Шууд Chart

“Алтан бөмбөг-2019” ёслолын ажиллагаа энэ пүрэв гарагт болно

2019-12-09 16:16:32

Монголын хөлбөмбөгийн спортын шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөг-2019” ёслолын ажиллагаа энэ пүрэв гарагт болно.

Зургаа дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй тус наадамд шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогч, шилдэг футзалын тоглогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй багийн дасгалжуулагч, шилдэг гоол гэсэн номинцад шилдгүүдийг өрсөлдүүлж байна.

Шилдэг эрэгтэй тоглогч: Дэрэн клубын хамгаалагч А.Дөлгөөн, Улаанбаатар Сити клубын хамгаалагч Н.Цэдэнбал, Дэрэн клубын хагас хамгаалагч Х.Цэнд-Аюуш.

Шилдэг эмэгтэй тоглогч: Монголын тэмүүлэл клубын хагас хамгаалагч С.Удвал, Дэрэн клубын О.Цасан-охин, Арвис клубын хагас хамгаалагч Г.Цолмон.

Шилдэг футзалын тоглогчид: Унаганууд клуб П.Гантулга, М.Чанцал, Э.Пүрэвдорж.

Эрэгтэй багийн шилдэг дасгалжуулагчид: Улаанбаатар Сити клубын дасгалжуулагч Д.Лүмбэнгарав, СП фалконс клубын дасгалжуулагч И.Отгонбаяр, Эрчим клубын дасгалжуулагч З.Баттулга.

Эмэгтэй багийн шилдэг дасгалжуулагч: Арвис клубын дасгалжуулагч Л.Банзрагч, Дэрэн клубын дасгалжуулагч В.Мөнхжаргал, Монголын тэмүүлэл клубын дасгалжуулагч Ц.Ганболд.

Шилдэг гоол-д нийт 10 гоол өрсөлдөж байна.

Бүтэн улирлын турш үзэгч хөгжөөн дэмжигчдээ баясгасан олон гоол байснаас Монголын хөлбөмбөгийн холбооны тэмцээн зохион байгуулах хэлтсийн зүгээс 40 гоолыг эхний ээлжид нэр дэвшүүлсэн. Үүнээс хамгийн шилдэг гэсэн 10 гоол эцсийн шатанд үлджээ. Шилдэг гоолын эзнийг үзэгчдийн саналаар шалгаруулах юм.

Үүнд:

  • 2022 оны ДАШТ-ий анхны гоол буюу Н.Цэдэнбалын Брунейн хаалганд оруулсан гоол
  • Монголын шигшээ багийн ДАШТ-ий хоёрдугаар шатанд оруулсан анхны гоол буюу А.Дөлгөөний Мьянмарын хаалганд оруулсан гоол
  • 16 хүртэлх насны шигшээ багийн тоглогч Д.Шийрэвжамцын Австралийн хаалганд хүчтэй цохилтоор оруулсан гоол нэр дэвшиж байна

Урьд өмнөх жилүүдээс олон тоглолттой, илүү гоолтой, басхүү өрсөлдөөнтэй өрнөсөн "Мазала" үндэсний дээд лиг болон Холбооны цомд орсон гоолууд:

  • Оцу Казутакагийн гоёмсог гуядалт
  • Павел Захаровын сум шиг цохилт
  • Давид Савиологийн мэдрэмжтэй, хүчтэй, оновчтой алсын цохилт
  • "Эрчим" клуб "Холбооны цом"-ыг өргөхөд чухал нөлөө үзүүлсэн Шого Ёшикавагийн гоол тус тус нэр дэвшиж байна.

Өнгө үзэмж хийгээд Монголчууд хөлбөмбөг тоглож чаддаг гэдгийн нотолгоо болсон гурван гоол бий.

  • "Мазала" нэгдүгээр лигийн "Соёмбын барсууд" багийн тоглогч Ц.Батбаярын "өндөр түвшний төгсгөл" бүхий гоол
  • "Эмэгтэйчүүдийн лиг"-ийн "Арвис" клубийн охидын өрнүүлж чадсан гайхалтай хувилбар, гоёмсог төгсгөлийн эзэн Г.Цолмонгийн гоол
  • 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнд зүгээр ч нэг гоолууд урсаад байдаггүйн нотолгоо болсон Дархан-Уул аймгийн А.Дашнямын уран мэдрэмжээс бүтсэн гоол 2019 оны "Шилдэг гоол" номинацид тус тус нэр дэвшиж байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Алтан бөмбөг-2019” ёслолын ажиллагаа энэ пүрэв гарагт болно  
Үзсэн: 243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй