Шууд Chart

Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ

2019-12-06 19:58:41

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы (2019.12.06) өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр эхэллээ.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хот, орон нутгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавхи бэхжүүлэх зорилгоор 3 үе шаттай, 10 жилийн хугацаатай, “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа гэв. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.34 сая ам.долларын энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, Харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.48 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус тус хэрэгжүүлэх юм байна.  

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулсан.  Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга  Л.Төмөрбаатар болон холбогдох албан тушаалтнууд оролцов. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан, Л.Энх-Амгалан, О.Батнасан, М.Билэгт, Ц.Гарамжав, Б.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс төслийн хөрөнгийг эмнэлгийн байр засах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авахад зарцуулахаас гадна эмзэг бүлгийн иргэдийг эрт оношлогоо, эмчилгээнд хамруулах, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглүүлсэн эсэхийг илүүтэй тодруулав. Түүнчлэн гишүүд судалгаанаас харахад 27422 өрх эрүүл мэндийн гэнэтийн зардлаас болоод ядуурсан судалгаа байгаагаас гадна  эмзэг давхаргынхан хөнгөлөлтэй эмийг авахад орлогынхоо 95 хувийг зарцуулж байгааг тодотгов. Иймд эмзэг бүлгийн иргэдийн асуудлыг эрүүл мэндийн даатгалаар шийдэх, даатгалд хамрагдаагүй хүмүүсийн асуудлыг төслийн хүрээнд шийдвэрлэх, хөдөөгийн өрх, багийн эмнэлгийг эмч мэргэжилтнүүдээр хангах, тэдний мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарвал эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжирна гэсэн саналуудыг хэлж байлаа. 

Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх энэхүү төсөл нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа  зургаа дахь хөтөлбөр. Монгол Улсын эрүүл мэндийн хүртээмжийн талаар судалгаа хийхэд 63 хувьтай байна. Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн алслагдсан хороололд зургаан жишиг өрхийн эмнэлэг, Хан -Уул, Чингэлтэй дүүрэг, Увс, Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөх, 10 аймгийн сумын эрүүл мэндийн төвийг байгуулна. Төслийн хүрээнд эрүүл мэндийн барилга, эмнэлгийн тоног төхөөрөмж, сургалт, хүний нөөцөө цогцоор нь шийддэгээрээ онцлогтой. Төслийн зорилго нь эмзэг бүлгийн болон алслагдсан дүүрэг, хөдөө орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж, нэг ч хүнийг орхигдуулахгүй байхад чиглэсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хариултдаа онцолсон.

Иргэд шинжилгээ, оношлогоо, эмчилгээгээ тус тусдаа эмнэлгүүдэд очиж хийлгэдгээс цаг хугацаа, зардал их шаарддаг. Сонгинохайрхан дүүрэгт удахгүй ашиглалтад орох нэгдсэн эмнэлэг нь хавдар, төрөх, нярайн оношлогоо гээд 7 төрлийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэхээр болсон. Монголд ийм цогц үйлчилгээг нэг дор үзүүлдэг  эмнэлэг байгаагүй. Төслийн хүрээнд ийм нэгдсэн эмнэлгийн нэмж байгуулахаар төлөвлөөд байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хариултдаа онцлов. Тэрбээр цаашлаад бусад дүүрэг, алслагдсан аймгийн сумдад ийм эмнэлгүүдийг байгуулснаар иргэд эрүүл мэндийн даатгалаараа харьяа ойрхон эмнэлэгтээ очиж нэг цэгээс шинжилгээ, оношлогоо, эмчилгээгээ хийлгэх боломжтой болно гэсэн нэмэлт тайлбарыг өгөв. 

Ингээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.4 хувь нь дэмжив. 


Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй