Шууд Chart

ОХУ-д Зам тээврийн салбарын боловсон хүчин бэлтгэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа

2019-12-05 12:07:48

Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалын эхний өдөр ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевтэй уулзалт хийж, хоёр улсын харилцааны чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ОХУ-ын Тээврийн яамны Нэгдүгээр орлогч сайд И.С.Алафинов нар “Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Оросын Холбооны Улсын Тээврийн яам хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав.

Ингэснээр жил бүр ОХУ-ын Тээврийн салбарт боловсон хүчин бэлтгэдэг дээд сургуулиудад 85 хүртэлх тооны Монгол Улсын иргэдийг төмөр замын чиглэлээр, ОХУ-ын бүрэн тэтгэлгээр суралцуулахаар болов. Өдгөө Монгол Улсад хэрэгжиж буй Таван толгой-Зүүнбаян, Таван толгой-Гашуун сухайт, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Зүүнбаян-Ханги, мөн хэвтээ тэнхлэгийн Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан, Сайншанд-Хөөт-Бичигт, Сайншанд-Хөөт-Сүмбэр-Рашаант зэрэг зүүн бүсийн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд төмөр замын нарийн мэргэжлийн 5 мянган боловсон хүчин шаардагдах учир дээрх хэлэлцээр онцгой ач холбогдолтой юм.

Өнгөрөгч 11 дүгээр сард Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, айчлалын хүрээнд тохиролцсон зарим яриа хэлцлүүд ийнхүү албажиж байна.

 


ОХУ-д Зам тээврийн салбарын боловсон хүчин бэлтгэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа  
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй