Шууд Chart

Усан дээрх хот-Амстердам

2019-12-13 12:08:10

-Аян замын тэмдэглэл-

Намрын адаг сарын аравдаар “улбар шар”-уудын нутаг Голландыг үзэхээр Варшавын Фредерик Шопены нисэх онгоцны буудлаас Амстердамыг зорин нислээ. Польшийн ЛОТ эйрлайны /Lot airline/ онгоц нэг цаг 50 минут орчим нисээд ногоорон харагдах тариалангийн талбай дээгүүр доошилсоор Нидерландын нийслэл Амстердамын “Шипхол” /Schiphol/ ОУ-ын нисэх онгоцны буудалд газардлаа. Шипхолын нисэх буудал нь Европын хамгийн ачаалал ихтэй нисэх буудлын гуравдугаарт жагсдаг бөгөөд 2018 онд 71 сая зорчигчдод үйлчилжээ. Шипхол нисэх онгоцны буудал нь далайн түвшнээс доош 4 метрт байрладаг. Тиймдээ ч “Шипхол” /Schiphol/ гэж нэрлэсэн нь олон зууны туршид усан онгоц олноороо зорчдог боомт байснаас үүдэлтэй нэр гэсэн түүхчдийн тэмдэглэгээ байдаг аж. Шипхол нисэх онгоцны буудал нь 1916 оны 9-р сарын 16-нд цэргийн зориулалттай нисэх баазын зориулалтаар нээгдэж байсан бөгөөд Дэлхийн I дайнаас хойш иргэний агаарын тээврийн нисэх буудал болжээ. Хожим Дэлхийн II дайны үеэр уг нисэх буудал бөмбөгдөлтөд өртөж сүйдсэн ч, 1949 онд Шипхол нисэх буудлыг сэргээн барьж улмаар Нидерландын хамгийн том нисэх буудал болгож чадсан байна.

Арваннэгдүгээр сард Европын ихэнх орнуудад намрын сэрүү орж ихэвчлэн бүрхэг бороотой байдаг хэдий ч Амстердамд очсон өдөр нарлаг сайхан байв. Энэхүү ер бусын оронд зуны сайхан улиралд ирсэн бол цэцэгсийн сайхныг үзэх байлаа. 4,5-р сард гайхам цэцэгс дэлгэрдэг учраас “Алтанзул цэцгийн орон” ч гэж нэрлэдэг гэсэн.

Нидерландын Гааг хотноо тоглолтоо хийж байгаа Нарны циркийн “Тотем” шоуны уран нугараач дүү Оюун-Эрдэнэ, нөхөр Францис Жалбертын хамтаар бид нисэх буудлаас галт тэргэнд сууж 15 минут орчим яваад Амстердамын галт тэрэгний төв буудал /Amsterdam Central Station/-д буулаа. Голландын архитекторч Питер Кейперсийн зураг төслөөр 1889 онд баригдсан энэхүү галт тэрэгний буудал эгээ л хааны ордон лугаа санагдсан. Амстердам хот бүхэлдээ усан дээр байрлах бөгөөд Амстердамын галт тэрэгний төв буудал л гэхэд 8687 тулгуур багана дээр тогтдог гэнэ.

Галт тэрэгний буудлаас таксинд сууж урьдчилан захиалсан “Эдэн” зочид буудалд очив. “Эдэн” зочид буудал Амстердамын Үндэсний дуурь балетын театрын эсрэг талд байрлах аж. Өрөөнүүд нь жижиг боловч тохилог, хүний хэрэгцээтэй цөм бүрэн. Эндээс 10 минут орчим алхаад хотын төвд хүрч болохоороо давуу талтай.

Сувгийн дагуу баригдсан өвөрмөц 3-4 давхар байшин барилга, хаа сайгүй эгнүүлэн тавьсан унадаг дугуй, сувгийн дундуур байрлах завин байшин зэрэг нь Амстердамын хэв маяг гэж хэлж болно. Ихэнх сувгуудыг XVII зуунд ачаа тээвэрлэх зориулалтаар барьсан бөгөөд ус зайлуулах системийг нь ч бий болгосон байна. Бидний буусан зочид буудлаас 10 орчим минут алхаад л Амстердамын төв талбай буюу Дам /The Dam/-ын талбайд хүрнэ. Дам далангийн нэрээр энэхүү талбайгаа нэрлэжээ.

Дам-ын талбайд 1956 онд барьсан цагаан шохойн багана бүхий үндэсний дурсгалын хөшөө харагдана. Энэ нь дэлхийн 2-р дайн болон бусад дайн тулаанд оролцож явсан Голландын цэргүүдийн дурсгалд зориулан барьсан хөшөө юм байна. Жил бүрийн 5-р сарын 4-нд Голландчууд эрэлхэг цэргүүдээ дурсан “Дурсах өдөр”-ийг тэмдэглэж энэхүү хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг гэнэ. Талбайн хойд талд /би бодохдоо хойд зүг гэж бодсон/ Нидерланд Виллем-Александрын гурван том орон сууцны нэг нь "Дэн буудлын ордон" буюу KoninklijkPaleis харагдана. Ромын засаг захиргааны ордны загвараар баригдсан энэхүү ордны тагтан дээрээс 1980 онд Нидерландын Хатан хаан Биатриксийг зарлаж байсан бөгөөд хожим нь буюу 2002 онд хунтайж Виллем-Александр, гүнж Максима нар уг ордны тагтан дээр үнсэлцэж, олон нийтэд хуримын зараа дуулгаж байсан гэнэ. Хааны ордны хажууд байрлах Готик загварын үзэсгэлэнт сүмийг XV зууны үед барьсан бөгөөд "Шинэ сүм" буюу NieuweKerk гэж нэрлэдэг юм байна. Энэхүү сүмийг “Хуучин чуулган” буюу Oude Kerk-ын ачааллыг багасгах зорилгоор анх барьсан гэнэ. Эдүгээ жуулчдын нүдийг хужирлах газруудын нэг болжээ.

Дам-ын талбайн эргэн тойронд жуулчдад зориулсан бэлэг дурсгалын дэлгүүрүүд үргэлжилнэ. Энд Голландын үзэсгэлэнт алтанзул цэцэг, салхин тээрэм, модон шаахай, Амстердамын суваг дагуух байшингийн дүрс бүхий дурсгалын зүйлс, “I Amsterdam” гэсэн бичиг бүхий аяга, цамц, цүнх гэх зэрэг зүйлсийг худалдаална.

Амстердам нь Европын хамгийн өнгө үзэсгэлэнтэй нийслэл гэгддэг. Тиймдээ ч жуулчдын хөл хөдөлгөөн тасардаггүй. Амстердам хотод олон музей, үзвэрийн газартай. Тэдгээрээс хүмүүсийн хамгийн их үзэж сонирхдог музей бол Амстердамын Үндэсний музей юм. Тус музейг Голландын алтан үеийн бүтээлүүдийн том цуглуулга гэж хэлж болно. Вермеер, Рембрандтын олон бүтээлүүд энд бий.

Бид хотоор явсаар Амстердамын Үндэсний музейд очлоо. Харин музейг сонирхох үзэгч жуулчид их байдгаас тухайн өдрийн тасалбар хэдийн дууссан байлаа. Иймд музей, үзвэрийн тасалбарыг өмнөх өдөр нь интернетээр урьдчилан захиалахыг Амстердамыг зорих аялагчдад дуулгая. Маргааш нь шиврээ бороотой өдөр байсан тул бид uber такси-гаар явж байж Ван Гогийн музейг үзлээ.

Ван Гогийн музей нээгдсэн цагаасаа Нидерландын үзүүштэй газруудын нэг болсон бөгөөд дэлхийн хамгийн олон хүн үздэг дүрслэх урлагийн музейн жагсаалтын 23-р бичигддэг байна. Музей 4 давхар 2 хэсэг байшингаас бүрджээ. Үзэгчид 11 хэлний сонголт бүхий аудио хөтөч чихэвчийг ашиглан үзмэрийн тайлбарыг сонсох боломжтой. Түүнчлэн олуулаа баг болж яваа бол хөтөч тайлбарлагч авч болох юм байна. Музей Винсент Ван Гог-ийн амьдралыг харуулсан он цагийн дараалал, өөрийнх нь хөрөг зураг бүхий танхимаар эхэлдэг. Голландын алдарт зураач Винсент Виллиам Ван Гог санваартны гэр бүлд зургаан хүүхдийнх нь нэг болж төржээ. Тэрээр 16 наснаасаа эхэлж урлагийн бүтээл худалддаг Goupil and Cie пүүст 6 жил ажиллаж, дараа нь богинохон хугацаанд багшилж байгаад Амстердамын Их Сургуулийн шашны номлолын факультетэд 2 жил суралцжээ.

Төгсөөд номлогчийн ажил хийх болсон ч 1879 онд ажлаасаа гарсан байна. Түүний уран бүтээлийн замнал 1880-аад онд буюу амьдралынх нь сүүлийн 10 жилд өрнөжээ. Түүний амьдарч байсан байшин, аавынх нь ажилладаг байсан сүм, тэр үеийн хөдөө тосгоны хүмүүс, тэдний амьдралыг харуулсан бүтээлүүд бүхий танхим музейн хоёрдугаар давхарт үргэлжилнэ. Ван Гогийг нэрд гаргасан анхны бүтээлүүдийнх нь нэг болох 1885 онд зурсан “Төмс идэж буй хүмүүс” буюу “The potato eaters” зургийг үзэгчид хамгийн их сонирхож байлаа. Мөн 3 дугаар давхарт 1888–1890 оны хооронд Ван Гогийн Францад байхдаа зурсан “Бүйлс цэцэглэх үе” /Almond Blossoms/, Цахилдаг /Irises/зэрэг гөлөглөж буй мод, цэцэгсийн тухай цуврал бүтээлүүдийг дэлгэн тавьжээ. Мөн Япон зургаас сэдэвлэсэн хэд хэдэн бүтээлийг энэхүү танхимаас үзэж болно. Дараагийн давхарт Ван Гогийн ах Тео-доо зориулан бичсэн захидлыг дэлгэн үзүүлсэн байлаа. Ван Гог хэдийгээр эхээс олуулаа боловч ах Тео-доо хамгаас дотно байжээ. Тео Ван Гогийг үргэлж дэмжиж, урам зориг өгч, хөрөнгө санхүүгээр тусалдаг байсан байна. Тиймдээ ч хүүдээ Винсент хэмээх нэр хайрласан гэдэг.

Ван Гогийг нас эцэслэхэд Тео маш ихээр сэтгэлээр унажээ. Харин Теогийн эхнэр болон хүү Ван Гогийн бүтээлүүдийг хадгалан үлдэж олны хүртээл болгоход ихээхэн хувь нэмэр оруулжээ. Теогийн бэлэвсэн эхнэр Жо 1905 онд Ван Гогийн 484 бүтээлээр Амстердамын үндэсний музейд үзэсгэлэн гаргасан нь Ван Гогийн нэр хүндийг өсгөхөд нөлөөлжээ. Жо нас барахдаа хүү Винсентдээ Ван Гогийн бүтээлүүдийг өвлүүлэн үлдээсэн нь өнөөгийн Ван Гогийн музейг байгуулах үндэс суурь нь болж өгсөн байна. Музейн 4 дүгээр давхарт Ван Гогийн нас барахаасаа өмнө зурсан бүтээлүүдийг дэлгэн харуулсны дотор түүний чихгүй хөрөг зураг багтсан байлаа. Музей үзэж явахад 4-5 дугаар ангийн болов уу гэмээр хүүхдүүд ангиараа музей үзэж, үзмэрийн талаар тэмдэглэл хөтөлж, хичээлээ хийж явсан нь хүүхэд багачуудад багаас нь урлагийг ойлгож хүндлэх боловсролыг олгох тал дээр анхаардаг болох нь анзаарагдаж байлаа. Тиймдээ ч Европын орнуудын ихэнх музей хүүхэд, оюутнуудад үнэ төлбөргүй байдаг.

Ван Гогийн музейгээс алдарт наранцэцгийн зургийн хуулбар болон дурсгалын зүйлс аваад Рембрандтын зургийн үзэсгэлэн үзэхээр явлаа.
Амстердамын томоохон 4-5 музей нэг дор байрлах бөгөөд 5 минут алхаад л Үндэсний музейд хүрэх нь тэр. Үндэсний музейн барилга мөн л ордон мэт харагдах аж. Сонирхон асууваас Амстердамын галт тэрэгний буудлыг барьсан архитекторч Питер Кейперс энэхүү музейн зургийг гаргажээ. Амстердамын Үндэсний музей буюу The Rijksmuseum нь 1798 онд Гааг хотноо нээгдсэн боловч 1808 онд Амстердам руу нүүлгэж Эзэн хааны ордонд байрлуулсан байна. Харин музейн одоогийн барилга 1885 онд ашиглалтад орж, 2013 онд шинэчлэн зассан аж. Бид энд Голландын алдарт зураач Рембрандт Ван Рейн болон түүнтэй нэгэн цаг үед амьдарч байсан Испанийн алтан үеийн төлөөлөгчдийн нэг Диего Родригес де Сильва Веласкес нарын зургийн үзэсгэлэнг эхлээд сонирхсон юм.

Уг үзэсгэлэн нь Амстердамын Үндэсний музейн нэгэн хэсэгт гарч байгаа бөгөөд 2020 оны 1 дүгээр сар хүртэл үргэлжлэх энэхүү үзэсгэлэнг Мадридын музейтэй хамтран гаргаж байгаа юм байна. Уг үзэсгэлэнгээрээ тэртээх нэгэн цаг үед амьдарч байсан хоёр нэрт зураачийн бүтээлийг харьцуулан харуулахыг зорьжээ.

XVII зууны үед Голландын уран зургийн хөгжлийн оргил үед амьдарч, дэлхийн уран зургийн түүхэнд бүтээлээрээ мөнхөрсөн Голландын алтан үеийн томоохон төлөөлөгч гэгддэг агуу зураач Рембрандт ван Рейн 1606 оны 7-р сард Голландын Лейден хотод 10 хүүхэдтэй айлын бага нь болон мэндэлжээ. Түүний эцэг тээрмийн эзэн Хармена Герритсзона ван Рейн нэлээд шүтлэгтэй хүн байсан бөгөөд энэ нь Рембрандтын хүмүүжилд нөлөөлж, хожмын уран бүтээлд нь тусгалаа олсон байна. Рембрандтыг багад нь Латин сургуульд явуулжээ. Улмаар түүний зурах сонирхлыг анзаарч 13 настайд нь зураач Якоб ван Сваненбюрх-д шавь оруулжээ. Рембрандт Амстердамд очиж Питер Ластмандын шавь болсон нь түүний зурах арга барилд гол нөлөө үзүүлсэн гэж судлаачид үздэг. Багшийнхаа тод өнгийн будгаар зурдаг, үйл явдлыг нарийвчлан үзүүлдэг онцлогийг Рембрандт өвлөн авчээ. Ингэхдээ түүхэн, туульс болон библийн сэдэвтэй зургаар дагнан нэлээд бүтээл туурвисан байна. Энэхүү үзэсгэлэнд түүний библийн сэдэвтэй зураг олон байлаа.

Рембрандт Амстердамд нүүж ирснээс хойш түүний нэр алдар өсч, ДокторТульпийн анатомийн хичээл” /The Anatomy Lesson of Dr. Tulp/ зураг нь түүнийг улам ч алдаршуулсан гэдэг. Хүний гарын бүтцийг судалж буй эмч нарыг наашаа харан зэрэгцэн сууж буйгаар дүрсэлсэн бүтээл нь хөрөг зурагт хувьсгал хийжээ. Түүнээс хойш Рембрандтаар хөргөө зуруулах гэсэн захиалга тасрахаа больсон гэдэг. Эдгээр хөрөг зургуудын заримыг энэхүү үзэсгэлэнд дэлгэн үзүүлжээ. Эхнэрийгээ нас бараад удаагүй байхад тэрээр “Шөнийн харуул” хэмээх бүтээлээ туурвижээ. 4 метр бүхий энэхүү бүтээл уг үзэсгэлэнгийн үзэгчдийн анхаарлыг татсан үзмэрт тооцогдож байлаа. Рембрандтын бүтээлийг хуулбарлан зурах явдал нэг хэсэгтээ газар авч байжээ. Тиймээс 1968 онд Амстердамд хуурамчийг нь жинхэнээс ялгахын тулд “Рембрандт” төслийг хэрэгжүүлсэн байна. Энэ төслийн эцсийн үр дүнг 2014 онд ном болгон хэвлэжээ. Үзэсгэлэнгээс гарахдаа энэхүү номыг дурсгал болгон худалдаж авлаа.

Рембрандт, Веласкес нарын үзэсгэлэн үзсэний дараа Амстердамын Үндэсний музейг үзэж сонирхлоо. 1795 онд Нидерландын харьяанд байсан Батавиа аймаг тусгаар тогтнолоо зарлаж Бүгд Найрамдах Батавиа улс болсон бөгөөд тус улсын Сангийн сайдаар ажиллаж байсан Исаак Гогел улс үндэстнийхээ ашиг сонирхлын хамгаалах зорилгоор 1795 онд Францын Луврын музейтэй адил төстэй музей барих шийдвэрийг гаргаж энэхүү музейг анх байгуулжээ. Одоо музей 1200-2000 онд хамаарагдах 8000 гаруй сонгодог бүтээл цуглуулгын үзмэртэй, жуулчдын хамгийн их сонирхон үздэг газруудын нэгд багтдаг болжээ.

Амстердам хамгийн олон музей төвлөрсөн газар гэж хэлж болох бөгөөд 42 музей байдаг гэж жуулчдад зориулсан газрын зурагт тэмдэглэжээ. Дээр дурдсан 2 музейгээс гадна Рембрандт Ван Рейний гэр музей, Анна Франкийн музей, Далайн музей, тэр бүү хэл Биеэ үнэлэгчдийн музей хүртэл байх аж. Амстердамаар аялахаар зэхэж буй хүмүүс хэрэг болох болов уу гэсэн үүднээс томоохон музейн тасалбар 19-20 евро байсныг хэлье. Энэ нь Амстердамын дундаж зоогийн газрын 1 таваг хоолны үнэ л гэсэн үг.

Амстердамын Үндэсний музейн гадна талбайд I Amsterdam хэмээх жуулчдын зургаа авахуулахад зориулсан улаан бичгэн хөшөө байсныг саяхан нүүлгэж өөр газар байрлуулсан байв. Тиймээс түүнтэй зургаа авахуулах төлөвлөгөө маань талаар болсон юм.

Амстердамаар аялах бас нэгэн сонирхолтой маршрут бол завиар аялах аялал байлаа. Hip on hip off завин аялал нь Амстердамын хамгийн үзүүштэй газруудаар усаар аялж, олон хэлний сонголт бүхий чихэвчээр тайлбарыг сонсох явдал юм. Амстердамын олон суваг бүхий усан зам нийтдээ 165км урт үргэлжилдэг учраас “Хойд Венец” гэж нэрлэх болжээ. Үндсэн 4 суваг бүхий усан зам Венецийнхээс ч урт учир Амстердамын зарим сувгийг ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгэж авсан байна. Амстердам хот бүхэлдээ шахам усан дээр байрладаг учир барилга байгууламж нь 11 сая гаруй тулгуур баганууд дээр тогтдог юм байна. Энгийн байшин дунджаар 10 орчим тулгуур баганатай байдаг бол Эзэн хааны ордон нь доороо 11 мянган тулгуур баганатай гэнэ. Мөн сувгийн дагуух завин байшинд хүмүүс олноороо байдаг бөгөөд 2500 завин байшин байдаг гэнэ.

Хот олон сувгуудтай учир мөн тооны гүүртэй. 1281 гүүр Амстердам хотод бий гэж аудио тайлбарлагч маань сонирхуулсан юм. Эдгээр гүүрээс хамгийн алдартай гүүр бол MagereBrug. Энэ нь 2 сувгийн огтлолцол, 15 гүүрийн уулзвар бөгөөд зураг авалт хийхэд хамгийн тохиромжтой газар гэдгээрээ алдартай аж. Жуулчдад зориулсан завины аяллын тасалбарыг 24, 48 цагаар авч болох бөгөөд 25 евро байсан юм. Мөн 21 еврогийн аяллын автобусаар Амстердам хотыг тойрч болно. Хэрвээ та дугуй унадаг бол дугуйтай ч аялж болно. Эндхийн бүх хүмүүс дугуй унах бөгөөд гудамж талбайд хаа сайгүй эгнэсэн дугуй харагдана. Мөн дугуйн зам хаа сайгүй. Та дугуйтай бол 20 минутын дотор хотын хаа ч зорьсон газраа хүрэх боломжтой. Мөн дугуй түрээсээр авч унаж болно.

Амстердам хотод дэлхийн бараг бүх орноос жуулчид ирдэг учир зочид буудал төдийгүй оройн хоол идэх зоогийн газраа ч урьдчилан захиалах хэрэгтэй болдог. Ялангуяа ням гарагт олонх зоогийн газар амардаг учир амттай хоол идэхийн тулд интернетээр нэлээд хайх хэрэгтэй байдаг юм байна. Амстердам хот газар нутаг багатай учир орон сууц, кафе, зоогийн газрууд нь ихэвчлэн жижигхэн, гэхдээ маш тохилог бөгөөд амттай хоолтой.

Орон зайн хязгааргүйд амьдардаг монгол хүний хувьд Голландчуудын энэхүү минималист байдал надад таалагдаж байлаа. Учир нь Голландчууд манай дэлхийн бараг хамгийн том биетэй, өндөр хүмүүс мөртлөө маш бага орон зайд хэнд ч төвөг болохгүй, шахуу жижиг зайд амьдарч ажиллаж хооллож байгаадаа огтхон ч төвөгшөөхгүй байдаг нь суралцууштай. Хааш хаашаа хэдхэн алхам зай бүхий кафе, зоогийн газарт танихгүй хүмүүстэй тохойгоо нийлүүлэн сууж, эвтэй найртай цайлж хооллож, хэнд ч саад бололгүй өөр өөрсдийн ажил төрөл, ахуй амьдралаа ярилцах нь нь миний хувьд шинэ содон зүйл байлаа.

11 дүгээр сарын дундуур Амстердам хот аль хэдийнээ Зул сарын гоёлоо зүүсэн байсан бөгөөд шөнийн Амстердам хотын гэрлэн чимэглэл хотыг улам үзэсгэлэнтэй харагдуулна. Шөнийн Амстердамаар аялахдаа Дам-ын төв талбайгаас холгүй байрлах “Улаан дэнлүүний гудамж”-ийг сонирхсон юм. Амстердам хот түүх соёл, урлагийн бүтээл, үзэсгэлэнт газруудаараа алдартай ч, бас Heineken пиво, биеэ үнэлэгчдийн музей болон бусад этгээд гаж зүйлсээрээ жуулчдын анхаарлыг татдаг бололтой. “Улаан дэнлүүний” гэх энэхүү гудамж өдрийн цагаар энгийн байшин байснаа орой болоход цонхондоо улаан гэрэл асааж, биеэ үнэлэгч хүүхнүүд дэлгүүрийн үзмэр аятай цонхон дээрээ хагас нүцгэн зогсож, тэднийг сонирхох залуусыг даллан дуудах нь сонин. Энд жуулчид “Улаан дэнлүүний” гудамжийг сонирхохоор олноороо хөлхөлдөнө.

Амстердамаар аялсан аялал маань ийнхүү дуусч Нидерландын төр захиргааны төв болсон Гааг хотод очихоор хөдөллөө.

Монголын радиогийн продюсер Зоригтын Дэнсмаа


Усан дээрх хот-Амстердам  
Үзсэн: 1812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
тэнүүлч [127.0.0.xxx] 2019-12-14 20:09
Малигар зураг л байхгүй бол уг нь зүгээр тэмдэглэл болж.. юм үзсэн хүмүүс ингэж малийгаад бдаггүй , дараа арай туршлагатай бичээрэй , би ч бас анхандаа ингэж малийж л байлаа 1998 онд.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-14 12:12
Би ч бас амстердамд 2 удаа очиж үзээд нэг аятайхан тэмдэглэл бичих юмсан гэж бодсон ч одоо хүртэл чадаагүй л байна, Сайхан тэмдэглэл байна, Таньд амжилт хүсье, Дахиад зөндөө бичээрэй
Зочин [127.0.0.xxx] 2019-12-14 11:28
Алив юмыг муугаар хардаг хүмүүсийн сөрөг энерги их болдог. Тэр нь байнга хадгалагдсаар ажил үйлст нь муугаар нөлөөлдөг. Иймээс хүмүүс минь улам ихээр танин мэдэж, сайн сайханд тэмүүлж бай
Зочин [127.0.0.xxx] 2019-12-14 05:27
ойлгомтой тодорхой уншихад хүртээмжтэй бичсэн байна баярлалаа
Соён гэгээрүүлэгч [127.0.0.xxx] 2019-12-14 00:52
Өөрийнхөө зургийг тавихгүй бол чам шиг хөлдүү толгойнууд уншихгүй шүү дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-12-13 23:37
Ih Saikhan bichjee
Зочин [127.0.0.xxx] 2019-12-13 23:37
За яахав дээ гэхээр л бичиж
Зочин [127.0.0.xxx] 2019-12-13 21:03
Өөрийнхөө зургийг тавьсан нь яг л найзынхаа фэйсийн постыг уншиж байгаа мэт
Зочин [127.0.0.xxx] 2019-12-13 19:51
Uuriinhoo zurgiig taviad baih.. kkk
Зочин [127.0.0.xxx] 2019-12-13 19:25
urgelz dutuu jmarch zurag baihgui hooson zai iim ym buu hiiz bai

Бидэнтэй нэгдээрэй