Шууд Chart

Оман улс шинэ султантай боллоо

2020-01-13 10:33:40

Оман улсыг 50 орчим жил удирдсан султан Кабус бен Саид өнгөрсөн баасан гарагт таалал төгссөн юм. Харин тус улсын шинэ султанаар өдгөө 65 Хайтем нэрлэгдээд байна. Тэрээр Оман улсын Ойрхи Дорнодод хараат бус, бие даасан бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ хэлсэн байна.

79 насандаа таалал төгссөн султан агсан Кабус бен Саидын залгамжлагч, шинэ султан Хайтем бен Тарик Аль Саидын тангараг өргөх ёслол боллоо. Өөрийн гэсэн төрсөн хүүхэд, ах дүү байхгүй өмнөх султан Кабус бен Саид эрх мэдлээ үеэл дүү Хайтемд шилжүүлэн өгөх хүсэлтэйгээ байгаа талаараа захидал бичин үлдээсэн байж. Түүнийг таалал төгссөнөөс хойш гурван өдрийн дотор угсаа залгамжлагчийг тодруулах ёстой төдийгүй Хайтем ийнхүү шинэ султан болжээ.

2017 онд ерөнхий сайдын орлогчоор нэрлэгдэж байсан түүний ах Асаадыг султанаар сонгогдож магадгүй гэж үзэж байсан ч тийм зүйл болсонгүй. Зөрчилдөөн, мөргөлдөөн ихтэй Ойрхи Дорнодод аль болохоор төвийг сахисан бодлого баримтлаж ирсэн Оман улс тус бүс нутагт  тогтвортой байдлыг хадгалахад идэвхтэй оролцогч юм. Оман улс Ойрхи Дорнодын дайсагч орнуудын хооронд зуучлагчаар ажиллаж байсан тохиолдол цөөнгүй.

Тус улсын шинэ султан Хайтем Оман улс гадны ямар нэгэн орноос хараат бус, бие даасан бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ онцолсон байна. 1980 оны Иран, Иракийн хоорондох дайны гал зогсоох хэлэлцээнд Оман улс чухал үүрэг гүйцэтгэж байсан бол 2015 оны байгуулагдсан Иран болон АНУ-ын хоорондох цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэд хэдэн нууц яриа хэлэлцээ мөн л Оманд зохион байгуулагдаж байжээ. Кабус бен Саид нь 1970 онд төрийн эргэлт явуулж, Оманы удирдагч болсноос хойш саяхныг хүртэл буюу хагас зууны турш улсаа удирдсан юм. Түүнд зориулсан гурван өдрийн гашуудал Оманд зарлагдаад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оман улс шинэ султантай боллоо  
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй