Шууд Chart

Тайландад короновирусын халдвар авсан тохиолдол бүртгэгджээ

2020-01-15 11:54:54

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Хятад төдийгүй Тайландад короновирусын халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Онц байдлын хорооны шуурхай хуралдааныг зарлан хуралдуулж магадгүй байна. Энэ тухай тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд тэмдэглэжээ. Тайландад энэ вирусын халдвар авсан эхний тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын "Нэшн" сонин анх мэдээлсэн юм.

Шинэ төрлийн короновирусын халдвар авсан хүн нь Ухань хотоос ирсэн 61 настай Хятадын иргэн болохыг мэдээлж байна. Түүний биеийн байдал хүнд биш. Эмнэлгээс гарч Хятад руу буцахад бэлэн байгаа юм байна. Тайландын Эрүүл мэндийн сайд олон нийтэд хандаж үймэж сандарч, элдэв цуу худал мэдээлэл тараахгүй байхыг уриалсан байна.

Эрүүлийг хамгаалах яамныхан онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд бэлэн байгаа гэдгээ хэлж байна. Мөн олон улсын стандартын дагуу оношлогоо, үйлчилгээндээ онцгой анхаарч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай нягт холбоотой ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна. Шинэ төрлийн вирусын халдварт өвчний тохиолдол илэрсэн учир Тайландын Суваннапхум, Донмыанг, Пукет Чиангмай нисэх онгоцны буудлуудад Ухань хотоос нисч ирсэн хүмүүст үзлэг хийж байна. Мөн хувийн боон улсын бүх эмнэлгүүдийн хяналтыг чангатгаад байна.

Тайландад нийт 12 хүнд энэ өвчний шинж тэмдэг илэрсэн боловч короновирусын халдвар биш болох нь батлагдсан байна. Харин короновирусын халдвар авсан нэг хүн Хятадын Ухань хотоос энэ сарын 8-ны өдөр Суваннапхум нисэх онгоцны буудалд ирсэн байсныг халуун хэмжигч сканнерийн тусламжтайгаар тогтоож нарийн шинжилгээ, эмчилгээнд хамруулсан байна. Үүний өмнө энэ вирусын халдварын 38 тохиолдол Хонгконгод, Сингапур, Өмнөд Солонгост нэг, нэг бүртгэгдсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Харин мэргэжилтнүүд Хятадад удахгүй тус улсын Цагаан сар болох гэж байгаатай холбоотойгоор шилжилт хөдөлгөөн асар их нэмэгдэж халдвар тархах вий гэдгээс болгоомжилж байна. Тиймээс дотоод, гадаадын аялагч жуулчдад халдварт өвчнөөс сэргийлж хувийн ариун цэврийг сахиж, гараа тогтмол, сайтар угааж байхыг сануулж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тайландад короновирусын халдвар авсан тохиолдол бүртгэгджээ   
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй