Шууд Chart

Дэлхийн өр дээд хэмжээндээ хүрчээ

2020-01-15 09:15:16

Дэлхийн улс орнуудын нийт өр зээл дээд хэмжээндээ хүрээд байгааг Си Си Эн агентлаг онцолсон байна. 2019 онд дэлхийн өр 9 триллион ам.доллараар нэмэгджээ. Дэлхийн өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах юм бол 322 хувьд хүрч байгаа юм. Айл өрх, засгийн газар болон хувийн компаниудын зээлийг багтаасан дэлхийн өр 2019 онд 9 триллион ам.доллараар нэмэгдэж, нийт 253 триллион ам.доллар болоод байгаа юм. Олон улсын санхүүгийн институтийн судалгаагаар 2019 оны эхний 9 сарын дотор дэлхий өр 250 триллион ам.долларыг давсан гэдгийг онцолжээ. Энэ өрийн ихэнх нь хөгжингүй орнууд болох АНУ, Европын орнуудад харьяалагдаж байна. Шинэ Зеланд, Швейцар болон Норвеги гэсэн орнуудад өрх айлуудын зээлийн түвшин нэмэгдсэн бол АНУ, Австралийн засгийн газрын өр дээд хэмжээндээ хүрчээ. Харин хөгжиж орнуудын хувьд нийт 72 триллион буюу харьцангуй бага байна. Гэхдээ зарим хөгжиж орнуудын өрийн түвшин сүүлийн үед хурдацтай нэмэгдэж байгааг анхааруулжээ.

Тухайлбал, Хятадын нийт өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцах хувь 310 болоод байгаа төдийгүй хөгжиж буй орнуудын дундаа хамгийн өндөрт тооцогдож байна. 2020 оны эхний улиралд дэлхийн өр 257 триллион ам.долларыг давах төлөвтэй байгааг судалгааны байгууллагаас онцолжээ. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаас үүдэн улс орнуудын өрийн түвшин нэмэгдэхээр байна. НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын дагуу 2030 онд 42 триллион ам.долларыг дэд бүтцийн хөгжилд зарцуулах ёстой. Тэгэхээр одоогоор бага хэмжээний зээлтэй байгаа орнууд байгаль орчны хөтөлбөр, дэд бүтэц зарцуулах хөрөнгө нэмэгдүүлэх шаардлагатай тулгарч байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн өр дээд хэмжээндээ хүрчээ  
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй