Шууд Chart

"Сауди Арамко" компани дээд амжилт тогтоохоор байна

2019-12-06 12:24:05

Саудын Арабын газрын тосны "Сауди Арамко" компани дотоодын зах зээлээс 25 тэрбум долларын хөрөнгө босгож, дээд амжилт тогтоохоор байна. Саудын Арабын төрийн өмчит энэ компани хөрөнгийн зах зээлд гаргах нэг хувьцааныхаа үнийг 8.53 доллараар үнэлж байна. Ингэснээр хувьцааны борлуулалтаас 25.6 тэрбум доллар босгож, 2014 онд "Алибаба" компанийн хуримтлуулсан 25 тэрбум доллараас давж байгаа талаараа мэдэгдсэн байна.

Энэ үнээр "Сауди Арамко" компанийн зах зээлийн үнэлгээ 1.7 их наяд долларт хүрч, олон улсын хамгийн үнэ цэнэтэй компани "Аппле" компанийг гүйцэж түрүүлж байна гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Гэхдээ Саудын Арабын дотоодын хөрөнгийн зах зээлд гаргах энэ орлого угсаа залгамжлах хунтайжийнх нь анхны төсөөллөөс зөрж байна. Хунтайж Мохаммед Бин Салман "Сауди Арамко"-гийн үнэлгээг хоёр их наядад хүргэнэ гэж мэдэгдэж байсан юм. Мөн Саудын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасны дараа "Лондоны бирж" гэх мэт гадаадын зах зээлд борлуулж, 100 тэрбум доллар босгоно гэж зорьж байсныг ажиглагчид дурдаж байна.

Хувьцаа гаргаж хөрөнгө босгох нь Саудын хунтайжийн хувьд улс орноо газрын тосны орлогоос хараат бус болгож, эдийн засгаа хөрвүүлэх төлөвлөгөөнийх нь гол хэсэг юм. Шинэ үйлдвэрлэлийг хөгжүүлэх, том төслүүд хэрэгжүүлэх зэрэгт Риадад хэдэн арван тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх яаралтай шаардлага байгааг олон улсын хэвлэлүүд бичиж байна.

Одоогоор Саудын Арабын газрын тосны "Сауди Арамко" компани хувьцааны арилжаагаа чухам хэдийд эхлэх талаар зарлаагүй байна. Гэхдээ эх сурвалжуудын хэлснээр дотоодын хөрөнгийн зах зээл дэх арилжаагаа 12 дугаар сарын 11-нд эхэлнэ гэж байна. Пүрэв гарагт нэгж хувьцааны үнийг 8.53 доллар гэж тогтоосны дараа төлөвлөснөөс илүү захиалга авсан гэх мэдээ байна.

Нийтэлсэн: Mонголын радио

"Сауди Арамко" компани дээд амжилт тогтоохоор байна  
Үзсэн: 220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй