Шууд Chart

Д.Нямаа: 25 настнуудын дунд шүлгийн номын анхны уралдааныг зарлалаа

2019-12-13 15:40:50

“Улирал ба Зохиолч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч Данзангийн Нямаатай энэ улиралд гарч буй сэтгүүлийнх нь талаар ярилцлаа.  

-Танай сэтгүүлээс 25 наснуудын дунд шүлгийн номын уралдаан зарлаж байна гэж дууллаа. Энэ тухай яриагаа эхлэх үү?

-Тэгье. Манай сэтгүүл ирэх 2020 онд 25 нас хүрч байгаа яруу найрагчдын дунд шүлгийн анхны номын уралдаан зарлаж байгаа юм. Иймд үүнд оролцох найрагчдыг бүтээлээ ирэх гуравдугаар сарын 15-ны хооронд uliral_zokhiolch@yahoo.com хаягаар хүлээн авна. Оролцогчид төрсний гэрчилгээний хуулбараа хавсаргах шаардлагатай. Тэднээс бид нэг л номыг шалгаруулж, хэвлэлтийн зардлыг нь хариуцна. Мөн “Хавар” цуврлынхаа анхны дугаараар  гаргах юм. Найрагчид 9919-9083 гэсэн утасаар холбогдож лавлах боломжтой.

-Чухам яагаад 25 настнуудын дунд зарлаж байгаа юм бэ?

-Энэ  их учиртай. Хоёулаа одоо “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн 2019 оны өвлийн буюу 24 дэх дугаарын тухай ярилцаж байна. Тиймээс 2020 оны эхний буюу хаврын дугаар  манай сэтгүүлийн 25 дахь нь болох юм. Бид 25 дахь дугаарынхаа өдөрлөгийг ирэх оны гуравдугаар сарын дундуур хийнэ. Эрдэм шинжилгээний хурал, уншигч редакцийн уулзалт ч болно. Тэр үеэр 25 настнуудынхаа уралдаанд ирсэн номын шалгаруулалтыг  хийж, дүнг нь танилцуулна. Тэндээс л хэний ном хэвлэгдэх нь тодорхой болно доо.

-Энэ удаагийн дугаарын талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?

-Уламжлалт булан хуудсуудыг манай уншигчид хэдийнэ мэддэг болсон. Тууж, өгүүллэг, яруу найраг, захидал, зохиол төрсөн түүх, онол судлал, шүүмж, Монгол туургатны яруу найраг, сүүтэй дөрөө, дэлхийн шилдэг өгүүллэг,  дурсамж, нобелийн шагналтан, фото тэмдэглэл, хөөрөлдөөн, сондор, шинэ номын сураг гэсэн буланд шинэ шинэ мэдээлэл багтсан байгаа.

-Мөн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзаны хөтөлдөг “Уран зохиолын тухай яриа”, яруу найрагч, цаасан урлаач Ц.Галбадрахын  галарей, “Гэрэл зураг-он цаг” гэх мэт сонирхолтой булангууд ч байдаг даа ...

-Таны хэлэн булан бүгд бий. Аль бүхнийг нь танилцуулж барах вэ. Уншиж гэмээ нь л  жинхэнэ  таашаалаа  авч, бахаа эдэлнэ. Тэглээч гэсэн зарим нэгээс нь танилцуулья. Тухайлбал, Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн үргэлжилсэн үгийн ангийг Оросын нэрт зохиолч Владимир Крупиний удирдлаган дор төгссөн зохиолч  Б.Чимэдбатын анхны тууж “Нэг төгрөг” нэртэйгээр гарлаа. Их сонирхолтой тууж шүү.  Д.Урианхай ахын өнгөрсөн арваннэгдүгээр сард бичсэн экспромт, шинэ шүлгүүд багтсан. Мөн яруу найрагч Б.Галсансүх, Т.Баянсангийн шүлгүүд, зохиолч Т. Бум-Эрдэнэтэй хийсэн  хөөрөлдөөн үнэхээр уншууштай.

-Энэ удаагийн дугаарт Нобелийн  шагналтан буланд хаанахын хэн гэдэг зохиолч орсон бэ?

-2018 оны нобелийн шагналт зохиолч Ольга Токарчук орсон. Сая шагналаа гардаж авсан шүү дээ. Польшийн алдарт зохиолч энэ эмэгтэйн уран бүтээлийн зам мөр, намтар цадиг  хийгээд олон улсад алдаршсан “Гүйгчид” романых нь хэсгээс  та бүхэн  унших болно. Үүнийг манай сэтгүүлд зориулан орос, хятад хэлний авьяаслаг орчуулагч Б.Гэрэлээ бэлтгэж өгсөн юм. Мөн яруу найрагч Ч.Пүрэвдоржийн “Амьдралын төгөл” яруу найргийн номд бичсэн шинэ содон, өвөрмөц шүүмж уншигчдын сэтгэлгээний хаалгыг нээж өгөх болно. Энэ жил мэндэлснийх нь 100 жилийн ой нь тохиож байгаа Л.Бадарч зохиолчийн  тухай ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Мөнхбаяр сэтгүүлийн захиалгаар маш сонирхолтой судалгааны өгүүлэл орж байгаа.  ”Гар утсаа шөнөжин оролдогч бидний “хүүхэд” хийгээд “Хүжийн гал”-д ном уншигч  Ундрах хоёрын ... “ гэсэн  гарчигтэй байгаа. Ингэж хэлэхээр “Уншихсан” гэж бодогдож байгаа биз дээ.

-Нээрэй сонирхолтой санагдаж байх чинь.  Энэ дугаарын онцлох зохиолч, онцлох номын тухайд гэвэл ...

-Онцлох зохиолчоор “Утга  зохиолын судлал шинжлэл” цувралын санаачлагч, Ерөнхий эрхлэгч, яруу найрагч О.Содномпил, онцлох номоор нэрт орчуулагч О.Чинбаярын  “Дэлхийн утга зохиолын 10 боть”  тодорсон.

-Ярилцсанд баярлалаа.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Нямаа: 25 настнуудын дунд шүлгийн номын анхны уралдааныг зарлалаа   
Үзсэн: 685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй