Шууд Chart

АНУ, БНХАУ-ын худалдааны эхний шатны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурна

2020-01-15 11:25:56

АНУ, БНХАУ-ын худалдааны дайныг эцэслэх зорилготой яриа хэлэлцээний эхний үр дүн өнөөдөр гарна. Тодруулбал, хоёр талын төлөөлөгчид өнөөдөр Вашингтон хотноо худалдааны эхний шатны гэрээнд гарын үсгээ зурна. Хятадын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид Вашингтон хотод ирээд байна.

Хоёр тал ийм тохиролцоонд хүрснийг өнгөрсөн оны 12 дугаар сард мэдээлсэн. Анх Хятадын худалдааны яамнаас Худалдаа, эдийн засгийн гэрээний эхний хэсгийн заалтууд, агуулгуудыг АНУ-тай тохиролцоод байгаагаа мэдэгдсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп удалгүй "твиттер" хуудсаараа дамжуулан баталсан юм. Гэхдээ хоёр тал гэрээнд багтсан тохиролцоонуудын талаар тодорхой мэдээлэл өгөхөөс зайлсхийж ирсэн.

Тэгвэл хэвлэлүүдээр эхний шатны гэрээнд зааснаар БНХАУ АНУ-ын бараа бүтээгдэхүүний тэр дундаа ХАА-н бараа бүтээгдэхүүний импортоо эрс нэмэгдүүлэхээр болж байгаа гэж бичиж байна. Бүр тодруулбал, Бээжин ирэх хоёр жилийн хугацаанд Америкийн дөрвөн салбарын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг худалдан авах үүрэг хүлээж буй юм байна. Үүний 75 тэрбум ам.долларыг аж үйлдвэрийн, 50 тэрбумыг эрчим хүчний эх үүсвэрүүд, 40 тэрбумыг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулж, 35-40 тэрбумыг Америкийн үйлчилгээний салбарт зарцуулна гэсэн нарийн тооцоог "Соуф Чайна Морнинг Пост" мэдээлж байна.

Гэсэн ч Вашингтон Хятадын 250 тэрбум ам.долларын браа бүтээгдэхүүнд 25 хувийн импортын Гаалийн татвар ногдуулах шийдвэрээ хэвээр нь үлдээх тохиролцоонд хүрсэн байна. Харин 120 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнийх нь татварыг хоёр дахин буюу 7.5 хувь хүртэл бууруулахаар болжээ. Ийнхүү хоёр тал эхний шатны гэрээгээ байгуулахаас өмнө АНУ-ын Сангийн яам Хятадыг валютын манипуляторуудын хар жагсаалтаасаа гаргасан тухай мэдээлж байна.

БНХАУ зах зээлийн механизмуудад үзүүлэх дарамт шахалтаа бууруулах чиглэлээр тодорхой алхмууд хийхийг зөвшөөрсөн тул ийм шийдвэр гаргасныг АНУ-ын Сангийн яамны сайтад байршуулсан мэдэгдэлд өгүүлсэн байна. Мөн БНХАУ-аас үндэсний мөнгөн тэмдэгт юанийнхаа ханшийг зохиомлоор бага түвшинд барихаа зогсоож, гадны хөрөнгө оруулагчдад зах зээлээ нээж өгнө гэж хүлээж байгааг тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн оны наймдугаар сард БНХАУ юанийн ханшаа хэт бууруулахаар шийдвэрлэсний дараа АНУ тус улсыг валютын ханшийн өсөлт, бууралтад зохиомлоор нөлөөлөгч орнуудын жагсаалтад оруулсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, БНХАУ-ын худалдааны эхний шатны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурна   
Үзсэн: 261 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй