Шууд Chart

Хилийн чанад дахь Монгол Улсын иргэн УИХ-ын 2020 оны сонгуульд санал өгөхгүй

2020-01-15 16:23:18

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын ээлжит 2020 оны сонгуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулан сонгууль зохион байгуулах үйл явцад хуулиар үүрэг хүлээн оролцдог төрийн байгууллагуудтай хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сонгуулийн бэлтгэл ажил болон бусад асуудлаар мэдээлэл хийв.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хийсэн мэдээлэлдээ, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны ээлжит сонгуулийн тухай хуулийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан. Хуультай холбогдуулан хоёр ажлын хэсэг ажиллаж, дэд ажлын хэсгийн гишүүдээр Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Улсын Дээд шүүх, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл оролцуулан ажиллаж байна. Ажлын хэсэг хоёр жилийн өмнө байгуулагдаж, өмнөх сонгуулийн тухай хуулиудтай харьцуулахад харьцангуй чамбай хууль болсон гэдгийг тодотгож байв. 12 бүлэг, 83 зүйлтэй Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай уг хууль өмнө нь тулгарч байсан хүндрэл, зөрчлийг арилгах, зардал бууруулах зохицуулалтыг хийснээрээ онцлого хууль батлагдсан болохыг онцолж байв. Тухайлбал,  нэр дэвшигч үнэмлэхээ аваад сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэхийн тулд дөрөв хоног хүлээдэг байсныг болиулж, сонгуулийн сурталчилгааг үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлэх зохицуулалт орсон. Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийг сонгууль зохион байгуулах үйл явцад хуулиар үүрэг хүлээн оролцдог 6 байгууллага арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хуульчилсан болно гэлээ.

Мэдээллийн дараа иргэний шилжилт хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс зогсоохтой холбогдуулан улсын бүртгэлийн системд өөрчлөлт орох эсэх талаар сэтгүүлчид Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржоос тодруулсан юм. Тэрбээр, улсын бүртгэлийн байгууллага 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиас эхлэн биеийн давхцахгүй өгөгдөл буюу тухайн иргэн хурууны хээгээ бүртгүүлж сонгуульд саналаа өгөх системийг нэвтрүүлж эхэлсэн, уг системд өөрчлөлт орохгүй гэв. Мөн иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж хуульд заасан гэв.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд туссан онцлог зохицуулалтуудын талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад дээрх төрийн байгууллагуудын төлөөлөл тус тусын хариуцах ажлын чиглэлээр тодорхой хариулт өглөө гэж УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтсээс мэдээлэв.


Хилийн чанад дахь Монгол Улсын иргэн УИХ-ын 2020 оны сонгуульд санал өгөхгүй  
Үзсэн: 306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй