Шууд Chart

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа

2019-12-06 06:22:02

УИХ-ын чуулганы 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Эдийн засгийн байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган төслийн агуулгыг алдагдуулахгүйгээр найруулгын болон хууль зүйн техникийн засварыг хийсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Тогтоолын төслийн 2 дахь заалтад “зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох”, “ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх”, ”санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих бодлого, зохицуулалт, хяналтын нэгдсэн тогтолцоо бий болгох хэрэгцээ, шаардлагыг судалж, олон улсын стандарт, зөвлөмжийн дагуу хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг хэрэгжүүлэх санал боловсруулж, Улсын Их Хуралд танилцуулах” гэсэн 6, 7, 8 дахь дэд заалт нэмэхээр төсөлд тусгажээ.

Мөн тогтоолын төслийн 2.1 дэх дэд заалтыг “мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр олон улсын холбогдох байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын хяналтаас 2020 онд багтаан гарах” гэж, тогтоолын хавсралтын 2.2 дахь заалтыг “Банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох зорилгоор хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгож, системийн нөлөө бүхий банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах талаар банкуудыг хугацаатай үүрэгжүүлэх арга хэмжээг авна” гэж тус тус өөрчлөн найруулсан байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр банкны систем дэх чанаргүй зээлийн хэмжээ хэр байгаа талаар тодруулж асуусан. Мөн тэрбээр монгол төгрөгийн ханш унаж буйг дурдаад монгол төгрөгийн өгөөж бий эсэхийг лавласан.

Монголбанкны ерөнхийлөгч болон Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, төгрөгийн хадгаламжийн хүү жилийн 13-15 хувь байгаа нь гадаад валютын хадгаламжаас өндөр байгаа бөгөөд энэ нь төгрөгийн өгөөж валютынхаас өндөр буйг харуулж буй үзүүлэлт аж. Банкны систем дэх чанаргүй зээл 10 хувь байгаа гэлээ. Чанаргүй зээлийн хэмжээ 2016 онд 12 хувь, өнгөрсөн онд 11 хувь байсан бөгөөд энэ үзүүлэлт бага багаар буурч байгаа ч төдийлөн хангалттай хамжээнд хүрэхгүй байгааг Ажлын хэсгийн гишүүд мэдээлсэн. Зээлийн эргэн төлөлттэй холбоотой маргаан үүсч, шүүхийн шатанд зээл төлүүлэх ажиллагаа 5-7 жилээр үргэлжилдэг гээд энэ бүхэн хууль эрх зүйн орчинтой ч холбоотой гэдгийг дурдсан.

Ингээд тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг эцэслэн баталлаа.


Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа  
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй