Шууд Chart

“Сауди Арамко” анхны хувьцаа борлуулалтаараа 25.6 тэрбум ам.долларыг босголоо

2019-12-06 14:18:48

Дэлхийн хамгийн том газрын тосны компани болох Сауди Арамко анхны хувьцаа борлуулалтаараа өмнө нь ямар ч компани, корпорацийн хүрч байгаагүй дээд амжилтыг тогтоогоод байна. Хятадын тэрбумтан Жэк Магийн үүсгэн байгуулсан цахим худалдааны Алибаба компани 2014 онд Нью-Йорк хотод хувьцаагаа анх удаагаа худалдаан гаргаж, 25 тэрбум ам.долларыг босгож байсан юм.

Тэгвэл Саудын Арабын Эр рияд хотын хөрөнгийн бирж дээр худалдаанд гарсан Сауди Арамкогийн хувьцааны борлуулалт 25.6 тэрбум ам.долларт хүрээд байна.

Пүрэв гарагт худалдаанд гарсан нэгж хувьцааны үнэ 32 рияль буюу 8.53 ам.долларын үнэтэй байжээ. Сауди Арамко нийт хувьцааныхаа 1.5 хувийг худалдахаар байгаа төдийгүй дотоодын болон одоогоор бүс нутгийн хөрөнгө оруулагчид л хувьцааг худалдан авах боломжтой байгаа юм. Ер нь Сауди Арамко компанийг 1.7 триллион ам.доллараар үнэлж байгаа  нь дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниар нэрлэгдэхэд хүргэжээ. Дэлхийн газрын тосны үйлдвэрлэлийн гол тоглогч болох Сауди Арамкогийн хувьцааг борлуулахаар болсон нь Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Бин Салманы улс эх орондоо эдийн засгийн өөрчлөлтийг явуулах төлөвлөгөөний нэг хэсэг юм. 

Тус улс шинэ үйлдвэрлэлүүдийг  эхлүүлэх болон мега-төслүүдийг санхүүжүүлэхэд хөрөнгө санхүү ихээхэн шаардлагатай болжээ. Сауди Арамкогийн хувьцаа ийнхүү Эр-Рияд хотын хөрөнгийн бирж дээр байршиж байгаатай цаг үетэй давхцан Австралийн Вена хотод  Газрын тос Экспортлогч Орнуудын Байгууллага буюу ОПЕК-ийн гишүүн орнуудын удирдагчид уулзаж байна. Энэхүү уулзалтын гол зорилго нь олон улсын зах зээл дээрх газрын тосны үнийг өсгөх юм. 2014 онд газрын тосны ханш огцом унаснаас хойш одоог хүртэл бүрэн сэргээгүй л байгааг шинжээчид онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Сауди Арамко” анхны хувьцаа борлуулалтаараа 25.6 тэрбум ам.долларыг босголоо   
Үзсэн: 440 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй