Шууд Chart

Их Британи Европын холбооноос нэгдүгээр сарын 31-нд гарна

2019-12-14 18:00:00

Их Британи улсад бүх нийтийн сонгууль болж, тус улсын Ерөнхий сайд Борис Жонсоны Консерватив нам үнэмлэхүй ялалтыг байгууллаа. Энэхүү ялалтын дараагаар Ерөнхий сайд Борис Жонсон нэгдүгээр сарын 31 гэхэд Их Британи Европын холбооноос гарна гэсэн амлалтыг өгөөд байна. 

Их Британийн Европын холбооноос гарах асуудалд шийдвэрлэх нөлөөтэй бүх нийтийн сонгуулийн үр дүн Ерөнхий сайд Борис Жонсоны талд гараад байгаа юм. Түүний Консерватив нам парламентад нийт 365 суудалтай болж, үнэмлэхүй олонхийг бүрдүүлээд байна.

Харин сөрөг хүчний гол өрсөлдөгч Хөдөлмөрийн нам 203 суудалтай болсон бол үлдсэн санал бусад жижиг улс төрийн намуудад хуваагджээ. Их Британийн Консерватив нам 1987 оноос хойш ийм олон суудлыг авч байсан тохиолдол байхгүй бол Хөдөлмөрийн нам 1930 оноос хойш ийм хүнд ялагдлыг хүлээж байсан түүх байхгүй юм.

Энэ удаагийн бүх нийтийн сонгуулийн үр дүн гацаанд ороод байсан Их Британийн Европын холбооноос гарах асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Борис Жонсоны Засгийн газрын боловсруулсан Их Британийг Ервопын холбооноос гаргах хэлэлцээр өмнөх шигээ парламент дээр гацаанд орох байдал давтагдахгүй болоод байна. Үүнээс ч үүдэн тэрбээр бүх нийтийн сонгуулийн дараагаар олон нийтэд хэлсэн үгэндээ Их Британи Европын холбоог нэгдүгээр сарын 31 гэхэд орхин гарна гэдгийг мэдэгдлээ.

Энэ хооронд сөрөг хүчний Хөдөлмөрийн намын тэргүүн Жереми Корбин намынхаа төлөө чадах бүх зүйлээ хийсэн гэдгээ хэлж, ирэх жилийн эхэн үеэр намын даргын албан тушаалаасаа бууна гэж мэдэгдлээ. Үүнээс гадна Ерөнхий сайд Борис Жонсон Засгийн газрын танхимын гишүүдийнхээ дунд халаа сэлгээ хийх мэдээлэл гараад байна.

Их Британийн шинэ парламентын албан ёсны анхны хуралдаан ирэх долоо хоногийн пүрэв гарагт болно. Хуралдааныг Английн хатан Элизабет албан ёсоор нээж үг хэлнэ. Энэ удаагийн бүх нийтийн сонгуулийн санал хураалтын ирц 67.3 хувь буюу 2017 онынхоос 1.5 хувиар бага байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи Европын холбооноос нэгдүгээр сарын 31-нд гарна   
Үзсэн: 217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй