдсэн шалтгаан нь энэ улсын нийт хүүхдийн гуравны нэг хүрэхгүй хувь нь л вакцинжуулалтад хамрагдсантай холбоотой юм байна.

Өнгөрсөн 2018 онд хоёр хүүхэд улаан бурхны вакцины хүндрэлээр амиа алдсанаас болж Самоа арлын иргэд урьдчилан сэргийлэх тарилга хийлгэхээс татгалзаж эхэлжээ. Сувилагчдын алдаатай үйлдлээс болсон энэ эмгэнэлт үйл явдлын дараа орон даяар олон нийтийн сүлжээгээр вакцины эсрэг аян өрнөсөн байна.

Энэ сарын 2-нд Самаогийн Засгийн газар дахин таван хүүхэд улаан бурхны халдвараар нас барсныг зарлажээ. Энэ улсад аравдугаар сараас улаан бурхан дэгдэж эхэлсэн бөгөөд нийт 53 хүн амиа алдсан гэнэ. Тэдний дунд насанд хүрсэн нэг, өсвөр насны хоёр хүүхэд байсан гэж “Ассошэйтед Пресс” агентлагт мэдээлжээ. 

Мөн нас барсан хүүхдүүдийн олонх нь 0-1 насныхан байгаа юм. Одоогийн байдлаар 19 хүүхдийн биеийн байдал маш хүнд байна. Улаан бурхны дэгдэлт эхэлснээс хойш энд нийт 3700 гаруй хүн халдвар авч, 1100 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.

Улаан бурхны дэгдэлттэй холбогдуулан Самоа улсын Засгийн газар улс орондоо онц байдал тогтоож, 200 мянга гаруй иргэнээ нийтэд нь вакцинжуулалтад хамруулахаар болжээ. Одоогийн байдлаар 58 мянга орчим хүн л вакцинд хамрагдаад байна.

Аравдугаар сард бүх сургуулийг хааж, хүүхдүүдийг олон нийтийн газар явахыг хоригложээ. Мөн өчигдрөөс эхлэн төрийн албаны үйл ажиллагааг хэд хоногоор зогсоож, төрийн албан хаагчдыг улаан бурхантай тэмцэх ажилд дайчилж байна.

Самоагийн засаг захиргаанаас улаан бурхны вирусыг Шинэ Зеландын нэг жуулчин арал дээр нь тээж ирсэн гэж үзэж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Самоа аралд улаан бурхан өвчний дэгдэлт их байна   
Үзсэн: 106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй