Шууд Chart

Б.Ариун-Эрдэнэ: Самбо бөхийн шигшээ багаа УАШТ-ий дараа бүрдүүлнэ

2020-01-15 12:41:47

Б.Ариун-Эрдэнэ: Самбо бөхийн шигшээ багаа УАШТ-ий дараа бүрдүүлнэ

Самбо бөхийн УАШТ нөгөөдөр Спортын төв ордонд эхлэх гэж байгаа бол маргааш жингийн үзлэг болно. Иймд тус тэмцээний талаар Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, самбо бөхийн улсын 13 удаагийн аварга Б.Ариун-Эрдэнэнээс дараах асуултад тодруулга авсан юм.

-Энэ жилийн тэмцээн хэддэх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа вэ?

-Гурван тоо гардаг юм. Тодруулбал эрэгтэй 50, эмэгтэй 25, байлдааны самбо бөхийн 12 дахь удаагийн тэмцээн болох гэж байна.

-Өнгөрсөн жил хэдэн байгууллагын хэдэн тамирчин оролцсон бэ?

-30-аад байгууллагын 550 орчим тамирчин өрсөлдсөн. Энэ жил ч гэсэн ийм хэмжээний тамирчин оролцох болов уу. Ямартай ч бид энэ жилээс ДАШТ-ий стандартын дагуу зохион байгуулахаар ажиллаж байна.

-Жингийн хувьд ...

-Эрэгтэй 52, 57, 62, 68, 74, 82, 90, 100, +100. Мөн байлдааны самбо бөхийн төрөл ч ижил жинд явагдана. Харин эмэгтэйчүүд 48, 52, 56, 60, 64, 68, 72, 90, +90 гэсэн жинд хүч үзэх юм.

-Эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жинд түрүүлсэн тамирчинг Беларусь Улсын "Белаз" брэндийн автомашиныг Монгол Улсад нийлүүлдэг "Юнайтед Белаз Машинери" компани цалинжуулахаар амласан юм билээ ...

-Тийм. Самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, Беларусь Улсын иргэн Владимир Геннадьевич Япринцев манай улсад хүрэлцэн ирж, тамирчдын бэлтгэлтэй танилцаж байгаа. Энэ хүн самбо бөхийн «Мы родом из самбо» ТББ-ыг удирддаг бөгөөд уул уурхайн хүнд даацын машин механизм үйлдвэрлэдэг Беларусийн "Белаз" брэндийн автомашиныг Монгол Улсад нийлүүлдэг "Юнайтед Белаз Машинери" компанийн сурталчилдаг. Уг ажлынхаа хүрээнд энэ жилийн УАШТ-д түрүүлсэн 12 тамирчныг сарын 700 мянган төгрөгөөр цалинжуулахаа амласан. Мөн Монгол Улсын самбо бөхийн шигшээ баг бүрдэнэ гэсэн үг. Өмнө нь манай улс энэ бөхийн төрөлд шигшээ баг албан ёсоор бүрдүүлж, цалинжуулж байгаагүй юм.  

-Үүнээс гадна энэ сарын 14, 15-нд Монгол Улсын шүүгч, багш, дасгалжуулагч нарын дунд семинар зохион байгуулах юм билээ ...

-Тийм. Олон улсын самбо бөхийн холбооны /FIAS/ шүүгч, самбо бөхийн европ, дэлхийн аварга, Болгар улсын иргэн Иван Нетов урилгаар хүрэлцэн ирж, манай улсад долоо хоног ажиллах хугацаандаа дээрх арга хэмжээг зохион байгуулах юм. Иван Нетов нь самбо бөхөөс гадна жүдо бөхөөр 1992, 1996 оны зуны олимпод оролцож байсан юм.

-УАШТ-ий дараа манай улсын тамирчдыг ямар тэмцээн хүлээж байгаа вэ?

-Хамгийн эхэнд “Ерөнхийлөгчийн цом”-ын тэмцээн ирэх намар болно. 80 мянган ам.долларын шагналын сантай энэхүү багийн тэмцээн энэ жил хоёр дахь удаагаа болох гэж байна. Эрэгтэй, эмэгтэй болон байлдааны гэсэн төрөлд, гурван жинд явагдана.

-Олон улсын тэмцээний хувьд онцловол ...

-Беларусь Улсын нийслэл Минск хотод “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх тэмцээн ирэх хоёрдугаар сарын 20-21-нд болно. Үүнд УАШТ-д жин тус бүрд түрүүлсэн тамирчид оролцох юм. Дээрх тэмцээнд манай улсын тамирчид сүүлийн хоёр жил оролцоод байгаа. Тодруулбал, 2018 онд эмэгтэйчүүдийн 68 кг-д Ц.Батцэцэг, 48 кг-д Н.Наранцэцэг нар алт, эрэгтэйчүүдийн 82 кг-д Б.Гаажадамба мөнгө, 52 кг-д Ш.Эрдэнэбаатар хүрэл медаль хүртэж байсан. Харин 2019 онд эрэгтэйчүүдийн 74 кг-д Н.Хадбаатар, 68 кг-д Д.Алтансүх, эмэгтэйчүүдийн 68 кг-д Ц.Батцэцэг нар алт, эмэгтэйчүүдийн 56 кг-д Ч.Аззаяа, эрэгтэйчүүдийн 62 кг-д Л.Өнөболд нар мөнгө, +100 кг-д Б.Пүрэвдорж, 100 кг-д Б.Серик, 48 кг-д Б.Ойдовчимэд, байлдааны самбо бөхийн 62 кг-д Ц.Төгсболд хүрэл медаль хүртэж байлаа. Тиймээс энэ жил ч гэсэн манай тамирчид илүү их амжилт үзүүлнэ байх гэсэн итгэл дүүрэн байна.

-ОХУ-ын нийслэл Москва хотод болох “Дэлхийн цом”-д оролцох уу?

-Оролцоно. Гэхдээ өмнөх тэмцээнүүдэд тамирчид хэрхэн оролцсоноос нь шалтгаалж, хэн хэнийг өрсөлдүүлэхээ сонгоно. Таны хэлсэн тэмцээн ирэх гуравдугаар сарын 20-22-нд болох юм. Дараа нь буюу ирэх дөрөвдүгээр сарын 25-27-нд ОХУ-д В.Потаповын нэрэмжит тэмцээн, Францын нийслэл Парис хотноо ирэх тавдугаар сарын 30-нд гран при, долоодугаар сард Индонезид Ази тивийн АШТ, аравдугаар сарын 9-11-нд Новосибирск хотод өсвөр залуучуудын ДАШТ, аравдугаар сарын 24-25-нд Голландад ахмадын ДАШТ, арваннэгдүгээр сарын 6-8-нд Туркместаны нийслэл Ашгабат хотод насанд хүрэгчдийн ДАШТ, уг сарын 23-25-нд сурагчийн ДАШТ Армен улсад болно. Эдгээр тэмцээнд тамирчдаа аль болох оролцуулахыг хичээнэ ээ.

-Ярилцсанд баярлалаа.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Ариун-Эрдэнэ: Самбо бөхийн шигшээ багаа УАШТ-ий дараа бүрдүүлнэ  
Үзсэн: 1272 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Chak [127.0.0.xxx] 2020-01-15 15:48
Nza daan ajiliin amjilt husie
Chak [127.0.0.xxx] 2020-01-15 15:48
Nza daan ajiliin amjilt husie

Бидэнтэй нэгдээрэй