Шууд Chart

Дональд Трампад хариуцлага тооцох шүүх хурал ойрын өдрүүдэд эхлэх төлөвтэй байна

2020-01-14 17:00:14

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад хариуцлага тооцох шүүх хурал ойрын өдрүүдэд эхлэх төлөвтэй байна гэж Америкийн хэвлэлүүд бичиж байна. Зарим хэвлэлд бичсэнээр Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Засгийн газарт шахалт үзүүлж, давуу байдал бүрдүүлсэн гэх энэ хэргээр түүнд хариуцлага тооцох парламентын дээд танхимын шүүх хурлыг энэ сарын 21-ний мягмар гарагт эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар эрх баригч Бүгд найрамдах намын сенатын гишүүд мэдээлсэн байна.

Мөн Дональд Трамп одоогоор шүүх хуралд өөрийг нь өмгөөлөх хуульчдын багт ямар хүмүүсийг бүрдүүлэх гэж байгаагаа хараахан шийдэж амжаагүй байгаагаас гадна тэрбээр өөрийнх нь эсрэг шүүх хурал сенатад өрнөж байх хооронд ирэх долоо хоногийн эхээр Швейцарьт болох "Давосын дэлхийн эдийн засгийн чуулган"-д оролцохоор төлөвлөжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Харвардын их сургуулийн профессор Алан Дершовицыг Цагаан ордны тэргүүн өөрийг нь өмгөөлөх хуулийн багийн бүрэлдэхүүнд багтаахаар төлөвлөж буй юм байна. АНУ-ын Ерөнхийлөгчид хариуцлага тооцох шүүх хурлыг Дээд танхим нь гэрчийн мэдүүлэггүйгээр явуулахаар төлөвлөснөөс болоод Төлөөлөгчдийн танхим түүний эсрэг ялын тогтоолыг өргөн барилгүй хүлээлгэх болсон. Харин хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Доод танхмын дарга Ненси Пелоси энэ долоо хоногийн дундуур тогтоолыг өргөн барихаар төлөвлөж байгаа юм байна.

Энэ зуурт АНУ-ын Ерөнхийлөгчид хариуцлага тооцолгүйгээр цагаатгахаар чармайж байгаа Бүгд найрамдахчууд, Дональд Трампын эсрэг доод танхимын тогтоолыг хэрэгсэхгүй болгохоос татгалзаж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Төлөөлөгчдийн танхимаас гаргасан тогтоолын дагуу Дээд танхим нь хуралдаж шүүх хурал явуулахдаа, өөрийг нь хаацайлаад гарахыг хүсч байсан бол хариуцлага тооцох тухай уг тогтоолыг сенат дийлэнх олонхоороо хэрэгсэхгүй болгохыг хүссэнээ өнгөрөгч амралтын өдрүүдэд илэрхийлсэн байна. Парламентын дээд танхимын дийлэнх олонхыг бүрдүүлдэг Бүгд найрамдахчууд, тэр дундаа сенатын танхимын дарга Мич Мак-Коннелл түүнийг ялаас аваад гарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа ч, ялын тогтоолыг ор тас хэрэгсэхгүй болгох боломжгүй гэдгээ Америкийн хэвлэлүүдэд илэрхийлжээ. Учир нь Бүгд найрамдахчууд сенатад 53-уулаа буюу олонхыг бүрдүүлдэг ч, Цагаан ордны тэргүүнд хариуцлага тооцож ял хүлээлгэх энэ хэргийг хэрэгсэхгүй болгоход 51 хүний дэмжлэг хэрэгтэй. Гэтэл ялангуяа дахин сонгогдох нь эргэлзээтэй гишүүдийн хувьд ийм хэмжээнд хүртэл дэмжлэг үзүүлэх боломжгүй гэсэн тайлбар байна. 

Мөн шүүх хурлыг гэрчүүдээс мэдүүлэг авахгүйгээр явуулах нь Сенатын танхимыг "инээдмийн жүжиг" шиг харагдуулна гэж эрх баригчдын талын зарим улстөрч ярьжээ. АНУ-д өрнөж байгаа улс төрийн энэ үйл явдлын хажуугаар АНУ-ын Ерөнхийлөгчийн хэрэгтэй холбогдоод Украины байгалийн хийн "Буризма" компанид Оросын хакерууд халдсан гэх мэдээлэл гараад байна.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трампад хариуцлага тооцох шүүх хурал ойрын өдрүүдэд эхлэх төлөвтэй байна  
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй