Шууд Chart

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа

2019-12-13 06:41:51

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газар өргөн мэдүүлсэн Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлах хамгаалахын сайд Н.Энхболд, Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулав.

Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд зах зээлийн хүрээгээ тэлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, эсхүл үйлдвэрлэхэд өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 1975 онд Бангкокийн хэлэлцээрийг байгуулж, 2005 онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АНДХХ/ болгон өөрчилсөн. Тус хэлэлцээр Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг 6 гишүүн оронтой.

Хэлэлцээрийн бүтцийн хувьд АНДХХ нь 3 хавсралтаас бүрдэх бөгөөд 1 дүгээр хавсралтад Үндэсний хөнгөлөлтийн жагсаалт, 2 дугаар хавсралтад гарал үүслийн дүрэм, 3 дугаар хавсралтад гишүүн улс хооронд үйлчилгээний болон барааны худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих тухай ерөнхий хэлэлцээрүүд тус тус багтсан. Түүнчлэн, 2017 оны 1 дүгээр сард Бангкок хотноо болсон АНДХХ-ийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээний 4 дүгээр үе шатыг эцэслэж, үндэсний хөнгөлөлтийн жагсаалтыг шинэчлэн баталж, гарал үүслийн шалгуурын тухай журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Дээр дурдсан хавсралтууд болон нэмэлт, өөрчлөлт нь АНДХХ-ийн гишүүн улс хоорондын экспорт, импортын бараанд тусгай хөнгөлөлтийг олгож, барааны болон үйлчилгээний худалдаан дахь саад тотгорыг арилгах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагааны механизмыг бий болгох чухал ач холбогдолтой юм. Одоогийн байдлаар хэлэлцээрийн оролцогч улсууд нийт 4 удаагийн тарифын хэлэлцээгээр 10.000 гаруй бараа бүтээгдэхүүний татварыг харилцан бууруулах үүргийг хүлээсэн байна.

Монгол Улс АНДХХ-т нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлсэн бөгөөд Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээрт нэгдэн орох хэлэлцээг эхлүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгасан. Үүний дагуу АНДХХ-ийн гишүүн улсууд өөр хоорондоо хөнгөлөлттэй тарифаар солилцдог бараа бүтээгдэхүүнээс манай улсад үйлдвэрлэх боломжгүй болон өндөр өртөгтэй үйлдвэрлэгдэх 366 нэр төрлийн барааг сонгон авч үндэсний хөнгөлөлтийн жагсаалтыг гарган 2013 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн.

Манай Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64,7 хувь, экспортын 90 хувь, импортын 30 хувийг АНДХХ-ийн гишүүн орнууд тус тус эзэлдэг. Уг хэлэлцээрт нэгдэн орсноор гадаад худалдааны зах зээлийг тэлэх таатай орчин бий болох бөгөөд манай экспортын бараа, бүтээгдэхүүн БНХАУ, БНСУ-ын зах зээлд дунджаар 40%-ийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн, Монгол Улс БНХАУ, БНСУ- тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж байгаа энэ үед эхний ээлжинд хөнгөлөлттэй тарифыг хэрэглэж, үр дүнд суурилсан шийдвэр гаргахад таатай боломж бүрдэнэ.

Монгол Улс ДХБ-ын гишүүнээр 1997 онд нэгдэн орсон боловч одоогоор апиваа бүс нутгийн интеграцид хамрагдаагүй байна. Манай улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн болж, бүс нутгийн интеграцид нэгдэх нь эдийн засаг, улс төрийн хувьд хийх томоохон алхам болох аж.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон 38 гишүүний 24 буюу 63.2 хувь нь дэмжснээр Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдав.


Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа  
Үзсэн: 180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй