Шууд Chart

Коизүми Шинжиро эцгийн амралт авч буй анхны сайд болно

2020-01-17 10:41:56

Японы Байгаль орчны сайд Коизүми Шинжиро аав болсны амралтаа авахаар төлөвлөж байгааг мэдээлжээ. Ажлын ачаалал, дэг жаягийн улмаас Японд аавууд ийм төрлийн амралт авах нь тун ховор үзэгдэл юм. Японы Байгаль орчны сайд Коизүзми Шинжирогийн эхнэр энэ сарын сүүлчээр амаржих юм байна.

Тун удахгүй аав болох Коизүми хүүхдээ мэндэлсний дараах эхний нэг сарын дотор хоёр долоо хоногийн хугацаатай амралт авахаар төлөвлөж байгаагаа мэдээлжээ. Японы төрийн өндөр албан тушаалыг хашиж байгаа эрэгтэйчүүдээс аав болсны амралтыг авч байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Харин Японы улс төрд нэр хүнд нь огцом өсч буй Коизүми Шинжиро шүүмжлэлийг үл харгалзан эцгийн амралтыг авч буй анхны сайд болохоор байна.

Хуулийн дагуу бол Японд шинэ хүүхэдтэй болсон аав, ээжүүд нэг жилийн хугацаатай амралт авах эрхтэй байдаг. Гэхдээ ажлын ачаалал, тэр дундаа Японы нийгмийн дунд тогтсон ажлын дэгтэй холбоотойгоор 2018 онд аав болсон эрчүүдийн ердөө зургаан хувь нь л эцгийн амралтыг авсан байна.

Харин 2018 онд ээж болсон эмэгтэйчүүдийн 82 хувь нь амралтаа авчээ. Коизүми эцгийн амралттай байх хугацаандаа ажил хэргээ е-мэйл хаяг болон видео уулзалт хийх зэргээр зохицуулна гэж мэдэгдсэн байна. Гэхдээ тэрбээр парламентын чуулган зэрэг зарим чухал үйл явдалд биечлэн оролцохоо мэдэгджээ.

Коизүми өдгөө 42 настай, телевизийн хөтлөгч Чристел Такигаватай гэр бүл болсон юм. Ерөнхий сайд Абэ Шинзогийн улс төрийн үйл хэргийг залгамжлагч гэгдэх болсон Коизүми нь Ерөнхий сайд асан Коизүми Жүн-Ичирогийн хоёр дахь хүү юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Коизүми Шинжиро эцгийн амралт авч буй анхны сайд болно   
Үзсэн: 215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй