Шууд Chart

Энэ өвөл болох мөсний баярын хуваарийг танилцуулж байна

2020-01-15 16:44:33

Өвлийн улиралд олон зуун жуулчныг татах гол арга хэмжээний нэг бол мөсний баяр. Иймд уншигч танаа энэ өвөл болох мөсний баярын арга хэмжээ хаана хаана болохоор тогтсоныг хүргэе.

“Хөх сувд”-ны баяр Хатгал тосгоны хүй толгойд болно

Мөсний_баяр1

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг мөсний баяр ирэх гуравдугаар сарын 2-3-нд Хатгал тосгоны Хүй толгойд болно. Өнөөдрийн байдлаар баяр болох газрын мөсний зузаан 90 см, Хүслийн хад орчимд 53 см байна. Мөсөн хотхоныг “Хөх сувдны орон” нэрийн дор урлах бөгөөд мөсөн урлан, логоны загвар боловсруулах уралдааныг нээлттэй зарласан байна.

Энэ жилийн хувьд мөсөн хотхоны талбайг томруулж иргэдийн үзэх, харах, зураг авахуулах мөсөн урланг нэмэгдүүлж, насны ангилалтай гурван төрлийн мөсөн гулгуурыг хийхээр төлөвлөж байна. Мөн автомашинуудыг хуурай газарт байрлуулж, Хүслийн хад руу очих иргэдийг тусгай тэмдэглэгээ бүхий маршрутаар зорчуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхааран ажиллах ажээ.

"Түйн голын жавар-2020” өвлийн наадам

77354421_2973972455965608_7932717833077653504_o1

Баянхонгор аймгийн ЗДТГ-аас Хонгор нутгийн өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн "Түйн голын жавар-2020” өвлийн наадмыг жил бүр зохион байгуулдаг болоод удаж байна. Тэгвэл энэ жилийн өвлийн наадам Түйн голын мөсөн дээр ирэх хоёрдугаар сарын 7, 8-нд зохион байгуулагдахаар болжээ.

“Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр ирэх гуравдугаар сард болно

75450041_2973971922632328_7562746176219381760_o1

“Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг хоёр жил тутамд Монгол Улсын үзэсгэлэнт байгальтай газруудын нэг болох Ховд аймагт зохион байгуулдаг. Тус баярын үеэр Монголын уламжлалт тэмцээний нэг болох “Урианхай сурын харваа” болдгоороо онцлогтой. Мөн тэмээн буухиа, цасны сүмо зэрэг уралдаанаас гадна үндэстэн ястны онцлогийг түлхүү харуулсан олон уралдаан тэмцээн болно. Ховд аймгийн Буянт суманд ирэх гуравдугаар сарын 7, 8-нд “Мөнгөлөг шагшуурга” цас, мөсний баяр болно хэмээн БОАЖЯ-наас зарласан бол тус аймгийн зүгээс Хар-Ус нуурын мөсний зузаанаас шалтгаалан зохион байгуулах өдрөө тогтоно гэлээ.

Тамирын жавар мөсний баяр

6fe6e42f-dd3b-4ed8-971f-8466c12cbdce

Архангай аймгийн ЗДТГ-аас Тамирын жавар мөсний баярын арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жил тус аймгийн Эрдэнбулган суманд “Тамирын жавар” арга хэмжээ энэ сарын 18-нд болох юм. Уг мөсний баяраар үндэснийхээ хувцсаар гоёж ирсэн байгууллага, иргэдийн дунд кирлингийн ААШТ, сонирхогчдын мөсөн шагайн харваа, сонирхогчдын мөсөн сурын харваа, хийн буудлага зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулдаг ажээ. 

Мөсөн сур харваа тэмцээн болно

27541083_1646760575409158_6259756582759677335_n

Баян-Өлгий аймагт ирэх сарын 2-7-нд Толбо нууранд Алтайн Урианхайн мөсөн сур харваа тэмцээн болно. Энэхүү тэмцээнд цэц мэргэнээ сорихоор нийслэл, орон нутгаас харваачид зорин очдог ажээ.

Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд энэ сарын 29-нд “Мөсний баяр” эвент арга хэмжээ болохоор тогтжээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Энэ өвөл болох мөсний баярын хуваарийг танилцуулж байна  
Үзсэн: 2437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй