Шууд Chart

Нийслэлд шилжин ирэгсдэд тулгамддаг асуудлууд

2020-01-03 16:26:48

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын тоо гурван сая 299 мянга 607 байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2018 оны жилийн эцсийн байдлаар нэг сая 467 мянга 958 иргэн нийслэлд оршин суудаг аж. Тухайн үед Монгол Улсын хүн амын тоо гурван сая 188 мянга 531 байснаас харахад бараг тал хувь нь нийслэлийн оршин суугч. Үүнээс гадна Улаанбаатар хот руу шилжүүлгээ хийж, албан ёсоор бүртгүүлээгүй иргэн олон бий.

Орон нутгийн иргэд тогтвортой ажлын байр олох, чанартай боловсрол эзэмших, илүү хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах, төрөл садандаа туслах, халуун ам бүлээрээ байх болон бас бус шалтгаанаар нийслэлд ирдэг. Гэвч тэдгээр иргэд гэдгийг төдийлөн тооцдоггүй. Тухайлбал, нийслэлд шилжин ирсэн 40-өөс дээш насныханд  ажлын байрны сонголт хязгаарлагдмал болдог.

Түүнчлэн Нийслэлд байнга оршин суух шилжилт хөдөлгөөнийг 2017 онд зогсоосон бөгөөд 2018 онд Нийслэлийн оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Захирамжаар тус хоригийг 2020 он хүртэл сунгасан. Үүнээс үүдэн хотод албан ёсоор оршин суух бүртгэлгүй иргэд хорооноос мэдээлэл авах, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдээ сургууль цэцэрлэгт хамруулах боломж буурсан. Гэвч сүүлийн жилүүдэд нийслэлд шилжин ирэгсдийн дунд бүртгэлгүй иргэн, албан ёсны бүртгэлтэй хүнээс олон байгаа аж.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын захиалгаар Гэр хорооллын зураглал төв “Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа”-г оролцоонд тулгуурлан хийжээ. Дээрх судалгааны өнгөрсөн оны наймдугаар сард хэвлэсэн тайлангаас харахад шилжин ирэгсдийн хувьд Улаанбаатар хотод орон гэртэй болох нь санхүүгийн хувьд маш хүнд даваа гэнэ. Учир нь орон нутагтай харьцуулахад, хотод орон сууц болон хашаа байшин нэлээд өндөр үнэтэй. Ган зудад малаа алдсаны улмаас орон нутагт амьжиргаагаа залгуулах боломжгүй болсон иргэд хот, суурин газар руу нүүдэг. Үүнээс нийслэл рүү шилжиж буй иргэн, өрхийн ихэнх нь ажлын байр, боломж бололцоог эрэлхийлдэг учир санхүүгийн боломждоо тааруулан голдуу захын гэр хороололд болон нийтийн байранд суурьшдаг. Гэр хорооллын нийтийн байрууд боломжийн хямд төсөр үнэтэй ч хулгай, архидалт, согтууруулах ундааны хэрэглээг дагасан гэр бүлийн хүчирхийлэл ихээр гардаг.

Өнгөрсөн оны есдүгээр сард мэргэжлийн байгууллагуудаас нийтийн байрны үйлчилгээ эрхлэгч иргэн аж ахуйн нэгж, нийтийн байранд амьдарч байгаа болон хөдөө орон нутгаас түр оршин сууж буй иргэдийн бүртгэл судалгааг гаргах, татварт хамруулах, сэжигтэй эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, галын аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон орон байрны ариун цэвэр, эрүүл  ахуйн норм шаардлагыг бүрдүүлэх зорилгоор хяналт, шалгалт хийсэн. Уг шалгалтаар эрэн сурвалжлагдаж байсан болон оргон зайлсан 140 этгээдийг нийтийн байрнаас олж баривчилсан байдаг. Мөн нийтийн байрнууд төвлөрсөн шугамд холбогдоогүй, зөөврийн устай, гаднаа нүхэн жорлонтой, эрхэлж буй иргэн, хуулийн этгээд албан ёсны бүртгэл, зөвшөөрөлгүй, Дүүргийн Засаг даргын Тамгын газартай “Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулдаггүй, Нийслэл, дүүргийн татварын албанд татвар төлдөг эсэх нь тодорхойгүй, нийтийн байруудыг бүртгэн зөвшөөрөл олгодог, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг төрийн байгууллага байхгүйгээс оргон зайлсан этгээдүүд орогнож гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх нөхцөл бүрдсэн зэрэг цөөнгүй зөрчил дутагдал илэрсэн. Үүнээс гадна галын самбаргүй 10, галын хоргүй 15, цахилгаан утас гэмтэлтэй 13, байшин хоорондын зай ойр 31 нийтийн байр байгааг мэдээлсэн.

Өөр нэг асуудал нь зарим шилжин ирж буй өрх айл нийслэлд газар олдохгүйн улмаас зөвшөөрөлгүй газар бууж, гэр барьдаг. Хогийн цэг болон оршуулгын газартай ойрхон буусан айл ч бий. Ингэснээр тухайн гэр бүлийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учирдаг. Цаашлаад үерийн далан, цахилгааны шугамын ойролцоо буусан айлын эд материалд, өрхийн гишүүдийн эрүүл мэндэд эрсдэл үүсдэг.

“Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа”-ны тайланд дурдсанаар шилжин ирэгсэд нүүхээсээ өмнө нэн түрүүнд доорх бэлтгэлийг бүрэн дүүрэн хангах хэрэгтэй аж. Тухайлбал, нийслэлд оршин суудаг хамаатан садан, найз нөхөд, танилтайгаа холбогдох, туслах боломжтой эсэхийг нь баттай асууж лавлах. Тогтвортой ажил эрхлэх хүртлээ хувцас, хөнжил гудас, гал тогооны хэрэгсэл, хоол хүнсний хэрэглээндээ зарцуулах санхүүгийн бэлтгэлтэй байх. Учир нь шилжин ирж буй айл өрх аль аймаг, сумаас хэр их ачаатай нүүж ирж байна гэдгээс тээвэрлэлтийн зардал их гардаг. Ийн холоос нүүн ирж буй ихэнх айл эд хогшлоо тухайн газраа үлдээдэг аж. Тэгвэл тэр бүх эд, хэрэглэлийг шинээр худалдаж авах өртөг өндөр тусдаг. Хотод орон байр хүрэлцээтэй байгаа гэдэг ч үнэ нь орон нутагтай харьцуулахад хэт өндөр. Тиймээс орон сууц худалдан авах хүртлээ хаана амьдрах, гэр хороололд хашаа, байшин худалдаж авах бол албан ёсны гэрчилгээ, кадастрын зурагтай газар, байшин авснаар эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирохоос сэргийлж чадна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нийслэлд шилжин ирэгсдэд тулгамддаг асуудлууд  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Tuguldur [127.0.0.xxx] 2020-01-06 13:49
Niislel hotod maani shiljin ireh bol odoo tsag ued tohiromjgui ym. Niislel hotod shiljin irj amidarhad 10 say tugrug, teevriin heregselee udaan hugatsaand unaj ashiglah bol jild 5say tugrug, nevtren oroh burdee 5000 tugrug baihaar nemegduuleh in zuitei bilee. Ulaanbaatar hotiin maani achaalal hetersen bgaa shvv!

Бидэнтэй нэгдээрэй