Шууд Chart

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний” оролцогчдыг гуравдагчаар татах үндэслэлгүй гэв

2019-12-05 14:17:30

“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ нь нийтийн өмчийг хамгаалах зорилгоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайдын 2015 оны 4 захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор хандсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-аас “Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 94, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 99, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай Ерөнхий сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн.

Маргаан бүхий 4 захирамж нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, 17 дугаар зүйлийн 3, 20 дугаар зүйлийн 3, 23 дугаар зүйлийн 3-д заасан Засгийн газрын хамтын зарчмаар буюу танхимын зарчмаар хэрэгжүүлэх бүрэн эрхтэй холбоотой, Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, тухайн асуудал нь бусад гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол тухайн асуудлыг эрхэлсэн гишүүнд урьдчилан мэдэгдэж, санал солилцох шаардлагатай холбоотой дээрх хуулийн заалтуудад нийцээгүй гэж дүгнэсэн.

Маргаан бүхий 4 захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг удирдамжид заасан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн, захирамжаар гарын үсэг зурах эрх олгогдсон этгээд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан зэргээр 4 захирамжийн зохицуулалтын үйлчлэл нь дуусгавар болсон, маргаан бүхий захирамжууд биелэгдсэн учир шүүхээс эдгээр 4 захирамжийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэлд заасан “нийтийн өмчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол” шууд сэргээгдэхгүй.

Харин шүүхээс маргаан бүхий захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоосноор төрийн гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагын тэргүүн Ерөнхий сайдаас дахин илт хууль бус захирамж гаргахгүй байх, дараагийн шийдвэр гаргах үйл ажиллагаандаа нийтийн өмчийг хамгаалан, нийтийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зэрэг Монгол Улсын ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах зүй ёсны буюу хууль ёсны нийтийн ашиг сонирхлыг нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ дурдаж, шүүх хуралдааны явцад тайлбарлан маргаж байна гэж шүүхээс дүгнэж, нийтийн энэхүү хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээс хамгаалах нь үндэслэлтэй гэж үзсэн байна.

Маргаан бүхий 4 захирамжийг илт хууль бус болохыг шүүхээс тогтоосноор эдгээр захирамжийн эрх зүйн үр дагавраас үүссэн бусад харилцаа (түүний дотор санхүүжилтийн төлөвлөгөө гэж нэрлэгдэх хөрөнгө оруулалтын гэрээ)-ны хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүй, түүнд нөлөөлөхгүй болно.

Учир нь маргаан бүхий захирамжийн эрх зүйн үр дагавраас үүссэн эрх зүйн бусад харилцаа нь тусдаа өөр төрлийн харилцаа, бусад төрлийн эрх зүйн актад хамаарч байх тул бусад харилцаа ялангуяа “Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөө”-ний хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүй, түүнд нөлөөлөхгүй юм. Энэ асуудлаар маргаан үүсвэл тухайн гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ. Захиргааны шүүхээр шийдвэрлэсэн энэ маргаанд хамааралгүй.

“Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-ний хууль зүйн үндэслэлтэй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй, хариуцагч энэ талаар маргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.

Ийм учраас “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний” бүх оролцогчдыг гуравдагчаар татах үндэслэлгүй байжээ.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн албан ёсны вэб сайт http://admincourt.gov.mn/-аас танилцах боломжтой.

Ташрамд дурдахад, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль буюу захиргааны шүүх нэхэмжлэл хүлээж авдаг процессын хууль 2016 оны 07 сарын 1-ний өдөр шинэчлэн өөрчлөгдсөн.

Энэ шинэ хуулиар нийтийн эрх ашгийг хамгаалах тэр дундаа нийтийн өмч, байгаль орчин, хүүхдийн эрх, эрүүл мэнд зэрэг 4-н чиглэлээр чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа 3 жил явуулсан ТББ-ууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээсэн.

Энэ өөрчлөлтөөр гадаадын олон оронд хэрэгждэг туршлагыг нэвтрүүлсэн гэж ойлгож болно. Гол үзэл санаа нь улс орны хөгжилд нийтийн эрх ашиг сонирхлыг ТББ-аар дамжуулан хамгаалах, цаашлаад нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлыг төрийн захиргааны байгууллага авч үзэхдээ хуульд нийцүүлэн шийдвэрлэх, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа алдаагүй, хуульд нийцсэн байх, цаашлаад тухайн улсын хөгжилд хувь нэмэр оруулахад чухал үүрэгтэй гэж үздэг байна.

Яагаад гэвэл, нийтийн ашиг сонирхол нь олон нийтийн анхаарлын төвд байнга байдаг. Тийм учраас ийм төрлийн нэхэмжлэл шүүхийн хяналтад орсноор нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг шүүхээр өндөр түвшний, нарийн мэргэжлийн судалгаа, дүн шинжилгээ хийлгэх боломж олддог бөгөөд мөн олон нийтийн дунд өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийх, олон нийтийн санаа бодлыг тухайн нийтийн эрх ашгийн асуудалд хандуулж, тэдний санал бодлыг төрийн захиргааны байгууллага өөрийн үйл ажиллагаандаа тусгах, алдаагаа олж харах, цаашид алдаа гаргахгүй ажиллахад чухал түлхэц болж өгдөг. Үүнтэй холбоотой Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ТББ-ууд нэхэмжлэл гаргах тоо өссөөр байгаа, шүүхийн ачаалал ч мөн өссөөр байна. “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын гаргасан нэхэмжлэл ч үүний нэг жишээ юм” гэв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний” оролцогчдыг гуравдагчаар татах үндэслэлгүй гэв  
Үзсэн: 230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй